“Twitter” компани терроризм, хүчирхийллийг дэмжсэн 300 мянга орчим хаягийг хаажээ

Мэдээ

Нийгмийн сүлжээний “Twitter” компани "Терроризм, хүчирхийллийг дэмжсэн хаягуудыг хаахын тулд автомат систем хөгжүүлж буй нь үр дүнгээ өгч байна" гэж мэдэгдлээ. Тус компанийг цахим ертөнц дэх хэт туйлшрагчдын эсрэг тэмцэхийг улс орнуудын Засгийн газар шаардсаар байна. “Twitter” компани 2017 оны эхний хагаст терроризмтой холбогдсон, олон улсад бүртгэлтэй 300 мянга орчим хаягийг хаажээ. Үүнээс бараг 95 хувийг нь спам-тай тэмцэх автомат системээрээ олж илрүүлсэн гэдгээ тус компани онцолсон байна. Түүнчлэн улс орнуудын Засгийн газар “Twitter”-ээс мэдээлэл авахыг хүсэж хандах нь олширчээ. Үүнтэй холбогдуулж энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сарыг дуустал холбогдох албаныханд 3900 орчим хаягийн мэдээлэл хүргүүлсэн гэдгээ “Twitter” компани мэдэгджээ. Хэт туйлшрагчдын эсрэг машин механизмын аргаар тэмцэх шаардлага нэмэгдээд байна.

Учир нь өдөрт олон саяараа нийтлэгдэж байгаа мессежүүдийг зохистой, зохисгүйгээр нь гар аргаар ялгана гэдэг боломжгүйг шинжээчид тайлбарлалаа. “Twitter”-ийг нийт 328 сая хүн ашигладаг. Үүний дотор АНУ дахь сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо 68 саяд хүрээд байна.



САНАЛ БОЛГОХ