Хойд Америкаас хаялга хүртэх үе

Хөрөнгө оруулалт


Дэлхийн чинээлэг бүс нутгаас хөрөнгө татах боломж бүрдлээ

Төв Азийн Монгол Улс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын Хойд Америкийн орнуудтай хэлхээ холбоогоо тэлэх ховорхон боломж нээгдлээ Учир нь Монгол Улс Хойд Америкаас мөнгө татах хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлээд байна. Монгол Улс энэ бүс нутгийн нэрийн хуудас болсон АНУ-тай Ил тод байдлын хэлэлцээр, Канадтай Хөрөнгө оруулалтын хэлэлцээр тус тус байгууллаа. Ийнхүү эрх зүйн орчин бүрдсэнээр дэлхийн чинээлэг бүс нутгаас хөрөнгө татаж, худалдаагаа тэтгэх боломжтой болов.

Америк, Монголын хооронд байгуулсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах хэлэлцээр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэлийг нэмнэ гэдгийг албаныхан онцолж байна. Өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн уг хэлэлцээр хоёр орны түншлэл, харилцан ойлголцол, итгэлцлийн нэг баталгаа болох аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жонн Керри өнгөрсөн оны зургадгаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ “Ардчилсан улс эдийн засгаа илүү нээлттэй байлгах хэрэгтэй болдог. Үүний тулд ил тод, нээлттэй байх нь чухал. Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь гадаадын хөрөнгө оруулалт татахад маш чухал алхам болно” хэмээн өгүүлж байв. Энэ хэлэлцээрийн хүрээнд хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авлигатай тэмцэх үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, ил тод болсноор итгэлийг бэхжүүлэх аж. Ингэснээр Монгол Улс бизнест нээлттэй гэсэн дохиог АНУ-д илгээнэ. Улмаар дэлхийн тэргүүлэх эдийн засгаас хөрөнгө оруулалт татна. Цаашлаад хоёр улс чөлөөт худалдааны гэрээ байгуулахад түлхэц, суурь болно гэж албаныхан үзэж байна. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт өнөө хэр чамлалттай байгааг хэн хэн нь хүлээн зөвшөөрдөг. Монголоос АНУ-ыг чиглэх худалдаа 10 сая ам.доллараар хэмжигдэж байна. Харин эрх чөлөөний орноос манайхыг чиглэх үзүүлэлт үүнээс 13 дахин илүү. Уг нь хоёр улсад сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Энэ хэлэлцээртэй зэрэгцээд АНУ-ын бидэнд өгсөн боломжийг алдсан бараан түүхийг ч мартаж болохгүй. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, хаалттай худалдаагаа дэлгэж, чөлөөт зах зээлд нэгдсэнийг нь урамшуулан, АНУ-аас Монголд экспортын эрх олгосон. Тус улс нэхмэл, оёмол эдлэл нийлүүлэх эрхийг Монгол Улсад олгож, худалдааны нэн таатай нөхцөл амласан. Гэвч тухайн үед манай төрийн өмчит үйлдвэрүүдийн дийлэнх нь хаагдаж, үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ нуран уначихаад байсан тул бид экспортын эрхээ бүрэн ашиглаж чадаагүйг учир мэдэх хүмүүс хэлдэг. Харин бидний алдсан боломжийг хятадууд овжиноор ашиглаж, өмнөд хөршийн бизнес эрхлэгчид манайд орж ирсэн. Тэд манай нэхмэл, оёдлын салбарт хөрөнгө оруулж, үйлдвэрлэл эрхлэн, Америк руу экспорт хийсэн байдаг. Тухайн үед АНУ гадаад орнуудад импортын квот олгож, үүнийхээ дагуу худалдаа хийдэг байв. Тус улсын Хятадад олгосон импортын эрх цөм эзэнтэй болсон.

Гол нь үүнийг алдалгүй ашиглах, зогсолтгүй хэрэгжүүлэх нь биднээс хамаарна

Харин энэ квотоос гээгдэж үлдсэн урд хөршийн тоглогчид нь манайд ирж, Монголын эрхийг ашигласан удаатай. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хэмээх нэрээр халхавч хийн, үйлдвэрлэл эрхэлсэн аж. Албаны мэдээллээр энэ үед нэхмэл, оёдлын үйлдвэрийн тоо бараг 300-д дөхсөн байна. Дийлэнх нь хятад эзэнтэй. Эдгээр үйлдвэр “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго наагаад, АНУ руу гаргадаг байжээ.

Бид экспортын эрхээ эдэлж амжаагүй байтал хугацаа нь дууссан. Төд удалгүй Америк улс квотын системээ халсан байдаг. Ингээд тус улсад худалдаа хийх эрхийг улс бүрт чөлөөтэй олгосон. Квотод хүлэгдээд байсан Хятад ч энэ боломжийг ашиглан зах зээлээ тэлсэн юм. Одоогийн байдлаар АНУ-ын нэхмэл сүлжмэлийн зах зээлийн 60 хувийг Хятад улс эзэлчихээд байна. Араас нь Энэтхэг 30 хувийг бүрдүүлдэг. Үлдсэн 10 хувийг Бангладеш тэргүүтэй хэдэн улс хуваан авдаг. Энэ бараан түүхийг сөхсөний учир нь их гүрэн дахин бидэнд итгэл хүлээлгээд эхэллээ. Үүнийг нь алдалгүй ашиглаж, худалдаа, хөрөнгө оруулалтаа тэтгэх нь чухал болоод байна.

АНУ-аас гадна Канад улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Тэр тусмаа Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчноо тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр ажиллаж буй энэ цаг үед уг хэлэлцээр чухал болох нь дамжиггүй. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар манай улсыг чиглэсэн Канадын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 170 сая ам.доллараар өсөж, 272 сая ам.долларт хүрчээ.

Ийнхүү хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлийн хувьд Хойд Америк бидэнд үүдээ дэлгээд байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг эгнээндээ нэгтгэсэн Хойд Америкийн хоёр их гүрнээс хөрөнгө оруулалт татах үндэс, суурь нь улам батажлаа. Гол нь үүнийг алдалгүй ашиглах, зогсолтгүй хэрэгжүүлэх нь түнш улсуудаас гадна биднээс хамгийн их хамаарна. Ялангуяа, манай төр, засгаас хөрөнгө оруулагчдыг хамгаалж, дэмжинэ гэдгээ амлаад байгаа энэ үед Хойд Америктай хийх хамтын ажиллагаа Монголын баталгаа болно. Бид амласнаа биелүүлж, бизнесийн дүрмээр тоглож, боломжит, таатай нөхцөлүүдийг санал болгож чадвал дэлхийн хамгийн чинээлэг бүс нутгийн нэг болох Хойд Америкаас хөрөнгө татах боломж бүрдчихээд байна.




САНАЛ БОЛГОХ