Мөнгөний бодлого мөчлөг сөрнө

Мөнгө ба бизнес


Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлтийг онцоллоо


Бодлогын хүүгээ долоо хоногийн өмнө хэвээр хадгалж үлдсэн Монголбанк 2018 онд баримтлах мөнгөний бодлогын төслөө өчигдөр нээлттэй хэлэлцүүллээ. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн эхний гуравт багтсан. Үүнээс өмнө олон нийтэд танилцуулж, эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг тусгаж байгаа нь энэ. Ирэх жилийн мөнгөний бодлогод хэрэглээний үнийн индекс буюу инфляцийг жилийн найман хувиар зурагласан.

Эдийн засагт сэргэлт ажиглагдах болсон хэдий ч эмзэг байдал нь өндөр хэвээр. Ийм үед огцом бус тогтвортой өсөлтийг төв банк чухалчиллаа. Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад 2017 оны мөнгөний бодлого чиглэж байсан. Харин ирэх  жил эдийн засгаа тогтворжуулахад Монголбанк хамаг анхаарлаа хандуулах бололтой. Эдийн засаг энэ оны эхний хагаст 5.3 хувиар өссөн. Энэ нь хямрал холдон буйг илтгэх хариулт болж байна. Төслийн шатанд яваа мөнгөний бодлогод инфляцийг ойрын гурван жилээр тооцжээ. Тодруулбал, 2018-2020 онд инфляци нэг оронтой тоонд буюу найман хувь орчимд байх нь.

Энэ нь инфляцийн дарамтгүй тогтвортой өсөлтийг бий болгох төв банкны өөрийнх нь зорилготой уялдсан байна. Ингэж 36 сараар таамаглаж байсан тохиолдол тун ховор. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, инфляци энэ оны наймдугаар сарын байдлаар 5.1 хувьтай гарсан. Мөн “Инфляцийн талаарх иргэдийн хүлээлтийн түүвэр судалгаа”- нд ч ялгаагүй хүлээлт өссөн дүнтэй байна. Үүнийг эдийн засгийн ерөнхий төлөв сайжрах угтал гэдгийг тус судалгаанд тайлбарлажээ. Эндээс харахад, мөнгөний бодлогод инфляци дунд хугацаанд сорилт болохгүй нь. Ийм нөхцөлд дотоодын эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх орон зай Монголбанкинд гарах магадлал нэмэгдсээр.

Төв банкны тухай хуулийн дагуу Монголбанк жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, ирэх сарын 1-ний дотор УИХ-д өргөн барьдаг. Энэ жишгээр 2018 оны мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичгийг боловсруулжээ. Макро эдийн засгийн “манаач”-ийн үүрэг гүйцэтгэдэг Монголбанк төв банкны нээлттэй, ил тод байдлыг сайжруулах, бие даасан хариуцлагатай байдлыг бэхжүүлэх шинэ зорилт дэвшүүлж байна. Энэ нь урьд жилүүдийн мөнгөний бодлогын төсөлд тэр болгон дурдаад байдаггүй өгүүлбэрийн нэг.

Үндсэн чиглэлийг намрын чуулганаар хэлэлцэнэ

Уул уурхайн салбарын идэвхжил ДНБ-ий өсөлтийг тодорхойлох болсон. Үнийн түвшин өсөж, барилгаас бусад салбарын үйлдвэрлэл эрчимжиж байгаа. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд эерэг тоон үзүүлэлт давамгайлж, хөрөнгө, санхүүгийн зах зээл өсөлттэй гарч эхэлсэн. Энэ нь мөнгөний бодлогын үндсэн зорилт тогтвортой байхад нөлөөлжээ. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Макро эдийн засгийн төлөв” судалгаандаа дээрх өөрчлөлтийг дурдсан юм. Хэдий ийм боловч эрсдэл отож байгааг тус банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Эдийн засгийн эмзэг байдал, цаашид анхаарах асуудлууд” илтгэлдээ хөндсөн юм.

Мөнгөний бодлогод тусгалаа олсон ээлжит зорилт нь санхүүгийн зах зээлийг “онилжээ”. Энэ хүрээнд банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлээс гадна үндэсний төлбөрийн системийн найдвартай байдлыг шинэ түвшинд гаргах аж. Үүнээс гадна “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна. Уг хөтөлбөрийн үр дүнд, хадгаламжтай иргэдийн тоо өсөх төдийгүй санхүүгийн сахилга бат сайжирна гэж үзжээ. Төрөөс баримтлах мөнгөний бодлогод санхүүгийн салбарын тогтвортой байдлыг чухалд тооцдог. Эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монголбанк шаардлагатай тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ шинэ төсөлд тэмдэглэжээ. Тэрчлэн банкны салбарт итгэх иргэдийн итггэлийг дээшлүүлэх, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тэргүүн зорилгоо ч гээгээгүй байна. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгохоо дээрх төсөлд өгүүлжээ.

• Эдийн засагт сэргэлт ажиглагдах болсон хэдий ч эмзэг байдал нь өндөр хэвээр. Ийм үед өндөр бус тогтвортой өсөлтийг төв банк чухалчиллаа.

• Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх, банкны салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар зорьж эхэлсэн.

• Гадаад валютын албан нөөц 1.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Төв банкны инфляцийн зорилт биелэлээ олсон нөхцөлд үйлдвэрлэл, ажил эрхлэлт өсөлтийн мөчлөгт шилжих боломжтой. Үүнийг хэлэлцүүлэгт оролцсон зарим эдийн засагч тодотгосон. Уламжлалт мөнгөний бодлогыг гардан хэрэгжүүлж буй одоогийн төв банкны удирдлага Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх, банкны салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар зорьж эхэлсэн. Энэ хүрээнд намрын чуулганаар Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хүлээгдэж байна. Мөнгөний бодлого зах зээлийн зарчмаас гажихгүй гэдгээ ил тод зарлачихсан. Тиймээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэх аж. Өөрөөр хэлбэл, ханш уян хатан тогтох зарчим валютын захад хэвээр үйлчлэх нь. Монголбанкны гадаад валютын албан нөөц 1.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Энэ нь төгрөгийн ханшийг огцом уналтыг сааруулах, улмаар тогтворжуулах гол баталгаа. Банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх болон эрсдэл даах чадварыг хадгалах энэ оны мөнгөний бодлогын зорилт ирэх онд ч хүчинтэй байх нь. Монгол Улс мөчлөг дагасан эдийн засгийн бодлогоос татгалзах, улмаар эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагын өмнө ирээд байна. Үүнийг 2018 оны ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлого тодоор зарлалаа. Мөчлөг сөрсөн мөнгөний бодлого эдийн засгийн эрүүл өсөлтийн “хөрс”- ийг бүрдүүлэх “амбийц”-аа ийнхүү ил болгов.

САНАЛ БОЛГОХ