Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол

Судлаачийн үг


Tусгаар тогтнолоосоо татгалзахаар завдсан нэгэн түүхийг хойч үедээ сануулахуй

Манай эх орны тусгаар тогтнол хутганы ирэн дээр явсан үе ХХ зуунд цөөнгүй. Гаднаас хүчээр нэгтгэж авах гэсэн ч бий, бас өөрсдөө нийлье гэсэн нь ч бий. Сүүлчийнхийг нь манай үеийнхэн огт мэдэхгүй болохоос гаднаас үүдэлтэй түүх сөхөж ахмад үеэ яллаж буйг минь хүлцэн хүлээн авна уу.

Ард түмний мэддэггүйг мэдүүлэх үүднээс эдүгээгийн МАН нь Дээд Шивээний 1921 оны хувьсгалт байгууллагын зөвлөлгөөнөө 1924 онд “Намын анхдугаар их хурал” хэмээн нэрийдэхээр тогтсоныг (МАХН, Их, Бага хурал, Төв Хорооны бүгд хурлуудын тогтоол шийдвэр, I хэсэг, 1921-1939, УБ., 1956, 11 дэх талд) эхлээд сануулах нь зүйтэй. Учир нь Дээд Шивээний тэрхүү зөвлөлгөөнөөс Ардын Хувьсгалын замыг зааж өгсөн бодлогын гол баримт бичиг нь “Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг” хэмээх 10 зүйл заалт бүхий, түүний III зүйлд дараах мөрүүд байна:

-Өмнөд Хятад, Умард Хятад, Сычуань хязгаар, Түвд, Хотон, Манж, Монгол зэрэг дор дороо өөрөө эзэрхэн шударга засаг байгуулж тусгаар тогтноод, бүгд хоорондоо нэгэн хэлхээ баталж Холбоот Улс байгуулбал, сая харилцан бие биеэ дарлалцахгүй болоод гадаадын эзэрхэг түрэмгий аюулаас хамгаалахад сайн гэжээ. Этгээд хачин энэ өгүүлбэрийн цаана Хятадын субъектүүдтэй нийлж эвсээд Холбооны БНУ байгуулъя гэсэн уриа дуудлага байх шиг. 1923 онд МАН II Их хурлаасаа “Түмэнд тунхаглан зарлах бичиг”-ээ “Эрмэлзэх арван зүйл” гэж өөрчлөн батлаад анхны бодлогоо болгожээ. Бодлогын II зүйлд: Манай Ардын намын эрмэлзэл алсдаа Монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болохыг хүснэ гээд III зүйлдээ түрүүчийн Холбооны БНУ байгуулах уриагаа засваргүй давтан оруулжээ. “Алсдаа Монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болохыг хүснэ” хэмээх заалт нь Пан-Монголизмын үзэл болж цааш 10-аад жил хөгжөөд 1937 оноос хэсэг дарагдаад, II дайны үед дахин амилсныг 1945 оны Ялтын Бага хурлын гурван гүрний тохиролцоогоор бүр мөсөн бөхөөсөн билээ.

Харин Эрмэлзэх 10 зүйл гэгч намын бодлогын III зүйл нь Хятадын үе үеийн эрх баригчдад аятайхан зууш болж, чухам Монголын тусгаар тогтнол дээр монголчуудыг нээнтэглэж, дэлхий дахиныг эргүүтүүлэхэд ногоон гэрэл асааж өгснийг эдүгээ нэхэн шүүмжлэхэд буруутах юун. Монголыг тусгаар тогтнуулахгүй гэсээр байгаад Монголын статускво дээр буусан Чан Кайши, Хятадад ардын хувьсгал ялбал БНМАУ аяндаа БНХАУ-ын бүрэлдэхүүнд орж ирнэ гэсэн Мао Зэдуны итгэл үнэмшил, нам-төрийн бодлогын хэмжээнд тэрбээр Москвагаас Монголыг нэхэж шаардсан зэрэг нь огт оргүй хоосноос гарч ирээгүй ба түүнийг л би ногоон гэрэл асаасан гээд байгаа хэрэг. Хятадад хэвлэгдсэн сурах бичиг, газрын зураг, зарим ном зохиолд БНМАУ-ыг бие даасан тусгаар тогтносон улс биш, Хятадын нэг хэсэг хэмээн удаа дараа тэмдэглэж байсныг Ю.Цэдэнбалын олон ном бүтээлд жишээлсэн.

