НҮБ-ын чуулганд заавал оролцох үүрэг хүлээдэггүй
Мэдээ
Монголоо гэсэн сэтгэлтэй сайд гарч ирвэл хэдэн ч давхар дээлтэй байсан хамаагүй
Дэлхийн 197 орны төр, засгийн тэргүүн нар жилд нэг удаа цугларч, үзэл бодол, байр сууриа харилцан солилцдог хамгийн том механизм болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дахь удаагийн чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэлсэн. Харин энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоогүй юм. Ингэснээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд сүүлийн долоон жил дараалан оролцсон Монгол Улсын Төрийн тэргүүний буухиа тасарсан.
Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга “НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Бэата Транкманныг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгчийн институци, НҮБ хоёр үйл ажиллагаандаа шинэчилсэн арга барилаар ажиллая гэдэг дээр санал нэгдлээ. Ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны бохирдол, цөлжилт, хүүхдийн асуудал, агаарын бохирдол гэсэн таван чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Ерөнхийлөгч миний бие НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганд оролцох гэсэн ч амжихгүй болсон. Монгол Улс, Засгийн газар, Ерөнхийлөгч НҮБ-тай хамтарч ажилладаг. Энэ жилийн чуулган “Хүн төвтэй хөгжил” сэдвийн хүрээнд болно. Мөн Сири болон Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл авсан. Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцож байгаа. НҮБ-ын чуулганд Франц, Орос, Герман зэрэг олон орон оролцоогүй юм билээ. Энэ арга хэмжээнд экс Ерөнхийлөгч нар жил болгон оролцдог байсан. Миний хувьд оролцоогүй шалтгаан нь нэгдүгээрт, өвөл хаяанд ирлээ. Хоёрдугаарт, Засгийн газар огцорсон, шинэ Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх асуудал яригдана. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн институци анхаарал тавьж байгаа учир оролцсонгүй. Заавал оролцох үүрэг хүлээдэггүй юм билээ. Бид гадаад айлчлалыг Монгол Улсад аль нь хэрэгтэй, ямар ашигтайг судалсны үндсэн дээр хийж байна” хэмээн тайлбар хийв. Тэрбээр шинээр бүрдэх Засгийн газар нам болгоны сонгуулийн мөрийн хөтөлбөрт байдаг зорилгыг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаасай гэж хүсэж байгаагаа онцолсон юм. Монголоо гэсэн сэтгэлтэй сайд гарч ирвэл хэдэн ч давхар дээлтэй байсан хамаагүй гэдгийг тодотгов.
Улстөрчдийн авлигыг илрүүлэхийн төлөө АТГ байгуулагдсан
Үүнээс гадна Ерөнхийлөгч оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан өнгөрсөн долдугаар сарын 24-нөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Тэгвэл энэхүү хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусгавар болсон. Хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын даргыг хүлээн авч уулзаж, уриалгын биелэлт, ажлын явцтай танилцсан билээ. АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын тайлбарласнаар дээрх хугацаанд оффшор бүсэд данстай нэг ч иргэн Монгол Улсад сайн дураар хөрөнгөө оруулж ирээгүй аж. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшор бүсээс хөрөнгөө 49 хоногийн дотор оруулж ирвэл уучлах уриалга гаргасан. Хугацаа нь дууссан. Одоо АТГ ажиллах ёстой. Улстөрчдийн авлигыг илрүүлэхийн төлөө АТГ байгуулагдсан. Харамсалтай нь, АТГ-т эрх ашгийн зөрчил байна. 49 хоногийн дараагаас “сэлэм гаргаад цавчаад явна” гэсэн үг биш. Байгууллагыг шахаж ажиллаж байгаа” гэв.
Дашрамд дурдахад, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас гурван сарын дотор оффшор бүс дэх дансаа хаах ёстой. Тэгвэл Засгийн газраас оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг өнгөрсөн сарын 31-нд баталсан юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй