“Petro Matad” компани газрын тосны V блокийн “Ирвэс” хэсэгт хийх өрөмдлөгөө хойшлуулав
“Petro Matad” компани газрын тосны V блокийн “Ирвэс” хэсэгт хийх өрөмдлөгөө хойшлууллаа. “Sinopec Mongolia” компани гэрээний дагуу энэхүү өрөмдлөгийг гүйцэтгэх ёстой байсан ч шаардлагатай зөвшөөрлийг авч чадаагүй байна. Тиймээс өрөмдлөгийг аравдугаар сар хүртэл хойшлуулахаар болжээ. Өмнө нь нийт 50 өдрийн хугацаанд 3150 метрийн гүнд өрөмдлөг хийнэ гэдгийг “Petro Matad” компани мэдээлж байсан юм. Энэхүү өрөмдлөгийг амжилттай хийснээр 1.8 тэрбум баррел газрын тосны нөөц байх магадлалтай Таацын сав газрыг нээж илрүүлэхэд ахиц гаргах ажээ. Мөн фармоут хийх хэлэлцээрт нэлээд ахиц гарсныг “Petro Matad” компанийн албан мэдэгдэлд тусгасан байна. Хэдий тийм боловч түншлэхээр хэлэлцэж буй компаниуд нь өрөмдлөгийн ажил эхлэхээс өмнө нэмэлт чичирхийллийн судалгаа хийсэн нөхцөлд санхүүжилт олгох сонирхол илүү өндөр байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн хэд хэдэн компани Төгрөгийн сав газар дахь ордуудад чичирхийллийн 3D судалгаа хийснээр эрсдэлийг бууруулах сонирхлоо илэрхийлжээ.
Түншлэн ажиллах нөхцөлийн талаар шийдвэр энэ оны IV улирал эсвэл ирэх оны эхээр гарах хүлээлттэй байна. Түүнчлэн тус компани удирдлагын бүтцээ өөрчилж байгаагаа зарлалаа. Тодруулбал Гүйцэтгэх захирал Ридван Карпуз ирэх аравдугаар сард ажлаа хүлээлгэн өгч, техникийн зөвлөгчийн үүрэг гүйцэтгэх болжээ. Одоогоор түүний ажлыг үргэлжлүүлэх хүнийг зарлаагүй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй