Зургаан сард хийх ажлыг 60 хоногт дуусгах боломжтой

Албаны хүний үг


Санал ирүүлсэн хүний тоо 300 мянга гаруй болж байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн хэлэлцүүлэг 21 аймаг, есөн дүүрэгт болсон. Тэгвэл УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэн бүрийн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулах ажил үргэлжилж байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүгээс тодрууллаа.

-Иргэдээс их олон санал ирсэн гэж сонссон. Хэчнээн санал ирсэн бэ?
-21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, бүх сум, баг, хороод, төрийн байгууллагууд дээр хэлэлцүүлэг хийгдсэн болохоор хэдэн зуун мянган хүн оролцсон нь тодорхой. Нарийн тоо эцэслэн гараагүй. Санал ирүүлсэн хүний тоо гэхэд 300 мянга гаруй болж байна.

-Тэр олон саналыг нэг бүрчлэн бүртгэх үү. Энэхүү үйл ажиллагаанд хэчнээн хүн оролцож байгаа вэ?
-Нэг ч саналыг орхигдуулахгүй бүртгэх ёстой. Үүний тулд саналыг хэрхэн богино хугацаанд нэгтгэж, үр дүнг гаргах асуудал тулгарч байна. Программ хангамжийн тусламжаар мэдээллийн санд нэгтгэх нь хамгийн оновчтой шийдэл юм. Бидэнд бэлэн программ байгаагүй. Иймээс өөрсдийн нөөц бололцоог ашиглан шинээр программ хангамж боловсруулсан. Бүртгэл, нэгтгэлийн хувьд УИХ-ын Тамгын газрын 70 ажилтан, нийслэлд 40, нийт 110 хүн энэ ажлыг хийж байна. Ингэж олны хүчээр хийхгүй бол мөд дуусахгүй. Ердийн журмаар, санал тус бүрээр файл үүсгэн бүртгэнэ гэвэл дор хаяж зургаан сарын ажил болохоор байсан юм. Бүртгэлийн шинэ программ хангамж боловсруулснаар зургаан сард хийх ажлыг хоёр сарын хугацаанд дуусгах боломж бүрдлээ. Зөвхөн цаасаар ирсэн санал гэхэд 3300 гаруй архивын нэгж болох юм билээ. Энэ нь манай УИХ-ын Тамгын газрын дөрвөн жилийн архивын нэгжийн хэмжээтэй тэнцэж байгаа юм.

-Цахим бүртгэлийн шинэ программыг тайлбарлаж өгөхгүй юү?
-Саналын хуудсанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зургаан бүлэг асуудлыг тусгасан. Тэдгээрт иргэдийн өгсөн санал бүрийг бүртгэж байна. Нэг ч хүний санал гээгдэхгүй, бас давхардахгүй. Хүсвэл иргэд өөрийнх нь санал бүртгэгдсэн эсэхийг шалгаж, хянах боломжтой. Санал өгсөн иргэд саналын хуудсанд өөрийн хувийн мэдээллээ бичих ёстой ч дутуу оруулсан тохиолдол цөөнгүй байсан. Тиймээс регистрийн дугаар нь байхгүй бол оршин суугаа хаягаар нь, эсвэл утасны болон саналын хуудасны дугаараар нь гэх мэтээр бүртгэж байгаа. Тэгэхээр иргэн аль нэг хувийн мэдээллээ оруулаад өөрийн өгсөн саналыг шалгах боломжтой.

-Нэлээд том архив бүрдэж байгаа гэж ойлголоо. Мэдээлэлтэй танилцах, судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах гэсэн хүмүүс нэвтрэх боломжтой юу?
-Боломжтой. Цахим болон цаасан гэсэн хоёр хувилбараар архив бүрдүүлж байгаа. Архивын дотоод журмын дагуу хүсэлтээ гаргаад, ашиглаж болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуулга бүрээр, аймаг, сум, дүүргээр, бүр нас, хүйсээр нь ч мэдээлэл авч болно. Бид ийм нарийвчлалтайгаар бүртгэлийн тайлангаа гаргаж байна. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, сонирхсон иргэдэд урьд өмнө байгаагүй судлагдахууны бааз бүрдэж байна гэж ойлгож болно. Бид программ хангамжаа нууцлал, аюулгүй байдлын өндөр түвшинд бүтээсэн. Нэгтгэл хийж байгаа хүмүүс хяналтын камертай тусгай танхимд ажлаа хийж байгаа.

-Бүртгэлийг буруу хийх эрсдэл бий юү. Түүнчлэн төслийн санал асуулгад буюу зургаан бүлэг асуудалд тусаагүй асуудлаар иргэд санал өгсөн бол яах вэ?
-Манай программ саналын хуудасны бүртгэл хийсэн ажилтан, бүртгэлийг засварласан огноог хүртэл хадгалдаг. Хэрвээ мэдээллийн зөрүү, алдаа гарвал хяналтын тулгалт хийх тохируулгатай. Тэгэхээр буруу, зөрүү бүртгэх тухайд санаа зовох зүйл байхгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусаагүй асуудлаар иргэд цөөнгүй санал ирүүлсэн байна лээ. Тэдгээрийг одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн 70 зүйл тус бүрээр нь ангилан тулгалт хийж, бүртгэж байна.

-Бүртгэлийн явц ямар байна?
-Одоогийн байдлаар 40 гаруй хувьтай байна. Мэдээлэл оруулж, бүртгэх ажил хийж байгаа ажилтнуудын цахим санд оруулсан саналын хуудасны тоог бид өдөр бүрээр тооцож, гаргаж байгаа.


САНАЛ БОЛГОХ