Дэлгэцийн донг дөнгөлөх хүч
Амьдралын хэв маяг
Та хүүхдийнхээ юу мөрөөддөгийг мэддэг үү
Хүүхдийн тоглоом, эрүүл мэнд, хүсэл мөрөөдлийг нь үгүй хийж буй дэлгэцийн донтой тэмцэх зорилгоор залуу үеийнхэн дэлгэцийг орлох орон зайн эрэлд гарчээ. Аяныг санаачлагчдын нэг болох зохиолч П.Шүр-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль, Шавь цогцолбор сургууль, өдөр өнжүүлэх төвүүд болон цэцэрлэгийн 4-8 насны 720 хүүхдээс чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдгийг нь асуужээ.
Гэтэл гурван хүүхэд тутмын хоёр нь гэртээ зурагт үзэж, компьютер болон гар утсаар тоглодог гэсэн хариулт өгсөн байна. Харин үлдсэн нь ээж, аавтайгаа цагийг өнгөрүүлдэг, гадаа болон гэртээ тоглоомоороо тоглодог гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеийн маань гурван хүүхэд тутмын хоёр нь хүсэл мөрөөдөлгүй, зорилго чиглэлгүй, эрүүл мэндийн хувьд сул дорой, нийгмийн нэгэн идэвхгүй гишүүн болж төлөвших “хөрс” бүрэлдэж байгаа юм. Харин хүүхдүүдээс юу хийх дуртайг нь асуухад охид балет, хөвгүүд кун-фү сурахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Хүүхэд элэг бүтэн өв тэгш гэр бүлд, анхаарал халамж сайтай, ойр дотно харилцаатай орчинд өсвөл дэлгэцэнд донтох зэрэг муу зүйлд автах нь бага байдаг талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн их эмч Л.Цэрэндолгор тайлбарлав.
Эрүүл орчин гэдэг нь хүүхэд сэтгэл зүйн хувьд зөв төлөвшин өөрийгөө хэн гэдгээ мэддэг, юу хүсэж буйгаа ойлгох нөхцөл гэсэн үг. Энэ л шаардлагаар сургуулийн өмнөх насны болон ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдийг номтой нөхөрлөх орчин бүрдүүлэхийн зэрэгцээ, сонирхлынх нь дагуу дугуйланд хямдралтай үнээр хамрагдахад дэмжиж ажиллахаа “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны санаачлагчид мэдэгдсэн байна. Түүнчлэн 4-13 насныханд зориулан “Адал явдалт Зуна” хэмээх хүүхдийн цуврал зохиол гарч эхэлжээ. Гэхдээ уг зохиолд зөвхөн дэлгэцэнд донтсон хүүхдэд тохиолдсон адал явдлыг харуулах бөгөөд, сайн сайхан төгсгөлийг зохиосон гэдгээ П.Шүр-Эрдэнэ хэлсэн. Харин хүүхдээ хайхардаггүй, биеийн амрыг бодож гар утас бариулдаг эцэг, эхийн дүрийг тодотгоогүй байна. Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар хүүхэд дэлгэцийн донтой болох эхлэлийг ээж, аавууд тавьдаг. Амьд харилцааны дутагдалд орсон хүүхдүүдийн байдал өсвөр насанд нь бүр ч хүндэрдэг аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар манай улсын өсвөр насны таван хүүхэд тутмын нэгнийх нь сэтгэц эрүүл бус, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог, цаашлаад нийт сурагчдын 10 хувь нь амиа хорлох оролдлого хийдэг байна. Энэ бүхэн амьгүй харилцаа, хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгодоггүй, ойлгохыг “хүсдэггүй”- н уршиг гэдгийг сэтгэлзүйчид сануулж байгаа юм.
Гурван хүүхэд тутмын хоёр нь чөлөөт цагаа гар утас үзэж өнгөрүүлж байна
Түүнчлэн дэлгэцэнд донтсон хүүхдүүд компьютерээ тоглохын тулд худлаа ярьж, хичээлээ тасалж, хулгай хийх зэргээр буруу хөгжиж буй тархиныхаа хэрэгцээг хангадаг байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн дэлгэцэнд донтох өвчтэй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь амьгүй дэлгэцийг орлох орон зай ямар их дутагдаж байгааг илтгэнэ. Тус төв энэ оны эхний найман сарын байдлаар нийт 69 хүүхдэд эмчилгээ хийсэн нь өмнөх оныхоос давсан үзүүлэлт. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдийнхээ дэлгэцийн донг дийлэхгүй болж, эмнэлгийн тусламж авсан эцэг, эхийн тоо 2.3 дахин өсөв. Тэрчлэн дэлгэцийн донд хамгийн их нэрвэгдэж байгаа нь 12-17 насныхан байгаа бөгөөд жил ирэх бүр залуужиж байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэй хүүхдүүд ч дэлгэцэд донтож буй талаарх мэдээллийг СЭМҮТ-ийн дүн бүртгэлийн хэлтсээс өглөө. Тиймээс ч салбарын сайд ирэх сарын 1-нээс ЕБС-ийн хичээлийн үеэр багш, сурагчдыг гар утас хэрэглэхийг хориглохоор болжээ. Гэхдээ дээрх бүх таагүй мэдээг тааж мэдэх аргагүй балаг болгохоос нь урьдчилан сэргийлэхэд зөвхөн сургууль, сайн дурынхны оролцоо хангалтгүй. Хамгийн чухал орчин бол гэр бүл. Тиймээс амьгүй дэлгэц ширтүүлж, амьдралыг нь эрсдэлд оруулахын оронд амьд харилцааг эрхэмлээрэй. Та хүүхдийнхээ юу мөрөөддөг, ямар мэргэжилтэй болох, нийгэмд хэн болж төлөвшихийг мэддэг үү.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй