Экспортын орлогыг тэрбумаар өсгөх боломж

Нийтлэлчийн булан


“Алт-2” хөтөлбөр эхэлсэн ч мега төсөл урагшилсангүй


Алт тушаалт энэ жил арай ахиу байх магадлал өндөр байна.  Монголбанкинд тушаасан нийт алтны хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар 13.6 тоннд хүрэв. Зөвхөн есдүгээр сар гарснаас хойш 14 хоногийн дотор иргэд болон аж ахуйн нэгжүүдээс нийт 1.4 тонн алт худалдан авснаа төв банк саяхан албан ёсоор зарлалаа. Ердөө хагас сарын дотор алт тушаалт тонн илүүгээр нэмэгджээ. Энэ нь 2016 оны мөн үетэй харьцуулахад 1.1 тонноор өссөн үзүүлэлт болж байна. Эдийн засаг оны эцэст өсөлттэй, дунд хугацаанд тогтвортой байх баталгаа нь алт тушаалт болж байгааг үгүйсгэхгүй.

Намрын энэ өдрүүдэд алт тушаалт нэмэгддэг. Уг жишгээр урьд жилийн амжилтаа тус салбарынхан давтаж мэдэх нь. Ирэх сард өндөрлөх “Монгол Алт” аяны төгсгөлд энэ улирлын алт тушаалтын дүн гарна. Энэ үед төлөвлөгөө оны эцэст давах, эсэх нь илүү тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, экспортын орлогын баримжаа харагдана гэсэн үг. Манай улсын экспортын орлогын чухал үнэт металлын нэг нь алт. Энэхүү үнэт металлын экспортын орлого өнгөрсөн жил 600 сая ам.долларыг давж, 758 сая ам.долларт хүрсэн билээ. Энэ нь сүүлийн есөн жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болж, рекорд тогтоосон.

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд жилд алтнаас олох экспортын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж буй. Нэг тэрбум ам.доллар нь ойролцоогоор дотоодын импортын гурван сарын хэрэгцээ хангах хэмжээ. Олон улсын жишгээр гадаад валютын албан нөөц тухайн улсын гурван сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байвал нөөц хангалттай гэж үздэг. Энэ хэмжүүрээр нэг тэрбум ам.доллар гэдэг их мөнгө. 2012 онд олон улсын зах зээлээс манай улс 1.5 тэрбум ам.доллар босгож байсан. Тэгвэл үүний 70 гаруй хувийг зөвхөн алтны экспортоос олох боломж байна гэсэн үг. Хоёр үе шаттай “Алт-2” хөтөлбөрийн эхний үе хэрэгжиж эхэлсэн бөгөөд дараа жил өндөрлөх учиртай. Үүнийг залгаад хоёр дахь шат нь эрчимжих юм. Үүнтэй хамт нөхөн сэргээлт, байгаль орчны асуудал хурцаар тавигдах боллоо. Алт олборлолтыг жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлсээр 2020 он гэхэд 25 тонныг олборлох зорилгоор дээрх хөтөлбөрийн хүрээнд зураглаж буй. Энэ оны хувьд алтны тушаалт 20 тоннд хүрэх байх гэсэн хүлээлт бий.

Гэхдээ хөтөлбөрийн үр ашгийг тодотгох нөлөө бүхий төслийн нэг нь “Гачуурт” байсан. Гэвч урагшилж амжихгүй байсаар 12 дахь жилтэйгээ уг төсөл золгох бололтой. Мега төслийн энтэй тооцогдох “Гачуурт”-ыг 2006 оноос хэрэгжүүлэхээр үе үеийн Засгийн газар ярьж, хэлэлцэж эхэлсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувьд хөдөлгөхөөр зорьсон боловч бас л шат ахисангүй. Ингэснээр уг төсөл гацаанд орсон хэвээр үлдлээ. Шинээр бүрдэх Засгийн газар алтны салбар дахь бодлогыг хэвээр үргэлжлүүлэх, эсэхийг мэдэхгүй юм. Танхим солигдсон ч бодлого өөрчлөгдөхгүй тохиолдолд “Алт-2” хөтөлбөр эдийн засгийн ач холбогдлоороо үргэлжлэх байх. Харин “Гачуурт” төслийн өмнө даваа их байна. Хэрэв төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өмнө нь цаг алдалгүй албажуулчихсан бол өдгөө “Алт-2” хөтөлбөр хэдэн алхам урагшлах байлаа. Эдийн засгийн эргэлтэд оруулахад бүрэн боломжтой бэлэн ордын “хувь заяа” тодорхойгүй байгаа нь энэ. Алтны салбар дахь зүтгүүр төсөл нь “Гачуурт”. Дунд хугацааны төлөвийг тольдвол, алтны зах зээл өнөөдрийнх шиг таатай байхгүй нь. Үүнийг илтгэсэн судалгаа, эдийн засагчдын дэвшүүлсэн байр суурь цөөнгүй. Хэдий ийм боловч дэлхийн төв банкууд өөрсдийн валютын нөөцийн тодорхой хэсгийг алт хэлбэрээр бүрдүүлж байна. Энэ нь алтны эрэлтэд нөлөөлж байгаа нь дамжиггүй. Хамгийн их алтны нөөцтэй төв банкууд хаана байна вэ. Улсаар нь авч үзвэл, АНУ, Герман, Итали, Франц, БНХАУ, ОХУ эхний байранд орох аж.

Манай улсын хувьд алтны нийлүүлэлтээр дэлхийд 2016 оны байдлаар, 23 дугаар байранд жагссан. Дэлхийн нийт алтны тавны нэгийг Ази тивд үйлдвэрлэдэг. Хэдий Ази тив тоон үзүүлэлтээр тэргүүлэх боловч нийт нийлүүлэлтийн тал хувийг зургаан улс дангаар бүрдүүлж байна. Үүнд, БНХАУ- аас гадна Австрали, ОХУ, АНУ болон Канад багтдаг. Дэлхийн алтны эрэлтийг үнэт эдлэл, технологи, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, төв банк гэсэн дөрвөн үндсэн хэсэгт ангилж болно. Эдгээрээс дийлэнх хэсгийг үнэт эдлэл болон хөрөнгө оруулалтын зориулалттай алтны эрэлт эзэлж байна.

Эдийн засгийн эргэлтэд орох бэлэн ордын “хувь заяа” тодорхойгүй байна

“Алтны зах зээлийн төлөв” судалгаанд сүүлийн долоон жилийн дэлхийн алтны эрэлтийг авч үзсэн байдаг. Эндээс харахад алтны эрэлт 2015 оныг хүртэл тасралтгүй буурч, 2016 онд ялимгүй өссөн. Харин үүнээс хойш алтны эрэлт харьцангуй тогтворжсон билээ. Төгрөгийн ханшийн уналтыг тогтоон барихад алт голлох үүрэгтэй. Тиймээс л төрөөс Монголбанкинд алтаа тушаавал татварын хөнгөлөлт үзүүлж, Лондоны металлын биржийн ханшаар нэг грамм алтыг үнэлж буй. Хэдий хилээр хууль бусаар алт гаргах тохиолдол буурсан ч зогсоогүй байна. Эрдэнэсийн санд гэхэд л 50 гаруй кг алт хураагдан иржээ. Төв банкинд одоогоор 80 гаруй компани, 200 орчим иргэн алт тушааж байгаа. Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа “Энэ жил 19-20 тонн алт худалдаж авахаар тооцож байна” хэмээн мэдэгдсэн юм. Хэрэв тооцоолол биелсэн нөхцөлд алтны салбараас олох экспортын орлого хамгийн багадаа 800 сая ам.долларыг давна гэсэн үг. Ийм байвал алтны салбарын төсөөлөл шинэчлэгдэнэ. Тэрчлэн сайнаар зураглахад, алтны экспортын орлого нэг тэрбум ам.долларт хүрэхэд тун ойрхон байна.


САНАЛ БОЛГОХ