Хамгийн сүүлд 1996 онд нэхэн хэвлэгдсэн “Би тангарагтаа үнэнч байсан” дуртгал номоос дээр эшлэснийг энд дурдууштай. Аль нэгэн их гүрний нөмөр нөөлөгт багтаж хөгжье гэх жижиг улс үндэстний философи дээр Мао тоглох гэсэн байж болох юм. Дэлхийн II дайнд СССР ялах нь нэгэнт тодорхой болсон үед тусгаар тогтносон Тува улс СССР-ийн бүрэлдэхүүнд бахдалтайгаар элссэн энэ үест тэглээ хэмээн тува ахан дүүстээ атаархсан МАХН-ын хэсэг лидер СССР-т элсэе гэдэг асуудал тавиад таг болсон. Дараа нь Монголын талаар Сталин, Мао хоёрын хэрүүл дөнгөж эхэлж байх үед 1950 онд Монгол орны хоцрогдлыг арилгах хамгийн сайн арга бол СССР-ийн бүрэлдэхүүнд БНМАУ орох явдал хэмээх үзэл санаа монголчуудаас дахин өөрсдөөс нь гарч иржээ. “Улс орноо Зөвлөлтийн нэгэн БНУ болгоход саад болж байгаа цорын ганц хүн бол Чойбалсан байна” хэмээн Улсын Бага Хурлын дарга Цэдэв Улаанбаатарт суугаа Зөвлөлтийн Элчин сайд Приходовт ярьж байсан.

Мөн БНМАУ-ын Ерөнхий прокурор Жамбалдорж, манайх шиг жижиг орон тусгаар тогтносон байх нь утгагүй юм байна гээд уйлж байсныг оросууд Москва руу дор нь мэдээлсэн түүхэн баримтыг зөвлөлт-оросын нэрт сэтгүүлч Л.Шинкарев “Цэдэнбал, Филатова: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл, УБ., 2004” номынхоо 82-84 дэх хуудсанд дурайтал бичсэн нь бий. Бүр хэд хэдэн удаа Москва руу хандсан байгаа юм. Сталины 70 насны ойд бэлэг болгоод улсаа СССР-т нэгтгэчихье, Сталиныг нас нөгчсөнийг эмгэнээд түүний дурсгалыг хүндэтгээд улсаа СССР- т өргөн барьчихъя гэсэн санаа цухалзаж удаа дараа Москвагаас няцаагдаж байжээ. Бүр тодорхой жишээ бий. СССР-ийн ах дүү гэр бүлд багтаж орохгүйгээр манай оронд социализм байгуулж чадахгүй. Иймд Улаанбаатараас Москвад хэрхэн шахалт үзүүлэх асуудлаар С.Авирмэд, Б.Бадарч, Г.Галбадрах, Ц.Дүгэрсүрэн, Д.Төмөр-Очир, Л.Цэнд (сүүлчийн хоёр нь нөгөө ардчилагч, реформист) нарын хамтарсан захидал Ю.Цэдэнбалын удирдлагаар бичигдэж бөөн сенсаац дэгдээсэн. Энэ бол нөгөө МАХН-ын “Эрмэлзэх 10 зүйл”- ийн III заалтын боловсронгуй хувилбар нь гэхээр байв.

Тусгаар тогтнолоосоо сайн дураараа татгалзахыг завдсан энэ хэрэг 1950-иад оны хоёрдугаар хагасаас тэгсгээд намжсан. Учир нь Москвагаас тууштай няцаагдсан юм. Харин 1950-иад оны сүүлч үед тэр үеийн социалист лагерь бат нягтралтай, ялангуяа хөрш гурван улс БНМАУ, СССР, БНХАУ ах дүүгийн барилдлагатай байх үед Ю.Цэдэнбалаас бас нэг ориг санал дэвшигдэн гарч ирсэн нь бахархууштай. Аль 1920-иод оны “Эрмэлзэх арван зүйл”-ийн II зүйлд “Манай Ардын намын эрмэлзэх нь алсдаа Монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болохыг хүснэ” гэсний илэрхийлэл, тусгал нь байсан болов уу гэмээр санал юм. Тэрбээр хөрш хоёр их гүрний удирдагч Никита Хрущев, Мао Зэдун нарт захидал бичжээ. Түүндээ хоёр хөрш улсад аж төрдөг монгол угсааны монгол үндэстнүүдийг Монгол Улсад шилжүүлж суурьшуулах, тэгснээрээ монгол үндэстнийхээ тоог өсгөх, БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад тэднийг ашиглуулахыг уриалан дуудсан агуулгатай байжээ.

