NBA-гийн багуудын алдагдал санаснаас их
Спорт
Багуудын санхүү тухайн хотын бизнесийн орчноос хамааралтай
NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд харьяалагддаг 30 багийн 14 нь өнгөрсөн улиралд алдагдалтай ажилласан тухай ESPN мэдээлсэн нь спортын ертөнцөд томоохон дуулиан дэгдээгээд байна. Харин лигийн зүгээс улиралд олсон ашгаасаа багуудад уламжлал ёсоор хувь хүртээсний дараа энэ тоо бага зэрэг буурч, ес болжээ. Алдагдал хүлээсэн багуудын тоо цөөрсөн ч энэ нь санаа зовоох асуудал хэвээр байна. NBA бол асар их мөнгө эргэлддэг газар, багууд нь дандаа ашигтай ажилладаг гэх ойлголт буруу болохыг энэхүү тайлан нотолж өглөө. Алдагдал хүлээсэн багуудыг тоочвол “Атланта”, “Бруклин”, “Кливленд”, “Детройт”, “Мем-фис”, “Милуоки“, “Орландо”, “Сан Антонио” болон “Вашингтон” юм.
Лос анжелес хотын “Лейкерс” баг 2016-2017 оны улиралд 115 саяын ашигтай ажил ласан бол “Бруклин” 44, “детройт” 45 саяын алдалдал хүлээсэн байх жишээтэй. Багуудын санхүүгийн байдал ийм хол зөрүүтэй гарсан нь тухайн хотын бизнесийн орчноос асар их хамааралтай байдаг. “Кливленд Кавальерс”-ийн хувьд өнгөрсөн улиралд гурав дахь жилдээ дараалан аваргын төлөө тоглосон. Энэ багт өнөө цагийн супер од Леброн Жеймс хүчин зүтгэж байгаа. Түүний нөлөөгөөр тоглолттой өдөр бүр ордон үзэгчээр дүүрч, ихэнх тоглолтыг нь орон даяар шууд дамжуулан үзүүлж байв. Гэвч Кливленд бол 300 мянган хүн амтай, америктаа жижигт тооцогдох хот. Найман сая хүнтэй Нью-Йорк хоттой харьцуулах ч юм биш. Хүн ам цөөн, үүнийгээ дагаад зах зээл жижиг байдаг нь “Кавальерс” алдагдалтай ажиллах гол шалтгаан болжээ. Тамирчдын өмсгөл болон багийн бэлэг дурсгалын борлуулалт, телевизээр үзэх үзэгчдийн тоо гээд ихэнх гол үзүүлэлт нь бусадтай харьцуулахад бага.
Тиймээс амжилт арвин хэрнээ алдагдал хүлээсэн юм. Багийн эзэд гол цөм болсон тоглогчдоо хадгалж үлдэхийн тулд цалингийн цэснээс хэтэрсэн пүнлүүг тамирчдадаа олгож байв. Тэд тогтоож өгсөн хэмжээнээс даруй 40 саяыг илүү зарцуулж, тэр хэмжээгээр нэмэлт татвар төлсөн нь алдагдал хүлээх бас нэг шалтгаан болжээ. Хэрэв тухайн баг том зах зээлтэй хотод үйл ажиллагаа явуулдаг бол хэчнээн муу тоглосон ч ашиг олно гэдгийг “Лос анжелес Лейкерс”, “Нью-йорк никс”-ийн жишээнээс харж болно. Агуу түүхтэй энэ хоёр баг өнгөрсөн улиралд дэндүү муу тоглож, “Никс” нь 30 багаас 25- д, “Лейкерс” 28-д амжилтаараа жагссан. Бараг тоглолт бүртээ хожигддог байдлыг нь бодолцвол алдагдалд орж, дампуурлаа зарлахад хүрсэн мэт. Гэтэл ашигтай ажилласан багуудын тэргүүн эгнээнд тэд бичигдэж байгаа юм. Лос Анжелес, Нью-Йорк бол АНУ-ын хамгийн том хоёр хот. Энэ хоёр хотод баян чинээлэг иргэд олноор амьдран суудаг. Нэгэнт санхүүгийн асуудлаа шийдсэн хүмүүс спортын тэмцээн үзэх зэрэг бусад зүйлд цаг, мөнгө зарцуулах сонирхолтой болно. Тиймээс энэ хоёр баг хэдий муу тоглож байсан ч үзэг чээр дутахын зовлон үгүй. Ялангуяа “Никс”-ийн тоглолтыг “Мэдисон Сквер Гарден”-д үзэх нь тус хотын иргэдийн хувьд нэр төрийн хэрэг байдаг. Баян хотын аварга зах зээл эдгээр багуудыг ямар ч нөхцөлд ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлжээ. Тиймээс “Форбес” сэтгүүлийн гаргадаг хамгийн өндөр үнэлгээтэй багуудын жагсаалтыг тэд тогтмол тэргүүлдэг. NBA бол ашиг орлогынхоо хэм жээгээр дэлхийд эхний гуравт жагсдаг хүчирхэг лиг.
2015-2016 оны улиралд тус лиг 5.2 тэрбум ам.долларын орлого олсон нь америк хөлбөмбөгийн NFL (13 тэрбум), бейсболын MLB-ийн (9 тэрбум) дараа орох үзүүлэлт юм. Тэрхүү улиралд английн хөлбөмбөгийн Премьер лиг 3.4 тэрбум фунт стерлинг, Үндэсний хоккейн лиг 3.7 тэрбум ам.долларын орлого олжээ. Лиг хэдийгээр их орлого олж, амжилттай яваа хэдий ч багуудын бараг тэн хагас алдагдалтай ажилласан нь яавч сайны ёр биш. Мэдээж багууд алдагдал хүлээлээгээд тэр даруй дампуурлаа зарлачихгүй байх. Харин алдагдал авчраад байгаа багаа эзэд нь зарах хөдөлгөөн эрчимжиж магадгүй хэмээн мэргэжилтнүүд тайлбарлажээ. Сүүлийн жилүүдэд NBA-гийн багуудын үнэлгээ өссөөр байгаа. “Форбес”-ын тооцоолсноор өдгөө багуудын дундаж үнэлгээ 1.3 тэрбум ам.доллар болж өсчээ. Хамгийн сүүлд “Хьюстон рокетс” баг 2.2 тэрбумаар зарагдаж, шинэ дээд амжилт тогтоосон юм. Хэрэв зөв менежментээр удирдаж чадвал баг худалдаж авах нь тун ашигтай бизнес. Домогт сагсчин Майкл Жордан гэхэд “Шарлотт” багийг 2010 онд худалдаж авахад үнэлгээ нь 278 сая байв. Тэгвэл өдгөө энэ багийг “Форбес” сэтгүүл 780 саяын үнэтэй хэмээн тодорхойлжээ. Тиймээс алдагдал хүлээсэн эзэд багаа зарахад хүрвэл шинэ эзэн олдохгүйн зовлонгүй биз ээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй