30 дахь Ерөнхий сайдын хүлээлт

Засгийн газар


Ерөнхий сайдад нэр дэвшигчдэд санал хуваагдах магадлалтай

МАН-ын Удирдах зөвлөл ням гарагийн орой хуралдаж, МАН-ын IX Бага хурлаар хэлэлцэх асуудлаа төлөвлөж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулж чадалгүй завсарласан бөгөөд даваа гарагийн өглөө болох Бага хурлын өмнө Удирдах зөвлөл үргэлжлүүлэн хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулсан юм. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын хоёрыг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хуралд оруулахаар ярилцаж байсан ч тохиролцож чадаагүй учир гурвууланг нь Бага хуралд оруулахаар болсон талаар зарим эх сурвалж мэдээллээ. Нэр дэвшсэн гурван гишүүний хувьд 50+1 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвших эрхтэй болох юм. Бага хурлын 310 гишүүнээс 58 хувь нь хуралдаанд ирсэн учраас ирц бүрдсэн гэж үзэн МАН-ын дарга М.Энхболд хуралдааныг эхлүүлсэн.

Энэ удаагийн Бага хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, хамгийн сүүлд буюу дөрөв дэх асуудалд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах байв. Хэлэлцэх дөрвөн асуудлын нэгдүгээрт, МАН-ын дарга М.Энхболдын илтгэл, хоёрдугаарт, МАН Хяналтын ерөнхий хорооны 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, гуравдугаарт, 2017 оны арваннэгдүгээр сарын 20, 21-нд болох МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгох журмыг хэлэлцэж, улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудал багтсан байлаа. Энэ удаагийн хурлыг УИХ- ын дарга асан С.Төмөр-Очир даргалж, хурлын дэд даргаар Сангийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа томилогдсон юм. Ингээд МАН- ын бага хурал эхэлж, МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавилаа. Тэрбээр “МАН үнэмлэхүй олонх болчихоод анх удаа Засгийн газраа огцруулж байна. Уг нь бид энэ асуудлыг арай өөрөөр шийдэх гээд Удирдах зөвлөлийг хоёр удаа, УИХ дахь МАН-ын бүлгийг хэд хэдэн удаа хуралдуулсан. Засгийн газрыг огцруулах нь сайн, муу хоёр талтай. Энэ удаагийнх муу үр дагавар бүү дагуулаасай” хэмээв. Түүнчлэн намынхаа боловсон хүчний бодлогын талаар онцолсон юм. Тодруулбал, 2016 оны сонгуулийн дараа шинээр ажилд томилогдсон хүмүүсийн 51 хувь нь Засгийн газар, УИХ- ын гишүүдийн санал болгосон хүмүүс байсан гэлээ.

МАН-ын Их хурал арваннэгдүгээр сарын 20, 21-нд болно

Хоёр цаг орчим үргэлжилсэн хурал нэг цагийн түр завсарлага авч, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд Удирдах зөвлөлийн шийдвэр болон Бага хурлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Гурван нэр дэвшигчээс ялсан нь УИХ-ын чуулганы хуралдаанд орно.

МАН-ын дүрмээр Бага хурлын хуралдаанаар заалнаас нэр дэвших эрх нээлттэй. Одоогоор заалнаас нэр дэвшсэн хүн байхгүй байна. Хяналтын ерөнхий хороо сонгуульд ялагдсан шалтгааныг өөрсдийн зүгээс тайлбарлана. Ялагдлын үндсэн шалтгаан нь, Засгийн газрын бодлого, намын үйл ажиллагаатай холбоотой тодорхой асуудал байна. Энэ талаар Бага хурлаар ярина. Түүнчлэн энэ хурлаар намын 28 дугаар Их хурлын гишүүдийг сонгох журмыг хэлэлцэнэ. Түүний дараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Намын Их хурлаар намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөнө" гэв. МАН нийт 180 мянга орчим гишүүн, дэмжигчтэй. Эдгээрээс Их хуралд оролцох төлөөлөгчийг сонгох журмыг Бага хурлаар хэлэлцэж батлах юм.

Бага хурлын 310 гишүүний 180 нь мандатаа авч хуралдаандаа оролцож байгаа юм. Тиймээс санал хураалтын дараа элдэв хэл ам гаргахгүйн тулд төрийн албанд орсон Бага хурлын гишүүдийг хасч, санал хураалтыг шударга явуулах нь зөв гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуралдааны эхэнд гаргав. Засварлага авсан хурал 15.00 цагт үргэлжилж, МАН-ын дарга болон Хяналтын ерөнхий хорооны даргын илтгэл дээр 45 гишүүн таван минутын хугацаанд санал хэлснээр хурал 19.30 цагт дахин завсарласан юм. Бага хуралд оролцож байгаа зарим гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч гурван гишүүн дээр санал хуваагдах учир хурлыг мягмар гарагт дахин явуулах магадлалтай гэсэн мэдээллийг өгч байлаа. Гэсэн ч хурлын дундуур буюу 20.00 цагийн үед МАН- ын Удирдах зөвлөл хуралдаж, хуралдааныг хойшлуулахгүй, Бага хурлаар Ерөнхий сайдын нэрийг тодруулах шийдвэр гаргажээ. Дугаар шилжих мөчид буюу 23.00 цагийн байдлаар МАН-ын Бага хурал үргэлжилж байсан бөгөөд үүрийн 04.00 цаг хүртэл хуралдах төлөвтэй байгааг гишүүд хэлсэн юм. Нэмж мэдээлэхэд, МАН-ын 28 дугаар Их хурлыг арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдуулахаар болжээ. Хуралдаанаар МАН-ын шинэ даргыг сонгох, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.



-Сангийн яамнаас таван жилийн хугацаатай “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларын эргэн төлөлтийг барагдуулах урьдчилсан судалгаа хийсэн. Хэд, хэдэн хувилбар боловсруулаад байгаа. Тус бондыг 2012 онд олон улсын зах зээлд 4.125 хүүтэй гаргаж байсан. Одоо татах эх үүсвэрийн хүү мэдээж энэ түвшнээс өндөр байна гэсэн тооцоо бий. Гэхдээ бид хүүгийн түвшинг аль болох бага байлгахаар ажиллаж байна. Ерөнхийдөө хүлээгдэж буй эргэн төлөлтийг хаахын тулд бондыг бондоор солих хувилбарыг ашиглах болов уу.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн


-Эдийн засгийн хямралын үед төрийн албыг таарсан бүтэц, зохион байгуулалттай болгож цэгцлэх ёстой. Засгийн газар нэн тэргүүнд Монгол Улсын тэргүүлэх салбаруудыг тодорхойлж, дэлхийн бусад орны жишгээр бодлогодоо төлөвлөх нь зөв. Өмнөх Ерөнхий сайд нарын гол алдаа нь сайд болсныхоо дараа юу хийх вэ гэдгээ тодорхойлж, дараа нь судалж байна, ажиллаж байна гэсээр цаг хугацаа алддагт байсан. Тиймээс үлдэж байгаа 2.5 жилд ямар реформ хийхээр төлөвлөснийг нь асууж, сонголтоо хийнэ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ


-Одоогийн байдлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэр эцсийн байдлаар тодроогүй байна. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг харгалзаж, МАН-ын есдүгээр бага хурлын үеэр эдийн засаг, нийгмийн салбарт баримтлах бодлогын талаар зарим асуулт тавьж, эцсийн шийдвэрээ гаргана. Ер нь сонгодог парламентийн засаглалтай оронд Ерөнхий сайд нь намын дарга болдог тогтсон уламжлалтай. Тиймээс намын дарга хүн Ерөнхий сайд байх ёстой гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал


-Засгийн газар огцорсноор гадаад дахь Монгол Улсын нэр хүнд, хөрөнгө оруулагчдын итгэл алдраад байна. Жишээлбэл, Олон улсын валютын сангийн хэлэлцээрүүд одоогоор зогсонги байдалтай байна. Монгол Улсын эдийн засгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр товлосон хурлууд нь шинээр бүрэлдэх Засгийн газрыг хүлээсэн байдалтай байгаа. Эндээс харахад, саадгүй явж байсан ажлууд ийн зогссон нь Монгол Улсад тодорхой хэмжээний хохирол амсуулсан гэж дүгнэж байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг
САНАЛ БОЛГОХ