Төсөөллөөс давсан нэг их наяд

Мөнгө ба бизнес


Төсвийн орлого 904 тэрбум төгрөгөөр давж, биелжээ

Төсвийн орлого төсөөллөөс давлаа. Төлөвлөснөөс ойролцоогоор их наяд төгрөгөөр илүү бүрдсэн таатай мэдээг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Тодруулбал, энэ оны эхний найман сарын байдлаар төсвийн орлого 904 тэрбум төгрөгөөр давж, биелжээ. Уг нь 3.5 гаруй их наяд төгрөгт хүрнэ хэмээн таамаглаж байсан төсвийн орлого даруй тэлж, 4.5 наяд төгрөг даваад байна. Төсөв ийнхүү таамгаас талийхад татварын орлого “тусалжээ”. Нийт орлогын 80 хувийг бүрдүүлдэг татварын орлого 763 тэрбум төгрөгөөр өссөн
Энэ үлэмж өсөлт төсвийн орлогод түлхэц болов. Татварын хэд, хэдэн төрөл мэдэгдэхүйц өслөө. Ялангуяа, орлогын албан татварын орлого 50 орчим хувь буюу 339 тэрбум төгрөгөөр дээшилж, нийт өсөлтийг дэмжив. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар 309.5, гадаад үйл ажиллагааны орлого 134.5, нийгмийн даатгалын орлого 51.8 тэрбум төгрөгөөр өсөж, улсын санг зузаатгасан байна. Албан мэдээллээр татвар тойрсон өсөлтийг нүүрс өдөөсөн юм. Тус түүхий эдийн үнэ болон экспортын хэмжээ ахисан нь уул уурхайн компаниудаас гадна улсын төсөвт хүртэл эергээр нөлөөлсөн байна.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниуд энэ оны эхний долоон сард 900 орчим тэрбум төгрөг татварт төлжээ. Бараг их наяд төгрөг шүргэж буй энэ мөнгө орон нутагт шингэдэг бусад төлбөр, хураамжийг тооцоогүй зөвхөн улсын төсвийг чиглэсэн уурхайн компаниудын татвар. Тэгвэл энэ мөнгө Монгол Улсын нийт татварын орлогын гуравны нэг буюу 30.7 хувийг бүрдүүлжээ. Үүнээс зэс болон нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудын төсөвт төлсөн татвар 800 тэрбум төгрөгт хүрлээ. Ялангуяа, нүүрсний А лицензтэй компаниуд долдугаар сарын байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 113.8 тэрбум төгрөг төлжээ. Төсвийн орлого төсөөллийг давснаар алдагдал ч буурлаа. Улсын нэгдсэн төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр буурсан гэж статистикийн байгууллага мэдээлэв.
Төсвийн орлого 900-гаад тэрбум төгрөгөөр давж, зарлага 326 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ хоёр хүчин зүйлс төсвийн алдагдлыг бууруулж, 577 тэрбум төгрөгт хүргэжээ.

• Татварын орлого 763 тэрбум төгрөгөөр өссөн. Энэ өсөлт төсвийн орлогод түлхэц болжээ.

• Төсвийн орлогын эерэг үзүүлэлт зөвхөн алдагдал бууруулаад зогсохгүй тооцоолж байсан өрийн хэмжээг ч бууруулах боломжтой.

• Төсвийн орлого дээшлэх тусам зарлага өсгөдөг нийтлэг дутагдал манай бодлого тодорхойлогчдод бий.

• Төсвийн зөвлөлийн хууль, эрхзүйн орчин бүрдээгүй.

Төсвийн зарлага буурч, таван их наяд төгрөгтэй тэнцэхэд эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл өнгөрсөн оны мөн үеийнхээс 362 тэрбум төгрөг буюу 74 хувиар буурсан нь нөлөөлөв. Гэхдээ хүүгийн зардал 188, урсгал зардал 130.5, тэрбум төгрөгөөр өссөн нь анхаарал татах үзүүлэлт. Төсвийн орлогын эерэг үзүүлэлт зөвхөн алдагдал бууруулаад зогсохгүй тооцоолж байсан өрийн хэмжээг ч бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын энэ онд авахаар төлөвлөсөн өр, төлбөрийн төдий чинээ буурна гэсэн үг юм. Үүнээс гадна Монгол Улс ирэх оны нэгдүгээр сард таван жилийн хугацаатай “Чингис” бондын эхний эргэн төлөлт хийх хуваарьтай. Таван жилийн өмнө олон улсын зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд барагдуулах ёстой. Үүнийг эргэн төлөх эх үүсвэр одоогоор тодорхойгүй байна. Хугацаа нь хоног хоногоор ойртож буй бондын эргэн төлөлт хийхээр Сангийн яам судалгаа хийж буйг албаны эх сурвалж мэдээлсэн. Ойрын хугацаанд олон улсын зах зээлээс шинэ эх үүсвэр татах хүлээлттэй байна. Ер нь төсөв тойрсон таатай мэдээтэй зэрэгцээд зарим эрсдэл“
ийг мартаж болохгүй. Төсвийн орлого дээшилснийг далимдуулан зарлага өсгөдөг нийтлэг дутагдал манай бодлого тодорхойлогчдод бий.

Төсвийн орлого ийнхүү таамгаас давахад татвар “тусалжээ”


Өөрөөр хэлбэл, олсныхоо хэрээр зарцуулж, төсвийг үлэмж хэмжээгээр тэлэх хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдсан. Тиймээс энэ оны төсвийн тодотгол хэлэлцэхээр хүлээгдэж буй энэ үед төсвийн орлогыг дагаад зарлагыг нь өсгөж магадгүй гэсэн болгоомжлол эдийн засагчдын  дунд бий болчихоод байна. Учир нь их хэмжээгээр тэлсэн төсөв Монголын эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан болсон гэж шинжээчид тайлбарладаг. Иймд энэ алдаанаас сэргийлэхийн тулд өнгөрсөн оноос эхлэн хумигдаж эхэлсэн төсвийн зарлага, ялангуяа, урсгал зардлыг танах нь чухал юм. Ирэх оны улсын төсвийн төслийг ирэх сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 15- ны хооронд батлах хүлээлттэй байгаа. Үүнээс гадна, төсвийн сахилга батыг сахиулж, хяналтын тогтолцоог чамбайруулахын тулд Төсвийн зөвлөл байгуулахаар болсон. Одоогоор энэ зөвлөлийн хууль, эрхзүйн орчин хараахан бүрдээгүй байна. Тиймээс ирэх оны төсвийн төслийг өргөн барихдаа эрхзүйн орчныг нь тодорхой болгох шаардлага нэн түрүүнд тулгарч буй.

САНАЛ БОЛГОХ