Бичил уурхайн салбар дахь эрс өөрчлөлт
Уул уурхай
Тэднийг өөр нүдээр харах цаг иржээ
Бичил уурхайчдын талаарх урьдын ойлголт хэдийнэ хувьсан өөрчлөгджээ. Тэд сүйтгэдэг бус олборлодог, дараа нь техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж байна. Орон нутагтаа татвар төлж, даатгалд бас хамрагдаж хэвшжээ. Хувиараа ашигт малтмал олборлогчид бичил уурхайн зохион байгуулалтад орсноор хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг нэн тэргүүнд сахидаг болж. Тодруулбал, 2007 онд гарч байсан осол, гэмтэл өдгөө 95 хувиар буурсан байна. Тэрчлэн бичил уурхайчдын нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ 300 орчим га болон өргөжжээ. Энэ нь эдийн засгийн бие даасан салбар болон хөгжиж буй алтны салбарт гялтайх сайн жишээ болж байна. Бичил уурхайчдын үүрэг, оролцоо тэр хэрээр олборлох үйлдвэрлэлд онцгой жин дарж эхэлсэн аж.
Бичил уурхайчдыг нинжа болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэдээс ихээхэн зааг ялгаатайг тодотгох нь зөв байх. Тэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон төдийгүй хоргүй технологи ашиглан олборлосон алтаа Монголбанкинд тушааж байна. Олборлолтын газар, суурьшлын бүстэй бичил уурхайчдыг бид нинжа гэж андуурах нь түгээмэл. Угтаа тэдний хооронд газар, тэнгэр шиг зөрүү бий. Энэ нь цаг хугацааны явцад илүү тодрох нь дамжиггүй. Нинжа хууль бус үйл ажиллагаа явуулдаг бол бичил уурхайчид Ашигт малтмалын тухай хууль, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, татвараа төлнө. Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж байгаа. Тэгвэл орон нутагт хариуцлагатай бичил уурхай дэлхийн жишгээр хөгжих эхлэл нэгэнт тавигджээ.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сум болон аймгийн төвийн иргэд нэгдсэн зохион байгуулалттай болж компани шиг ажиллаж байна. Хийх ёстой ажлынх нь чиг үүрэг ч тодорхой. Тэд “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” гэсэн төрийн бус байгууллагыг бий болгож, өрхөө татжээ. Төрийн бус байгууллага нь дотроо 40 гаруй нөхөрлөлтэй. Иргэдийн нэгдэл Цагаан цахирын алтны үндсэн ордын 30 га талбайд гурвалсан гэрээний дагуу олборлолт явуулж байлаа. Нэг нөхөрлөл нь гэхэд 8-10 гишүүнтэй бөгөөд ажил үүргийн нарийн зохион байгуулалттай. Компанийн сайн засаглалын үндсэн зарчим нөхөрлөл болон төрийн бус байгууллага дотор зарчмынхаа дагуу хэрэгжиж байгаа аж. Энэ нь бусдад бичил уурхайн сайн туршлага болон үлгэрлэж байна. “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” төрийн бус байгууллагынхан “Спейшл Майнз” уул уурхайн компани болон орон нутагтай гурвалсан гэрээ байгуулан тус компанийн талбайд ажиллаж байгаа аж. Цагаан цахиртын уурхайд бичил уурхай эрхэлж буй нутгийн 200 гаруй иргэн байна. Тэдний нэг нь Ж.Баянмөнх. Түүний нөхөрлөл найман гишүүнтэй. Тус нөхөрлөлд багтсан иргэдийн зарим нь 10 орчим жил бичил уурхай эрхэлж байгаа аж. Ж.Баянмөнхийнх ам бүл зургуулаа. Тэрбээр тодорхой хэмжээний хуримтлал үүсгэн өөр салбарт шилжин ажиллахаар төлөвлөж байгаагаа бидэнд нуусангүй. Бичил уурхай эрхэлж байсан иргэд худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны салбарт өөрсдийн шинэ бизнесээ эхлүүлсэн талаар тэрбээр ярьсан юм. Түүний хувьд найм дахь жилдээ бичил уурхайн салбарт ажиллаж байна.
• Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж байгаа. Тэгвэл орон нутагт хариуцлагатай бичил уурхай дэлхийн жишгээр хөгжих эхлэл нэгэнт тавигджээ.
• Төрийн бус байгууллага нь дотроо 40 гаруй нөхөрлөлтэй. Иргэдийн нэгдэл Цагаан цахирын алтны үндсэн ордын 30 га талбайд гурвалсан гэрээний дагуу олборлолт явуулж байв.
• Улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтад орсон 6000 гаруй бичил уурхайчин бий.
