Өмнөд хөршийн хувьсаж буй зах зээл
Сурвалжилга
Хятадаас хямд ажиллах хүч авна гэдэг үлгэр болж мэдэхээр байна
Өмнөд хөршийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт 2020 он хүртэл үргэлжлэх төлөвтэй. Энэ үед БНХАУ-ын хөдөлмөрийн зах зээл одоогийн дүр төрхөө бүр мөсөн гээх сонирхлоо улам тод зарлаж эхэллээ. Манай гарагийн нийт хүн амын дөрөвний нэгийг бүрдүүлэх тус улс ердөө гурав хүрэхгүй жилийн дараа гэхэд хямд ажиллах хүчнээс аажмаар татгалзахаар шийдэв. Нобелийн эдийн засгийн шагналт, Чикагогийн их сургуулийн профессор Роберт Фогели гэх эрхмийн долоон жилийн өмнө дэвшүүлж байсан таамаг биелэлээ олохыг та бид ийнхүү харах ойртлоо.
Урд хөрш Зүүн Азийн зах зээлийг удирдаж буй орнуудын нэг. Ийм алдар хүндийн оройд нь гарахын тулд тэд сүүлийн 40 жилийн турш эдийн засгаа тасралтгүй өсгөх гэж зүтгэсэн. Үүний эцэст, үр хүүхэд нь илүү аз жаргалтай, ирээдүйдээ итгэл дүүрэн ажиллаж, амьдрах нөхцөл “хажуу айл”-д бүрдэж байна. Угтаа бол дэлхий хамгийн хямд ажиллах хүч өмнөд хөршид байв.
Энэ нь өдгөө ул болоход ойртлоо. Харин эсрэгээрээ эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хувьд сэргэн мандаж буй өмнөд хөрш өөртөө улам итгэлтэй болж байна.
Европ, Ази, Австрали тивийн хөгжиж буй орнуудад буй хамгийн хэцүү болоод хүнд ажлыг нь нугалж байсан хятадууд эхнээсээ нутгаа зорих болж. Ийм хандлага ч түрээд эхэллээ. Бүхэл бүтэн хятад хороолол үүсгэн төвхнөсөн тэд харь орноос олж авсан мэдлэг, туршлага, хуримтлуулсан хөрөнгөө өвөртлөн буцах нь ийнхүү олширч байгаа аж. Энэ нь хөрш зэргэлдээ орны эдийн засаг хэрхэн тэнхээ сууж байгааг илтгэх хангалттай баримт. Валютын нөөцөөрөө дэлхийн бусад орныг хол тэргүүлж буй БНХАУ иргэдээ “хар ажил”-д бус мэдлэг шингэсэн үйлдвэрлэлд шилжүүлэхээр хичээж байна. Тэргүүн зэргийн өндөр технологийн бие даасан төв болон хувьсан өөрчлөгдөж буй Хятад эндээс хямд ажиллах хүч импортлоно гэдэг дунд хугацаанд дэлхий нийтийн хувьд амар бүтэх зорилт биш болж таарах нь. Тухайлбал, барилгын салбарт хятад ажилчны үнэлэмж, цалингийн үнэлгээ арай өөр түвшинд ярианы сэдэв болж магадгүй аж.
2020 он гэхэд АНУ-ын дараа, Европ, Японы өмнө орох өндөр технологийн хоёр дахь гүрэн болох зорилтоо өмнөд хөрш тодотгосоор. Энэ хүсэл, амбийцийн цаана иргэдээ ажилтай, орлоготой байлгаад зогсохгүй чинээлэг дундаж давхаргын эгнээг зузаатгах төрийнх нь бодлого оршиж байгаа юм. Хэрэглээний хамгийн том зах зээл Хятадад бойжиж буй учраас томоохон сүлжээ дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд салбар Бээжин тэргүүтэй хотууддаа нээсээр. Үйлдвэрлэгчээс хэрэглэгч орны зах зээл рүү хөл тавьж буй урд хөрш иргэдийнхээ дундаж цалингийн босгыг нэмэгдүүлэхээр аажмаар урагшилж буй.
Хямд ажиллах хүч Хятадад л байдаг гэсэн өнөө хүртэл явж ирсэн амь бөхтэй яваа хандлагыг өөрчлөх гэж байгаа нь энэ. Харин чадварлаг мэргэшсэн ажиллах хүч, сайн менежер, судлаач,
шинжээчдээр өмнөд хөрш өөрийгөө цэнэглэж байна.
• Манай гарагийн нийт хүн амын дөрөвний нэгийг бүрдүүлэх тус улс ердөө гурав хүрэхгүй жилийн дараа гэхэд хямд ажиллах хүчнээс аажмаар татгалзахаар шийдэв.
• Европ, Ази, Австрали тивийн хөгжиж буй орнуудад буй хамгийн хэцүү болоод хүнд ажлыг нь нугалж байсан хятадууд эхнээсээ нутгаа зорих болж.
• Хятадын ул суурьтай өөрчлөлт иргэдээ дэмжиж, гадаад зах зээлээс хожмын өдөр хямд ажиллах хүч импортлох Япон, БНСУ-ын жишээг давтахад ойрхон байгааг үгүйсгэх аргагүй болж байна.
Тэрчлэн эдийн засаг нь тогтвортой өсөх болсноор цалингийн дундаж хэмжээг тодотгох, улмаар инновацийн шийдлийг шингээсэн бараа, бүтээгдэхүүнийг дэлгэн тавих угтал энд бүрдээд ирлээ. Та бидний байнгын хэрэглээ болсон компьютерийн 90 орчим хувийг тус улс үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлдэг тухай уншигч та сонсож байсан байх. Хятадын их, дээд сургуулиуд жилдээ 150 мянган инженер бэлтгэн гаргаж буй. Шанхайд нэг инженерийг Тайваны нэг инженер бэлтгэх зардлын дөрөвний нэгээр л бэлтгэж байгаа гэх. Гэхдээ чанаргүй гэсэн үг биш юм. Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах залуусынх нь тоо байнга нэмэгдэж, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ өсөж байна. Энэ нь гаднын орныг зорих Хятад иргэдийн сонирхлыг бага багаар баллуурдах аж. 1.3 тэрбум хүн амтай энэ улс ядуурлыг бүрэн арилгаж, авлига, хүнд суртлыг таягдан хаях “Хятад мөрөөдөл”- ийн төлөө зүтгэж байгаа нь энэ. АНУ-д гэхэд жилд 220 гаруй мянган оюутан их, дээд сургууль төгсөж, хүний нөөцийн хүчин чадлаа зузаатгаж буй. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт 2020 оноор хязгаарлагдахгүй. АНУ-ын дараа орох сансрын гүрэн болохоор зорьж байгаа өмнөд хөрш өнөөдөр Японоос илүү тооны чадварлаг инженерүүдийг бэлтгэх болсон. Тэд мэдлэгт тулгуурласан эдийн засагтай орныг бүтээхээр явна. Товчхондоо, урд хөрш өөрчлөгдөж байна.
Монголд ирж уул уурхай болон барилгын салбарт ажиллах нь хятад иргэдийн хувьд өнөөдрийн санхүүгийн хэрэгцээгээ хангах төдий болж. Учир нь, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх хөршийн бодлого иргэддээ илүү таатай нөхцөл, өндөр цалинг санал болгож байна. Эдийн засгийн шинэтгэл нь гүнзгийрч, хязгаар болон зах нутгийн иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхээр урд хөрш гар сунгажээ. Энэ болгон нь биелэлээ олж, бодит байдал хувьсаж байгаа нь Азийн хөдөлмөрийн зах зээлд шинэ орон зай үүсгэхийн сацуу хомсдол үүсгэж мэдэхээр байна. Үүнийг цөөнгүй судлаач дурджээ.
Хятадын ул суурьтай өөрчлөлт иргэдээ дэмжиж, гадаад зах зээлээс хожмын өдөр хямд ажиллах хүч импортлох Япон, БНСУ-ын жишээг давтахад ойрхон байгааг үгүйсгэх аргагүй болж байна. БНХАУ өнгөрсөн 30 жилийн хугацаанд хямд ажиллах хүч, гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурлан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортод найдаж ирсэн. Харин өдгөө экспорт нь илүү чанаржиж байна. Энэ улсад ажилгүйдэл түр зуурын сорилт болж эхэллээ. Эдийн засгаа дэмжих үүднээс Засгийн газраасаа тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тогтвортой ажлын байрны тоог нэмэгдүүлэхээр чармайж байгаа аж.
Хятадын үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарын эрэлтийн эрч сүүлийн жилүүдэд ялимгүй уруудсан. Гэвч иргэдийнх нь цалингийн дундаж хэмжээ болон орлого баталгаажих болсон нь дээрх сорилтыг зөөллөх аж. Тус улсад үйлдвэрлэлээ явуулж буй АНУ-ын зарим компани үйлдвэрээ гаргах талаар яриад эхэлсэн. Хүний эрхийн асуудал ч энд хөндөгдөж байгаа юм. Хятадын Засгийн газрын зүгээс ажилгүйдэлийг бууруулах, иргэдээ “завгүй” байлгах хүсэлтэй. Энэ хүсэл нь хөдөлмөрийн зах зээлийн статистик үзүүлэлтийг илүү өөдрөг төсөөлөхөд хүргэж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хэрэглээний эдийн засаг руу шилжиж буй улсын иргэд хөршдөө байшин барих гэж бус аялал жуулчлал, ажил хэргийн уулзалтаар ирэх нь нэмэгдэх цаг ойртжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй