Сонголтын өмнөх дэлхий

Мэдээ


Ногооны урсгалыг ногтлох эсэхийг өнөөдөр шийднэ

Ам.долларын жолоо атгадаг америкийн төв банк олон улсын анхааралд байна. Холбооны нөөцийн банкны бодлого тойрсон хүлээлт хөрөнгө оруулагч дын дунд үүсэж, олон улсын зах зээлд ам.доллар, алт, америкийн хувьцаануудын ханш хэлбэлзсээр. АНУ-ын төв банкны бодлогын зөвлөлийн хурлаас нэг өдрийн өмнө гэхэд “Bloomberg”-ээс тооцдог ам.долларын спот индекс 0.1 хувиар буурлаа. Уг индекс даваа гарагт 0.3 хувиар дээшилсэн юм. Лхагва гараг хүртэл үргэлжлэх энэ хурлаар ногооны урсгалыг ногтлох эсэхийг шийднэ. Эцсийн шийдвэрээс урьдаад шинжээчдийн таамгийг ажвал олонх нь Холбооны нөөцийн банк 1.25 хувийн бодлогын хүүгээ хадгална гэж таамаглаж байгаа юм.

Зөвхөн АНУ гэлтгүй санхүүгийн системийн гол тоглогчид болох төв банкууд шил шилээ даран шинэ бодлогоо танилцуулж байна.

Дэлхийн эдийн засагт тохирсон тогтвортой бодлогыг илүүд үзэж байна

Энэ долоо хоногт гэхэд бидэнтэй нэг бүс нутагт оршдог Индонез, Филиппин улс мөнгөний бодлогоо танилцуулах товтой байна. Үүнээс өмнө буюу есдүгээр сарын эхний хагаст гэхэд хэд, хэдэн төв банк мөнгөний бодлогоо эргэн харлаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Монгол, Азербайжан бодлогын хүүгээ хадгалж, ОХУ, Бразил, Перу зэрэг таван улс тус үзүүлэлтээ танажээ. Харин энэ сарын 6-нд мөнгөний бодлогоо дэлгэсэн Канадын төв банк бодлогын хүүгээ өсгөж, нэг хувьд хүргэсэн байх юм. Ингэснээр есдүгээр сарын байдлаар дэлхийн мөнгөний бодлогын жишиг хүү 5.95 хувьд хүрээд байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 0.03 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин Монгол Улсын тухайд төв банкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гарагт бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдэхээ мэдэгдсэн. Ингэснээр сүүлийн дөрвөн сар бодлогын хүүгээ хөндөлгүй хадгалж байгаа нь энэ. Энэ оны зургадугаар сарын 15-нд төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж 12 хувьд хүргэсэн юм. Монголбанк инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтвортой хадгалж, улмаар макро эдийн засгийн хэтийн тогтвортой байдлыг хангахын тулд ийн шийдвэрлэснээ мэдэгдсэн.

Тэгвэл манай хойд хөрш ч Монгол Улстай зэрэгцэн мөнгөний бодлогоо танилцуулсан. ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.5 хувиар хумьж, 8.5 хувьд хүргэсэн байна. Эдийн засгийн идэвхжилээ дэмжихийн тулд ийн шийдвэрлэснээ тус банкны бодлого тодорхойлогчид онцолж байгаа юм. Харин БНХАУ-ын төв банк өнгөрсөн долоо хоногийг эс тооцвол сүүлийн 10 хоногт ам.доллартай харьцах юанийн ханшийг чангаруулж байгаа. Хятадын Ардын банк ам.доллартай харьцах юанийн ханшийн өөрчлөлтийг хоёр хувьд барих бодлого баримталж байна. Монголтой адил түүхий эдийн экспортлогч Австрали улс энэ сарын 5-нд мөнгөний бодлогоо танилцуулж, жишиг хүүгээ 1.5 хувьд хэвээр үлдээсэн байна.

Дэлхийн мөнгөний бодлогод үлэмж нөлөөтэй Европын төв банк хүүгээ тэгтэй ойр түвшинд хадгалж, бонд худалдан авах хөтөлбөрөө хэвээр үлдээлээ. Ингэснээр тус банк энэ оны эцэс хүртэл сар бүр 60 тэрбум еврогийн бонд худалдан авах аж. Харин эдийн засаг таагүй нөхцөл байдалтай тулгарвал худалдан авах бондынхоо хэмжээг нэмэгдүүлэх, эсвэл хөтөлбөрийнхөө хугацааг сунгахаар болсон байна.

Төв банкууд шил шилээ даран мөнгөний бодлогоо танилцуулж байна

Дэлхийн мөнгөний бодлого тодорхойлогчид эдийн засаг хямралаас эргэн өндийж, тогтворжих чиглэлд шилжиж буйг онцолж байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр дэлхийн томоохон төв банкны тэргүүн нар уулзсан. Энэ үеэр Европын төв банкны тэргүүн Марио Драги дэлхийн эдийн засгийн сэргэлт тогтворжиж буйг тодотгосон. Тиймээс дэлхийн санхүүгийн хямралаас хойш баримталж буй бодлогыг хэвээр үлдээх хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна. "Төв банкуудын эдийн засгийн өсөлтийг дэмжихээр хэрэгжүүлж буй мөнгөний бодлогыг халах нь эрсдэлтэй" гэж Марио Драги мэдэгдсэн юм. Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен ч 2008 оны санхүүгийн хямралаас хойших бодлогын зохицуулалтууд банкны системийг илүү аюулгүй, тогтвортой болгож байгаа учраас тус бодлогод хүлээцтэй хандах ёстой гэж мэдэгдээд байгаа. Мөн Японы Төв банкны тэргүүн Харухико Курода одоогийн баримталж буй мөнгөний бодлогыг халбал инфляцийн зорилтот түвшинд хүрэхэд бэрхшээлтэйгээс гадна Япон улс эдийн засгийн өсөлтөө энэ түвшинд хадгалж чадахгүй гэдгийг анхааруулсан юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн мөнгөний бодлогыг жолоодогчид хэт огцом, зоримог бодлогоос татгалзаж, илааршиж буй дэлхийн эдийн засагт тохирсон тогтвортой бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дийлэнх улсын мөнгөний бодлого ч энэ зүг чиглэж, санхүү, мөнгөний бодлогоо илүү харзнаж, хүлээсэн байдалд шилжүүлж байна.

САНАЛ БОЛГОХ