Эмх замбараагүй алт ухдаг байх үеэс нэгдсэн зохион байгуулалтад орж, нийгмийн хариуцлагатай бичил уурхайчид болон хөгжиж буй багагүй урт түүхийн гэрч нь Ж.Баянмөнх өөрөө аж. Төрийн бус байгууллагынхаа удирдах зөвлөлийн гишүүн тэрбээр “Тогтвортой бичил уурхай” төслийн өгөөжийг орон нутгийн иргэд илүү хүртэж байгааг тодотгов. Швейцарийн хөгжлийн агентлаг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран 2005 оноос хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд нинжа болон хувиараа ашигт малтмал олборлогчдын тоо буурч эхэлсэн байна.
Алтны салбарт эзлэх бичил уурхай эрхлэгчдийн гүйцэтгэж буй үүрэг, оролцоо нэмэгдэх болсон. Үүнийг Монголбанкинд алт тушаасан иргэдийн тооноос харж болох юм. Тухайлбал, төв банкинд өнгөрсөн онд иргэд нийт 10.4 тонн алт тушаасан байдаг. Энэ нь мөнгөн илэрхийллээр 343 сая ам.доллар буюу 860 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Монголбанк нэг удаагийн интервенци хийхэд 20 сая ам.доллар зарцуулдаг гэвэл 343 сая ам.долларыг 17 удаа хэрэглэнэ. Монголбанкинд энэ сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж нийлээд 13.6 тонн алт тушаажээ. Үүний бараг 60 гаруй хувийг иргэд нийлүүлсэн байна. Бичил уурхайчид уурхайгаас олсон орлогоороо өөр бусад жижиг, дунд бизнест хөрөнгө оруулалт хийх болсныг дээрх “ХАМОДХ” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Отгонбаатар хэллээ. “Тогтвортой бичил уурхай” төслөөс бичил уурхайчид хоорондоо хамтран жижиг бизнес эрхлэхийг дэмжсээр ирсэн байна. Шалгуур хангасан бизнест төслөөс санхүүгийн болон мэргэжлийн зөвлөгөөгөөр дэмжлэг үзүүлдэг аж. Улсын хэмжээнд бичил уурхайчид оёдлын цех, үнээний ферм, зоогийн болон цайны газар, ажлын бээлийний үйлдвэр, хүнсний ногооны тариалан, эсгий эдлэлийн цех зэргийг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Манай улсын хувьд алтны борлуулалтын одоогийн сүлжээг боловсронгуй болгох шаардлага бий. Тэр дундаа бичил уурхайчдад энэ чиглэлийн мэдээлэл хомс байдаг. Үүнээс болж алдагдал хүлээх нь бий. Тэгвэл “ХАМОДХ” ТББ-ынхан шударга олборлолтын олон улсын стандарт шаардлагуудыг биелүүлжээ. Тэд олборлосон алтаа олон улсын зах зээл дээр өндөр үнээр борлуулах эрхтэй болсон байна. Энэхүү стандарт нь байгаль орчин, хүний эрх, жендерийн ямар нэгэн зөрчилгүй бичил уурхайн үйл ажиллагааны үр дүнд бий болсон алтыг дэлхийн зах зээлийн үнээр авах боломж олгодог аж. Үүнийг эко алт гэж өргөмжлөх нь бий. Тэрчлэн тухайн алтыг олборлодог бичил уурхайн байгууллагыг дэмжих зорилготой нэмэлт урамшууллыг хүртэл өгдөг байна. Дээрх стандарт, шаардлагыг хангахын тулд тус ТББ дунд шатны аудитаар гурван ч удаа орж байжээ.
Ингэснээр "Шударга олборлолтын олон улсын систем"-д нэгдэх эрхтэй болсноор энэ нь дэлхийд дөрөв дэх, Азид анхны тохиолдол болж байгааг “Тогтвортой бичил уурхай” төслийн ажилтан Ц.Тансагмаа өгүүлсэн юм. “ХАМОДХ” төрийн бус байгууллагын гишүүн бичил уурхайчдын нөхөрлөлүүд нь сум орон нутагтайгаа байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасны дагуу сар бүр 250 мянган төгрөгийн татвар төлдөг аж. Энэ нь Баян-Овоо сумын татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлдэг байна. Улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтад орсон 6000 гаруй бичил уурхайчин бий. Харин зохион байгуулалтад ороогүй иргэдийг хувиараа ашигт малтмал олборлогч гэж нэрлэдэг. Бичил уурхайчдын алтны хүдрийн технологийн үлдэгдлийн борлуулалтаас аймагт 2015 онд гэхэд 1.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Амьдралаа залгуулах иргэд зөвхөн өөртөө ажлын байр бэлдээд зогсохгүй орон нутагтаа хөрөнгө оруулалт хийж байгаа нь энэ. Швейцарийн хөгжлийн агентлаг, Засгийн газартай хамтарч Баян-Овоо суманд хүдрийн баяжуулах үйлдвэр байгуулсан. “Хонгорын хүдэр” нэртэй тус үйлдвэр бичил уурхайчдын олборлосон хүдрийг тээрэмдэж, химийн хольцгүй эко алт гаргаж авах нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Бичил уурхайн салбар дахь гэгээтэй мэдээлэл үүгээр зогсохгүй, цааш үргэлжилнэ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй