“60 тэрбум”-д хариуцлага тооцох нь нийгмийн захиалга
Байр суурь
Шалгалтаар үр дүн гарч, хэргийн эздэд хариуцлага тооцох нь чухал
МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбум төгрөгийн асуудал хоёр ч сонгууль дамнан яригдав. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уг асуудалд хууль хүчнийхэн анхаарал хандуулж, эрүүгийн хэрэг үүсгэхээр болсноо Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдсэн. Бичлэгийг бүрэн эхээр нь олон нийтэд ил болгосон иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долдугаар сард 60 тэрбум төгрөгийн асуудалтай холбогдуулан хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан уг тогтоолыг хүчингүй болгосон юм. Ингэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн тав дахь хэсэгт зааснаар хэргийг дахин сөхөж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан. Мөн уг хэрэгт АТГ, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хяналт тавьсан юм. Хамтарсан Ажлын хэсэг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн албанд ахлахаас дээш албан тушаалд томилогдсон, дэвшин томилогдсон нийт 1446 албан хаагчийн төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан. Мөн МАН-аас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох санхүүгийн баримтад шалгалт хийжээ.
Гэвч хоёр сар орчмын дараа уг хамтарсан Ажлын хэсгээс хэргийг хаах шийдвэр гаргалаа. Энэ талаар нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа “Дээрх шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас авлига авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэргийг хаахаар шийдвэрлэсэн” хэмээн тайлбарласан удаатай.
Тэгвэл энэ бичлэг бодитоор хэрэгжсэн байж болох нэгэн баримт гарч ирсэн байна. Шинжлэх ухаан технологийн сан гэж судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлэх, түүний үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжүүлэх, зарцуулсан хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, нэгтгэн тайлагнах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага байдаг. Тус сангийн захирал Д.Энхжаргал ажилтнуудаасаа мөнгө, эд зүйл нэхсэн байна. Энэ талаарх тодорхой баримтуудыг тэнд ажилладаг, ажиллаж байсан хүмүүс олон нийтэд тун удахгүй дэлгэхээр болсныг хэвлэлийн байгууллагууд онцолжээ. Тэд 60 тэрбум төгрөгийн сүлжээ бодитоор хэрэгжсэний жишээ хэмээн дүгнэж байгаа аж. Товчхондоо, МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбумын хэргийг хаасан мэдээтэй зэрэгцэн дахин шинэ баримт ийнхүү ил болох нь.
Төрийн өмчит компаниудад 60 тэрбумын сүлжээ хэрэгжсэн эсэхийг шалгана
Нөгөөтэйгүүр, уг хэргийг шалгах хууль хүчний байгууллагын хамтарсан Ажлын хэсгийг дахин байгуулжээ. Тэд “Эрдэнэс Монгол”, Хөгжлийн банк, Төрийн банк, Эрдэнэт гэх мэт төрийн өмчит томоохон компаниудад 60 тэрбумын сүлжээ хэрэгжсэн эсэхийг шалгах юм байна. Ийнхүү хоёр сонгууль дамжин яригдсан 60 тэрбумтай холбоотой хэргийг шалгах Ажлын хэсгийг хэд хэдэн удаа байгуулав. Олны анхаарлаас холдуулж үл болох дээрх хэргийг шалгахаар удаа дараа алхам хийж буй нь сайшаалтай. Гэхдээ энэ удаагийн шалгалтаар үр дүн гарч, хэргийн эздэд хариуцлага тооцох том хүлээлт нийгэмд байгаа юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй