Хэт таргалалтын эсрэг хагалгаа хийж эхэллээ

Эрүүл мэнд


Биеийн жингийн индекс 40-өөс дээш хувьтай үед хагалгаа хийдэг

Сүүлийн жилүүдэд дэлхийд төдийгүй Монголын хүн амын дунд таргалалт нэмэгдсэнээр зүрх судас, чихрийн шижин, даралт ихсэх өвчлөл өсчээ. 2015 оны байдлаар 600 сая насанд хүрэгчид, 100 сая хүүхэд хэт таргалалтад өртөөд буйг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурдсан байна. Ялангуяа, 15-аас дээш насныхны дунд таргалалт их байгаа аж. Тухайлбал, 15-аас дээш насны америкчуудын 38.2 хувь нь илүүдэл жинтэй бол энэ үзүүлэлт Мексикт 32.4, Шинэ Зеландад 30.7 хувь байгаа юм. АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар энэ тоо 2030 онд 45 хувьд хүрэх аж. Харин Монгол Улсад 1990 оноос хойш жингийн илүүдэл эрчимтэй нэмэгдэх болжээ. Энэ нь хүмүүсийн өдөр тутмын хооллолт, амьдралын хэв маягаас шалтгаалж буй. Ялангуяа, амттан, кола, илчлэг ихтэй хоол хүнс, архи согтууруулах ундааны хэрэглээ маш их нөлөөлдгийг мэргэжлийн хүмүүс сануулж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг хэт таргалалт, түүнээс үүсэх өвчлөлийг багасгахын тулд нарийн мэс засал анх удаа хийж эхэллээ. Энэхүү хагалгаа нь ходоодны уутанцар хэсгийг тайрч нарийсгадаг аж. Ингэснээр ходоодноос ялгардаг идэх дуршал нэмэгдүүлдэг гормоныг саармагжуулдаг байна. Тус хагалгаа нь ходоод гэдэсний энгийн үйл ажиллагаанд ямар нэгж өөрчлөлт оруулахгүй ба хагалгаанаас үүдэх хүндрэл харьцангуй бага. Бусад хагалгааг бодвол харьцангуй хөнгөн бөгөөд хагалгааны цаг богино, ходоод гэдэсний энгийн үйл ажиллагааг алдагдуулдаггүй аж. Энэтхэг улсын мэргэжлийн эмч нарын баг өнгөрсөн сарын 28-нд ирж, манайд хийгдэж байгаагүй хэт таргалалтын нарийн мэс заслыг дэлхийн стандартын дагуу үнэ төлбөргүй хийсэн юм.

Монголд 1990 оноос хойш жингийн илүүдэл эрчтэй нэмэгджээ

Олон улсын “Ротари” сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, БНЭУ-ын эмч нарын баг “Глобал грант” төслийн хүрээнд хамтран ажилласныг тус эмнэлгийн эмч нар хэллээ. Хүний биеийн жингийн индекс хэт их буюу таргалалттай байвал өвчин үүсэж эхэлдэг. Ялангуяа, хэт таргалалттай хүнд даралт ихсэх өвчин хамгийн түрүүнд илэрдэг байна. Тиймээс тухайн хүний биеийн жингийн индекс 40-өөс дээш хувьтай үед хагалгаа хийдэг аж. Зүрх судасны өвчлөл, даралт, чихрийн шижин зэрэг өвчнийг хагалгаагаар зогсоох шаардлагатай болсон гэдгийг мэргэжлийн эмч нар тайлбарлалаа.

Хэт таргалалтын эсрэг хагалгаанд хоол боловсруулах замын эмч, сэтгэл судлаач зэрэг олон эмч оролцдог. Гэхдээ хэт илүүдэл жинтэй хэрнээ өвчлөлгүй бол өөр төрлийн хагалгаа хийнэ. Харин биеийн жингийн индекс бага хэрнээ таргалалтаас үүдсэн өвчтэй бол үүнээс өөр хагалгаа хийдэг аж. Иймээс ямар хагалгаа хийхийг тухайн мэс заслын багийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ. Гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч М.Ганбаатар “Энэтхэг, Хонконгийн мэргэжлийн эмч нарын баг улсын таван эмнэлэгт хуваагдан ажиллахаар ирсэн. Манай эмнэлэгт дурангийн чиглэлийн хоёр эмч, мэдээгүйжүүлэлтийн чиглэлийн нэг эмч, урологийн хоёр эмч, мэдрэлийн мэс заслын нэг эмч ажилласан. Эмч нарт практикт тулгуурласан сургалт явуулж, хэт их таргалалтын эсрэг хагалгаа хийсэн. Өмнө нь манай эмнэлэгт урологийн эмч бэлтгэгдээд байсан. Одоогийн байдлаар 10 хүнд урологийн буюу хэт таргалалтын хагалгаа хийгээд байна” гэв. Ийнхүү гаднын оронд өндөр үнэтэй хийгддэг хэт таргалалтын хагалгааг П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг дотооддоо хийх бүрэн боломжтой боллоо.
Сэтгэгдэл
Зочин
202.21.106.168
?
САНАЛ БОЛГОХ