Ерөнхий сайдыг намрын чуулганаар томилно

Засгийн газар


Ерөнхийлөгчийн саналаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зарлан хуралдуулахыг хүссэн албан бичгийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Тэрбээр аль нэг намын дотоод асуудлаас үүдэн төрийн ажил цалгардах ёсгүйг онцолж, яаралтай Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох шаардлагатай байгааг албан бичигтээ тодотгосон.

Уг албан бичигт намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардахад хүрээд буйг онцолсон. Энэхүү нөхцөл байдал нь нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж, шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байгааг дурджээ.

УИХ-ын тухай хуульд ээлжит Ерөнхий сайдыг намрын чуулганаар томилно бус чуулганыг нийт гишүүний гуравны нэг шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ- ын даргын санаачилгаар хуралдуулна хэмээн заасан байдаг. Гэхдээ ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж ээлжит бус чуулган зарлах ёстой юм. УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН- ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах Бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулах тов гаргасан. МАН- ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, УИХ-д өргөн мэдүүлсний дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах боломжтой болно. Тиймээс Ерөнхийлөгчийн саналаар өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй.

Бүлгийн хуралдаанаар нэгдсэн байр суурьт хүрчээ

Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр болон цаашид Засгийн газар байгуулахад бүлгийн гишүүдийнхээ санал бодлыг сонсчээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хуралдаанаар бид нэгдсэн байр суурьт хүрч чадлаа. Эв эеэ олж, өмнөх асуудлуудаар маргах биш урагшаа харж ажиллахаар санал нэгдлээ. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлах, Засгийн газрын гишүүдийг ямар шалгуураар сонгох талаар олон гишүүн санал хэлсэн. Саналуудыг нэгтгээд есдүгээр сарын 25-нд болох Бага хуралд бүлгийн гишүүдийн хэлснийг анхаарах талаар санал бодлоо солилцлоо. Удирдах зөвлөлийн шийдвэрээр Бага хурлын товыг зарласан. Бага хурлаар Ерөнхий сайдыг тодруулж, УИХ-ын намрын чуулганы эхний өдөр батламжилна. Үүний дараа аравдугаар сарын эхний арав хоногт Засгийн газрын гишүүдийг томилох асуудлаа хэлэлцэх зарчмын шийдэлд хүрснийг бүлгийн гишүүдэд хэлсэн. Нийгэмд МАН хоёр хуваагдаж, ан цав үүслээ гэсэн мэдээлэл их гарсан. Ийм зүйл байхгүй гэдгийг манай бүлгийн гишүүд тодорхой хэлж байгаа. Мэдээж бүлгийн гишүүдийн дунд Засгийн газрыг огцруулах, эс огцруулах асуудлаар бүлгийн гишүүд хуваагдаж, саналын зөрүүтэй байсан. Энэ бол манай бүлгийн хувьд шийдвэр гаргахад амаргүй асуудал байлаа. Засгийн газрыг огцруулах нь манай бүлэг, намыг хагаралдуулж байгаа асуудал биш. Бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь Засгийн газарт хариуцлага тооцох ёстой, нөгөө хэсэг нь цаашид Засгийн газраа дэмжиж ажиллах, улмаар чадваржуулах хэрэгтэй гэх саналаар бид ойлголцсон. Цаашид УИХ дахь МАН-ын бүлэг дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулна” гэв.


САНАЛ БОЛГОХ