Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохгүй

АЙЛЧЛАЛ


Сүүлийн долоон жил дараалан оролцсон Төрийн тэргүүний буухиа тасарч байна

Дэлхийн 197 орны төр, засгийн тэргүүн нар жилд нэг удаа цугларч, үзэл бодол, байр сууриа харилцан солилцох хамгийн том механизм нь НҮБ-ын Ерөнхий ассамблей. Тэгвэл Ерөнхий ассамблейн 72 дахь удаагийн чуулган өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхлэх гэж байна. “Хүмүүст төвлөрөх нь: Тогтвортой хөгжил бүхий ертөнцөд энх тайван, сайн сайхан амьдралыг цогцлоох нь” уриан дор зохион байгуулагдах энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ. Ингэснээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд сүүлийн долоон жил дараалан оролцсон Монгол Улсын Төрийн тэргүүний буухиа тасарч байна.

Харин Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлнэ. Мөн төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулах аж.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганы үеэр болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нарын уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах хэлэлцээрийг ирэх сарын 6-нд албажуулахаар болсон юм. Ингэснээр олон улсын Засгийн газар хоорондын анхны төв Улаанбаатарт байгуулагдана гэсэн үг. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, түүнээс гарах арга замыг эрэлхийлж, бодлогын зөвлөмж өгөх чиг үүрэгтэй байгууллага юм.

Үүнээс гадна Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгоход дэмжлэг үзүүлэх бага хуралд оролцохын зэрэгцээ Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний сайд нарын уулзалт болон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын сайд нарын албан бус уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлэх аж. Түүнчлэн Литва, Румын, Канад улсын Гадаад хэргийн сайд болон АНЭУ-ын Төрийн сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганаар олон улсын анхаарлын төвд ороод буй Солонгосын хойгийн асуудлыг голчлон хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр болон хямрал болтлоо гүнзгийрсэн рохинжа нарын асуудлыг хөндөх хүлээлт байгаа юм.

• Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганд оролцоно.

• Олон улсын анхаарлын төвд ороод буй Солонгосын хойгийн асуудлыг голчлон хэлэлцэхээр төлөвлөжээ.

• ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр дахь удаагаа өнжихөөр болжээ.

Энэ удаагийн чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцоно. НҮБ-ын талаар хэд хэдэн удаа шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байсан тэрбээр энэ чуулганаар олон улс, ялангуяа, БНАСАУ-ын талаар ямар мэдэгдэл хийх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулган эхлэхийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бусад улс орны тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, НҮБ-д бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг хөндөх аж. Тэрбээр НҮБ-ын ажилтнуудын тоог цөөлөх, АНУ-д ногддог татварын хэмжээг бууруулах санаачилга гаргажээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр дахь удаагаа өнжихөөр болсон байна. Тус улсын багийг Гадаад хэргийн сайд С.Лавров тэргүүлнэ. Мөн Мьянмарын Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи ч Ерөнхий ассамблейд оролцох төлөвлөгөөгөө цуцалжээ.

САНАЛ БОЛГОХ