Өв тээсэн “нэрийн хуудас”
Амьдралын хэв маяг
Тансаг зэрэглэлийн даалин 1-15 сая төгрөгийн үнэтэй
Даалин бол монголчуудын олон зуун жил хэрэглэж ирсэн наанаа чамин хээтэй, цаанаа нандин бэлгэдэлтэй эд. Даалинг анх хэддүгээр зууны үед, хэн зохиосон нь бүрхэг. Гэвч энэ эдлэл монголчуудын өв соёл, уламжлал, түүхийг тээсээр өнөөдөртэй золгожээ.
Өдгөө зөвхөн уламжлалт баяраар бус, өдөр тутамдаа хөөрөг, даалин хэрэглэдэг хүн цөөнгүй харагддаг болсон. “Нарантуул”, “Хар хорин” зэрэг худалдааны төвүүдэд даалингийн үнэ 5000 төгрөгөөс эхэлж байна. Гэвч нийтийн хэрэглээнд зориулсан хямд үнэтэй, олноор нь үйлдвэрлэсэн ийм даалингаас уг эдийн үнэ цэнэ “үнэртдэггүй”. Тиймд монгол ардын ур ухаан, уламжлал, бэлгэдэл шингэсэн тансаг даалингийн зах зээл рүү өнгийлөө.
Социалист нийгмийн үед айлын авдарт хав дараастай байсан энэ эд өдгөө жижиг ч гэсэн тансаг хэрэглээний зах зээл бий болгожээ. Ашигласан торго, утаснаас эхлээд ямар ур хийц орсноосоо шалтгаалан янз бүрийн үнэтэй. “Даалингийн үнэ цэнэ нь ур хийц, давтагдашгүй чанартаа байдаг. Тухайн хүний үзэл бодол, сонирхол, нийгмийн байр суурийг тодорхойлдог эд” гэж Уран хатгамлын улсын хоёрдугаар уралдааны аварга, уран хатгамалч С.Нарандэлгэр өгүүлэв. Тэрбээр 10 гаруй жил даалин урлаж буй бөгөөд урласан даалин нь хэзээ ч давтагддаггүй. Бүтээл нь хамгийн багадаа нэг сая төгрөгийн үнэтэй. Харин сор болсон бүтээлүүд нь 15 сая төгрөгт хүрдэг байна. Тэрбээр “Чингисийн эр хоёр загалын тууж”-аас сэдэвлэсэн даалин урлажээ. Харин өдгөө Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургаас сэдэвлэсэн бүтээл урлаж буй.
Ер нь торго сайтай, гар ажиллагаа орсон даалингийн үнэ нэг сая төгрөгөөс эхэлдэг. Тухайлбал, хатгамалч Ц.Энхжаргалын урласан 43х19 хэмжээтэй, хаан бугуйвч, хатан сүйх бүхий дунд гарын даалин нэг сая төгрөгийн үнэтэй. Харин дөрвөн хүчтэнийг буландаа “залж”, голд нь очир хатгасныг 3.5 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн торгон дээр хээ, зургийн зурсан бэлдэцийг худалдан авч болно. Мөн л хээ, хатгамал, материалаасаа шалтгаалан 25-60 мянган төгрөгийн үнэтэй. Бүсгүйчүүд нөхөртөө, аавдаа өгөх нь үнэтэй бэлэгт тооцогддог тул бэлдэц авч, өөрсдөө урлах нь түгээмэл болжээ. Харин бүсгүйчүүдийн хөөргөө хийдэг уутыг хавтаг гэдэг.
Өдөрт найман цаг зарцуулбал 1-2 сарын дотор нэг даалин оёдог
Хөөргөөс гадна үнэртэн, гоёл чимэглэлээ хийж болно. Өдгөө бүсгүйчүүд хавтаг хэрэглэх нь өдрийн од шиг болсон. Энгийн хийцтэй хавтагийг 100-200 мянган төгрөгөөр борлуулж байна. Даалин үеэс үед, өвөг дээдсээс хойч үед өвлөгддөгөөрөө онцгой. Тиймд түүний эдэлгээ даах чадвар чухал. Манайд хятад, индонез, тайланд гээд төрөл бүрийн торго борлуулдаг. Эдгээрээс эдэлгээ даах чанараараа япон торго илүү үнэлгээ авдаг байна. Мөн хатгамалчид япон утас, зүү түлхүү хэрэглэдэг. Уран хатгамалч С.Нарандэлгэр “Японоос хүр хорхойн торго болон бусад материалаа авдаг. Япон торго нь оёдол сайн даадаг, оёдлоо ханзалсан ч цаана нь зүүний ором гардаггүй, урагдаж сэмэрдэггүй. Ийм материалтай даалин 3-4 үеийнхний эдэлгээ даана. Нэг даалин хийхэд их бие, эмжээр, дотор гээд 450-550 мянган төгрөгийн материал ордог юм” гэв. Хэрэв чанар муутай торгоор уралбал нугалаасаараа амархан сэмэрч, урагддаг юм байна.
Даалингийн эдэлгээ, чанарт дотор торго нь мөн чухал. Хүр хорхойн шүлсээр хийсэн сайн торго ашиглавал хөөргийг будаг болгохгүй, барихад хөөрөг нь гулгадаггүй давуу талтай. Нэг даалин оёход өдөрт найман цаг зарцуулбал 1-2 сарын дотор дуусгадаг. Харин хатгамал, нарийн чимхлүүр ажиллагаа их бол жил дамнах нь ч бий. Монголчуудын гар урлалын арвин санд оёдол, хатгамлын 100 гаруй төрөл байдаг. Үүнээс даалинд зүү ороох, задгай хатгах, зээг дарах зэрэг 20 орчмыг нь ашигладаг юм байна.
Өмнө нь даалинг настайчууд ихэвчлэн хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд худалдан авагчид дунд залуус давамгайлах болсон байна. Мөн 3D буюу гэрэл, сүүдэртэй хатгамал моодонд оржээ. Гэхдээ 3D хатгамал бол шинэ зүйл биш. Учир нь хээ угалзыг гэрэл, сүүдрээр давхарлаж зурсан эд монгол ахуйд эртнээс хэрэглэдэг байсан. Тухайлбал, монгол авдрыг чимдэг давхар хээ, угалзаас үүнийг харж болно. Харин 3D хэмээн нэрлэж, зохиомжийг нь орчин үетэй холбосноор залуус сонирхох болсон.
Даалинг хатгамал, хээ угазлаас гадна калиграфаар чимж болно. Тухайн хүний нэрээс эхлээд хүссэнээ хатгаж болно. Харин сүүлийн үед ардаа дугуй хээтэй даалин оёх болсон нь монгол уламжлалтай нийцэхгүй гэдгийг хатгамалчид хэлж байлаа. Учир нь даалин бол дээшээ харсан амсартай, эд баялаг, буян арвижихыг бэлгэддэг уут, сав. Гэтэл арын хэсгийнхээ голд буй хээг харуулахын тулд даалингийн амсраа доош харуулж барих нь ёсонд нийцдэггүй. 1980-аад оноос хойш л даалингийн ард ийм хээ оёж, чамирхдаг болсон аж. Даалинг хэрэглэхдээ гуравны нэгийг нь нугалж өвөр дээрээ тавьдаг, бүсэндээ хавчуулдаг. Ингэж нугалахад үлдсэн хэсэгт нь хээ, зохиомж нь бүрэн харагдаж байхаар зохиомжлох хэрэгтэй. Хэрэв хээ нь буруу нугалагдсан, дарагдсан бол буруу гэж үздэг байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй