Хилийн чанадад үйлдвэрлэлээ явуулдаг Монгол брэндүүдийг онцолж байна

Монголдоо Бүтээцгээе

МҮХАҮТ-ын судалгаагаар хилийн чанадад үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ Монгол Улсынхаа нэрээр олон улсад нийлүүлдэг найман брэнд байна. Өөрөөр хэлбэл, экспортын нэмэлт зардал шат дамжлагагүйгээр Монгол брэндийг олон улсад таниулж байгаа юм. Могой болон матрын арьсан гутал, цүнх, утасны гэр зэргээс бүрдсэн “Oogii” брэндийн бүтээгдэхүүнүүдийг Австралид үйлдвэрлэж байна. Доод тал нь 368 ам.долларын үнэтэй эдгээр бүтээгдэхүүнийг Монголоос захиалбал хямдралтай. Тэгвэл АНУ-ын Лос-Анжелес хотод “Khadaan” гоо сайхны брэндийг үйлдвэрлэж байгаа юм. Одоогоор тус брэндийн 50 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд нийлүүлж буй. Мөн эрүүл мэнд, гоо сайхны 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Seaberry" брэнд мөн л хилийн чанадад үйлдвэрлэлээ явуулдаг. "Seaberry" сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 10 гаруй оронд бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Мөн Япон улсад тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэлийн “Yavuu” брэнд танигдаад байгаа юм. 2015-2016 онд Японы тансаг зэрэглэлийн брэндүүдийн эхний тавд “Yavuu” эрэмбэлэгдсэн. Тэгвэл загвар зохион бүтээгч М.Цолмонмандах “Tsolo Munkh” брэндийг Францын зах зээлд нэвтрүүлжээ. Сөүл, Барселон, Франц, Нью-Йоркийн Загварын долоо хоногт бүтээгдэхүүнээ танилцуулж, цор ганц хувиар урлан олон улсад нийлүүлдэг аж. Үүнээс гадна экспортын хэмжээ оны эхний найман сард 3.9 тэрбум ам.доллар хүрснийг ҮСХ мэдээлсэн. Энэ дундаас мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний экспорт 19.6 сая ам.доллар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 34.4 сая ам.доллар байна.

Тайлант хугацаанд түүхий болон боловсруулсан арьс шир, ангын үс, тэдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 20 сая ам.долларт хүрчээ. Эдгээр тоон мэдээллээс экспортод чиглэсэн жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэж байгааг харж болох юм.




САНАЛ БОЛГОХ