100 жилд тохиогоогүй их хүйтэн Европыг нөмөрнө
Дэлхийн хандлага
Европын их хүйтрэл Азийн бидэнд ч хамаатай
Буурал тивийн цаг уурчдын дэвшүүлсэн таамаг дэлхий нийтийг айдаст автуулаад эхэллээ. Сүүлийн 100 жилд тохиогоогүй хатуу ширүүн өвөл 2017 оны сүүл, 2018 оны эхээр Европыг дайрна гэдгийг судлаачид анхааруулах болов. “Энэ өвөл -30 хэм хүртэл хүйтэрч, хүчтэй салхи, цас ихтэй байх болно. Мөн өвлийн улирал их урт, ирэх жилийн дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ” хэмээн судлаачдын гаргасан дүгнэлтэд тулгуурлан Mirror сонин бичжээ. 5 энэ бол дэлхийн дулаарлаас болсон хэрэг биш аж. Харин манай гараг цаг уурын шинэ мөчлөг рүү шилжиж буйн илрэл юм байна. “Номхон далайд агаарын температур нэг хэмээр өссөн. Үүний үр дүнд Хойд мөсөн далайн хүйтэн агаар Европ руу түрэгдэн орж, умардын хүйтэн салхи ойрын хэдэн сард бүх Европыг нөмөрнө. нэг, хоёрдугаар сард агаарын температур -25 хэм хүрэх нь энгийн үзэгдэл болно” хэмээн Mirror онцлон мэдээлжээ.
Эрдэмтэд урьд өмнөх жилүүдийн цаг агаарын байдал, уур амьсгалын мөчлөг, нарны идэвхжил, наран дээрх толбонд судалгаа хийсний үр дүнд ийм дүгнэлт хийсэн гэдгээ тайлбарлаж байна.
Эдгээр тайлбарыг цааш үргэлжлүүлэн уншвал улам сэртхиймээр болж ирнэ. Бүр бага мөстлөгийн үе айсуй гэж бичээд эхэллээ. Наран дээрх толбо багасах үзэгдэл хамгийн сүүлд 1645-1713 оны хооронд тохиожээ. энэ үе бага мөстлөгийн үетэй яг таардаг юм байна. Энэ өвөл нарны идэвхжил буурч байгаа. Үүнтэй холбогдуулан хүйтэрнэ. Тэгэхдээ бүр хатуу ширүүн өвөл болно. Цас их орно, хүчтэй салхитай байна гээд базаахгүй мэдээ цуварна. Онцгой хүйтэн арванхоёрдугаар сараас эхлэх гэнэ. Хүйтний нөлөөгөөр аравдугаар сард ирландад цас орж магадгүй. Мөн есдүгээр сард тивийн баруун хэсэгт хасах хэм рүү орох зэрэг онцгой содон үзэгдэл тохиох аж.
“Сүүлийн хэдэн жил өвлийн улирал дулаахан сайхан байлаа. Өвөл бороо орох нь энгийн үзэгдэл болсон. Харин одоо бол тийм биш. Хуучны хүйт даасан өвөл энэ жилээс эргэн ирж байна. Энэ жил аль болох дулаан хув цас лаарай. гэрээ сайн дулаалаарай, өвөл урт болно. Хүйтрэхээс өмнөх сүүлийн хэд хоногт дулааныг мэдэрч, таашаал аваарай. Аравдугаар сараас эхлээд ийм сайхан дулааныг мэдрэхгүй шүү” хэмээн Британийн цаг уур судлаач Жеймс медден анхааруулжээ.
Судлаачдын дүгнэлт батлагдвал Европ тивийнхэн энэ жил их л зутруухан өвөлжих нь. Тэгвэл хөгшин тивийн хүйртэл азийн бидэнд хамаатай юу. Харамсалтай нь, их хүйтэн бидэнд ч нөлөөлөх магадлал өндөр. Цаг уурчдын хэлснээр Европын их хүйтний сүүдэр азид ч тусах аж. Хамгийн сүүлд ийм үзэгдэл өнгөрсөн зууны тавиад онд тохиоход азийг цас битүү дарж байжээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас монгол орны ирэх өвлийн ерөнхий төлөвийг гаргасан. Эндээс харвал манай орны ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджийн хэмжээнд байх төлөвтэй. Гэхдээ зарим бүс нутгаар дулаан, зарим нутагт дунджаас хүйтэн байна хэмээн тус байгууллагын сайтад бичжээ.
Цаг агаарын нөхцөл байдал хөдөөгийн малчдад хамгийн их хамаатай. Хэдэн малаа онд мэнд оруулах нь өвөлжилтийн байдлаас шууд шалтгаална. Ялангуяа сүүлийн үед дэлхийн уур амьсгалыг урьдчилан таамаглахад улам бэрх болсоор байна. Зарим сард их хүйтрэх хэрнээ бусад үед нь эрс дулаарах зэрэг цаг агаарын эрс тэс байдал ажиглагдах болсныг цаг уурчид сануулж байв. Гэтэл дээр нь олон улсын судлаачид базаахгүй төлөв байдал гаргаад ирлээ. Тиймээс бид 60 сая малтай боллоо гэж онгирох биш, өсгөж үржүүлсэн малаа эсэн мэнд онд оруулахдаа анхаарахыг байгаль эх бидэнд сануулсаар. “Баатар эр ганц суманд, баян айл ганц зуданд” гэсэн үг бийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй