2397

Ханш тодотгох ээлжит шийдвэр

Мэдээ


Газрын тосноос олох төсвийн орлого оны эцэс гэхэд дутаж магадгүй

Газрын тосны ханшийн муруй хааш чиглэхийг гол олборлогчид өнөөдөр буюу есдүгээр сарын 22- нд шийднэ. Австрийн Вена хотод OPEC-ийн болон OPEC-ийн бус олборлогчид чуулж, газрын тосны гарцаа дахин зургаан сар танах талаар хэлэлцэх юм. Уг уулзалтын үр дүн энэ сар ер бусын савлагаатай байгаа газрын тосны ханшийг тодорхойлохоор байна. Харин үүнээс өмнө газрын тосны ханш өсөлттэй байгаа юм. Ялангуяа, наймдугаар сарын сүүлээс эхлэн уналт, өсөлтийн аль алийг нь үзүүлсэн West Texas (WTI) төрлийн газрын тосны ханш пүрэв гарагийн байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид 0.5 хувиар өсөж, 50.68 ам.долларт хүрээд байна. Өнгөрсөн сарыг 45 ам.долларт үдсэн WTI-ийн ханш сүүлийн нэг сар орчимд таван ам.доллараар чангараад буй нь энэ.

Үүнд Хойд Америкийг ар араасаа дайрсан хар салхи нөлөөлсөн. Өнгөрсөн сарын сүүлчээр “Харви” хар салхи АНУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийн гол цэг болох Техас мужийг дайрч, түүхий эдийн олборлолт хийгээд боловсруулалтад саад учруулсан юм. Техаст гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн зургаан хувь нь зогсонги байдалд орсон болохыг АНУ-ын албаныхан мэдээлэв. Гэвч хар салхины аюул ингээд дууссангүй. Атлантын далайд Ирма хар салхи үүсэж, Карибын арлууд, Кубын өмнөд хэсэг, АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрсөн. Шил шилээ дарсан салхины улмаас газрын тосны ханш өсөөд байна.

Үүнтэй зэрэгцээд OPEC болон Олон улсын эрчим хүчний агентлагаас шинэ мэдээ дуулгалаа. Олон улсын эрчим хүчний агентлаг итгэл дагуулсан төлөв танилцуулсан нь өндийж байсан ханшийг улам өдөөв. Энэ онд дэлхий дахинд газрын тосны эрэлт өсөх төлөвтэй. Тодруулбал, өдөрт дунджаар 100 мянган баррелиар өсөж, 1.6 саяд хүрэх тооцоотойг тус агентлагаас мэдээлэв. Энэ нь 2015 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгаа бөгөөд Европ, АНУ-ын хэрэглээ таамаглаж байснаас сайн байгаа юм. Мөн OPEC-ийн газрын тосны нийлүүлэлт сүүлийн таван сард анх удаа буурч, хөгжиж буй орнуудын агуулах дахь боловсруулсан бүтээгдэхүүний нөөц таван жилийн дундаж түвшин рүү доошилжээ. Нийлүүлэлтийн сөрөг, эрэлтийн эерэг энэ төлөв нь сүүлийн хэдэн өдөр газрын тосны ханшийг өсгөлөө. Дээрээс нь OPEC болон газрын тосны олборлогчид гарцаа танах хугацаагаа дахин сунгах талаар хөндөж эхэлсэн нь зах зээлд нөлөөлөөд байна. Үүнээс үүдэн Brent болон West Texas төрлийн газрын тосны ханш уралдан өсөж эхэллээ.

Оны эхний найман сард газрын тосны экспорт 651 мянган баррельд хүрчээ

Brent-ийн ханш гэхэд ёроолын цэг болох өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш хоёр дахин өссөн. Тус түүхий эдийн ханш нэгдүгээр сарын 15-нд 28 ам.доллартай тэнцэж байв. Тэгвэл пүрэв гарагийн байдлаар баррель нь олон улсын зах зээлд 56 ам.долларт хүрээд байна. Ийнхүү газрын тосны зах зээл ёроолын цэгээсээ өндийж буй нь энэ. Өөрөөр хэлбэл, эрэлт өсөж, нийлүүлэлт алгуур атлаа уруудаж байгаа нь энэ зах зээл тэнцвэржих эерэг дохиог өгөв.

Тэгвэл энэ өсөлт жилд дунджаар сая баррель түүхий газрын тос хилийн чанадад борлуулдаг Монгол Улсын экспортын орлогод хэрхэн нөлөөлөх бол. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр энэ оны эхний найман сарын байдлаар газрын тосны экспорт 651 мянган баррельд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар буурсан дүн. Газрын тосны экспортын орлого 12.5 хувиар өсөж , 244 сая ам.доллар болсон байна. Улмаар энэ салбараас улсын төсвийг чиглэсэн орлого  наймдугаар сарын байдлаар 164 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь төлөвлөсөн орлогын 56 хувьтай тэнцэж байгаа юм. Үүнээс үзэхэд газрын тосноос олох төсвийн орлого оны эцэс гэхэд дутаж магадгүй байна.

Монгол Улсын газрын тосны нийт олборлолт болон экспортын 90 гаруй хувийг “Петрочайна Дачин Тамсаг” компани бүрдүүлж байгаа. Тус компанийн хоёр талбайгаас олборлосон газрын тосны экспорт долдугаар сарын байдлаар 607 мянган баррельд хүрчээ. Харин үлдсэн буюу 33 мянган баррель газрын тосыг “Доншен газрын тос” компани хилийн чанадад нийлүүлсэн байна. Олборлолтын дүр зураг ийм байгаа бол хайгуулын тухайд долдугаар сарын байдлаар 17-18 талбайд хайгуул хийж байгаа. Тэрчлэн “Petro Matad” компани газрын тосны V блокийн “Ирвэс” хэсэгт хийх өрөмдлөгөө хойшлуулаад байгааг энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн. “Sinopec Mongolia” компани гэрээний дагуу энэ өрөмдлөгийг гүйцэтгэх ёстой байсан ч шаардлагатай зөвшөөрлийг авч чадаагүй байна. Тиймээс өрөмдлөгийг аравдугаар сар хүртэл хойшлуулахаар болжээ. Эцэст нь, энэ төрлийн түүхий эдийн ханшийн төлөвийг шинжээчид эерэгээр үзэж байгаа. Шинжээчдийн олонх нь газрын тосны ханш 2017 онд дунджаар 51 ам.доллар, 2018 онд 52 ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа юм. Гэхдээ өнөөдөр болох OPEC-ийн болон OPEC-ийн бус олборлогчдын шийдвэр ханшийг муруйн чиглэлийг улам тодорхой болгохоор байна.

САНАЛ БОЛГОХ