Шүлхийн голомт хяналтаас гарлаа

Нийтлэлчийн булан


6800 орчим мал шүлхийгээр өвдсөнөөс 90 гаруй хувийг нь устгажээ

Монголын газар нутгийн тэн хагас шүлхийд дарлуулж, шүлсээ гоожуулсан салаа туурайтнаар дүүрэх нь. Экспортын хориотой гоц халдварт өвчин болох шүлхийн вирус зүүнээс баруун зүгт их нүүдэл хийж байна уу гэлтэй энэ жил төвийн бүс, нийслэл орчим шүлхийн идэвхтэй голомт болж хувирлаа.

Уг нь төвийн 10 аймаг малын гаралтай түүхий эдээ экспортолдог тул вакцингүй бүс байх ёстой. Харамсалтай нь энэ жил шүлхийн голомтын хүрээ төвийн бүсэд тархсанаас Монгол орны тэн хагас нь гоц халдвартай бүс нутаг болоод буй. “Нийслэлийг шүлхий бараг л нөмөрчихлөө” хэмээн халаглахад “Нийслэлээр ч тогтохгүй боллоо” хэмээн салбар яам болон мэргэжлийн байгууллагын ажилтнууд хариулж байгааг бодоход манай улс шүлхийн голомтыг хяналтаасаа алдсан бололтой.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн Халдварт өвчин, дархлаа судлалын лабораторийн эрхлэгч Ж.Эрдэнэбаатар одоогийн нөхцөл байдлыг гамшигтай зүйрлэж орхив. Малын эрүүл мэндийн цаана хүний эрүүл мэнд яригддаг учир Монголын төр малын эрүүл мэндээ орхигдуулж байгаагүй. Тиймээс л 1974- 2000 он хүртэл шүлхий болон малын бусад төрлийн халдварт өвчин гараагүй аж. Мал эмнэлгийн нэгдсэн бодлого, босоо удирдлагын тогтолцоо хэрэгждэг байсан учир монголчууд малын өвчнөө дарж, эрүүл мах хүнсэндээ хэрэглэдэг байсан талаар Хөдөө аж ахуйн академийн ерөнхийлөгч Б.Бямбаа ярьсан.

Харамсалтай нь, өнгөрсөн зуунд дарж чадсан цэцэг, боом, шүлхий, мялзан гээд малын буян арилмаар олон гоц халдварт өвчин сүүлийн жилүүдэд сэргэв. Энэ нь нэг талаар дэлхий даяар дээрх бүх өвчний дахин дэгдэлт болж буйтай холбоотой аж. Өнөөдөр дэлхий дээр байгаа өвчнүүдийн 75 хувь нь мал, амьтнаас хүнд халддаг. Жил бүр нэг шинэ өвчин бүртгэгдэж байгаа талаар Ж.Эрдэнэбаатар хэлж байсан. Тухайлбал, 1940-2002 онд 335 шинэ өвчин бүртгэгдсэний 85 хувь нь хүнд халддаг байна. Түүнчлэн малын өвчний вирус маш хурдтай хувьсаж, мутацид орж байгаа нь вакцины үйлчлэл саарах, цаашлаад ямар төрлийн вирус болохыг нь оношлуулж, тогтоохын тулд хугацаа алдахад хүрч буй.

Гэхдээ хаяанд ирсэн аюулыг урьдчилж хараагүй, сонор сэрэмж алдсан, урьдчилан сэргийлэх ажлаа хангалтгүй хийж байгааг зөвтгөх хүн үгүй биз. Нэгэнт ороод ирсэн өвчнийг дарах гэж олон тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж байна. Энэ онд л гэхэд 3-4 тэрбум төгрөг шүлхийн вакцин худалдаж авах, вакцинжуулалтын үйлчилгээ үзүүлэхэд улсын төсвөөс гаргасан. Өнгөрсөн жил ч мөн төдий тооны мөнгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулсан. Он гарсаар нийт 6800 орчим мал шүлхийгээр өвдсөнөөс буюу 90 гаруй хувийг нь устгаад байгааг албаны эх сурвалж хэллээ.

Жил бүр 150 малын эмч бэлтгэгдэж, аймаг, сум, баг бүр малын эмчтэй, бүх л бүтэн бодлого хариуцсан яамтай, эрдэм шинжилгээний байгууллагад нь олон зуун эрдэмтэн ажилладаг мал эмнэлгийн салбар өнөөдөр 61 сая малынхаа эрүүл мэндийг огтхон ч хамгаалж чадахгүй байна. Цаашлаад 3.1 сая хүний эрүүл мэнд эрсдэлд орж, монгол малын мах худалдан авч болохгүй гэсэн мессежийг дэлхий дахинд өгч буй.

Шүлхийг яагаад одоо хүртэл дарж чадахгүй байна гэсэн асуултад Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлаар олон жил ажилласан Я.Ганболд доктор “Мал эмнэлгийн өнөөгийн тогтолцоогоор гоц халдварт өвчинтэй тэмцэх боломжгүй. Малчид мал эмнэлгийн арга хэмжээнд оролцдоггүй, мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй, энэ чиглэлийн нэгдсэн бодлого байхгүй. Ямар хэвшлээр шүлхий үүсгэгдэж, хэзээ гарах, хаанаас халдвар ирэхийг тандаж судлахгүй байна. 1998 онд мал эмнэлгийг хувьчилсны улмаас төрөөс баримтлах мал эмнэлгийн бодлого алдагдаж, ийм үйлчилгээ байхгүй болсон” гэв. Үүний улмаас олон төрлийн шинэ болон хуучин өвчин Монголд орж ирэх үүд хаалга нээгдэж, мал өвчилж, бид бархирч суугаа аж. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Тахилтад гарсан шүлхийн голомт ч малчны хариуцлагагүйн улмаас гарч, хөл хорио тогтоогоод буй. Уг нь малын эмч хоёр ч удаа вакцин хийхээр очсон аж. Эхний удаад согтуу байсан, дараа нь малдаа вакцин хийлгэхээс өөрийн биеэр татгалзсан талаар Мал эмнэлэг, үржлийн газрын гоц халдварт өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батхуяг ярьсан. Уг нь гоц халдварт өвчний эсрэг арга хэмжээнд сайн дураараа хамрагдана гэсэн ойлголт байхгүй. Албадан хамруулах ёстой хуулийн заалт байдаг аж.

Гэтэл малчин, малын эмчийн хэн хэн нь ноцтой асуудалд хариуцлагагүй хандсан нь угтаа бол мал эмнэлгийн салбарын төрийн бодлого алдагдсаны нэгэн жишээ. Гэтэл хорио цээртэй энэ бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа нь ч бас нэр төдийхөн. Уг нь 22-ын товчооноос цааш Төв аймгийн Баянчандмань сум хүртэлх замд ариутгалын гурван ч цэг ажиллуулж буй. Эдгээр цэг дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашины гадна талыг бүхэлд нь байтугай, дугуйг нь ч ариутгахгүй байна. Нойтон эсгий дээгүүр гаргах төдийхнөөр нийслэлийн бүс дэх хорио цээрийн ажил үргэлжилж байгааг зориуд шүүмжилмээр байна. “Онцгой байдлын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын байгууллага засаг даргын гаргасан захирамжийн биелэлтийг хангаж ажиллах ёстой. Түүнээс яам хяналт шалгалт хийх эрх зүйн үндэс байхгүй” хэмээн С.Батхуяг учирлалаа. Гэтэл Төв Азид өргөн тархсан мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ОХУ Монголын хил дагуух бүсээ вакцинжуулаад урьдчилан сэргийллээ. Хятад ч мөн олон зуун сая малаа вакцинжуулаад байгаа аж. Харин бид энд вакцины чанар, тендерийн шахаа тойрсон маргаан төдийгөөр хүн, малын эрүүл мэндээ яаж хамгаалах уу гэх мэтчилэн толгойгоо гашилгаж сууцгаана. Үнэхээр “ухаангүй ноён урагшгүй албат” гэдэг шиг зүйл зөвхөн манай улсад л тохиолдох юм.

Мал эмнэлгийн хазгай бүтэц хаяанд тулсан аюулыг гэтэлж чадахгүй


Цаашдаа тэгээд яах юм бэ. Мал нь өвчиндөө баригдсан, иргэд нь халуурсан малын хүрэн улаан мах худалдаж аваад, яам, агентлагууд нь хэрүүлээ хийгээд суух уу! Эсвэл өвчин үүсгэгч, дамжуулагч, өвчлөмтгий мал гэсэн халдварын гинжин хэлхээг тасалж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хорьж, малчид, малын эмч, салбарын хариуцлагыг дээшлүүлэх ёстой юу. Вакцин тойрсон хэрүүл хийж суухаар лабораторийн хүчин чадлаа дээшлүүлж, өнгөрсөн чуулганаар баталж чадаагүй хоёр хуулиа зүтгүүлбэл хүнсний аюулгүй байдлыг хангахад маш том дэвшил гарах учиртайг мэдэхийн дээдээр мэдэж байгаа биз ээ.


САНАЛ БОЛГОХ