Сталины 70 насны ойд бэлэг болгоод улсаа СССР-т нэгтгэчихье гэжээ

 Тэр захидлын эх хувь хаа нэгтэй байж л таарна. Түүнийг олж авбал өнөөгийн бидэнд мөн ч их хэрэгтэй санж. Тэр захидлын эхийг бэлтгүүлэхээр МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Б.Жаргалсайханд үүрэг өгч бичүүлж байсныг Цэдэнбалын тэр үеийн туслах асан, хожмын нэрт дипломатч Д.Ёндон гуай надад хуучилж байсан. Ёндон агсны ярьснаар Маогоос хариу иржээ. Хятадын цөөн тоотой үндэстний нэг болох өвөрмонголчууд БНХАУ-ын бүтээн байгуулалтад хэрэгтэй улс. Тэд малаа маллан Өвөрмонголын их талд аж төрж ирсэн. Хэрэв тэднийг БНМАУ руу шилжүүлвэл нутаг нь эзгүйрнэ, социализмын бүтээн байгуулалт хийж байгаа Хятад ч хүн амаа тууштай өсгөх бодлого баримталж байна гэсэн утгатай хариу ирсэн аж. Харин Хрущев хариу ирүүлээгүй бололтой.

Хожмын өөр нэг баримт. Өөр өнцгөөс дүгнэх хэрэгтэй. 1976 онд МАХН-ын XVII Их хурал өөр хувилбараар “Зөвлөлт Холбоот Улс ба Социалист бусад оронтой БНМАУ бүх талаар ойртон нягтрах явдал бол манай орны хөгжлийн бодит зүй тогтол мөн” гэсэн философи гаргаж иржээ. Ю.Цэдэнбалаас МАХН-ын XVII Их хуралд тавьсан МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэлийн IV бүлэг нь яг ийм гарчигтай. Энэ нь Холбооны БНУ-ын хэлбэрээс олон шат ахиж дэлхийн нийгэм-эдийн засгийн нэгдмэл нэг лагерийн хүрээний сэтгэлгээнд тулж очсон юм. Лениний зөгнөснөөр, ерөнхий төлөвлөгөөгөөр жолоодох дэлхийн бүхэл бүтэн нэгдмэл аж ахуй буюу хоорондоо ойртож интернационалжсанаар ирээдүйд интернационалч аж ахуй бүхий дэлхийн коммунист хамтын нөхөрлөл байх ажээ. 1976 оны төсөөллөөр бол харьцангуй хоцорч буй БНМАУ нь коммунист нийгэм байгуулах замд ах дүү социалист орнуудтай аль болох нэгэн үед орох байв.

Энэ бүх санал санаачилга 1990 онд түүхэн жамаараа замхарсныг энд түүхчлэх хэрэггүй. 1990-ээд оноос Монгол Улс жинхэнэ эзэн мэдсэн, хэнээс ч үл хамаарах тусгаар тогтнолоо эдэлж эхэлтэл харин хөршүүдийн зүгээс нөгөө “Эрмэлзэх 10 зүйл”- ийг бидэнд эргэж сануулсан этгээд хачин саналууд албан бус сувгаар дэвшигдэж, орон зайн ба геополитикийн элдэв хувилбар руу түлхэх боллоо. Эдний заримыг жишээлбэл:

“Их Лимитроф”-руу шингээх тухай Оросын эрдэмтэн В.Цымбурскийн үзэл санаа байна. Тэрхүү хязгаарлагдмал орон зай дараах хүрээнд байх аж.

Туркжсэн Монгол нь Орос-Хятадын иргэншил, соёлын уулзвар Лимитрофын хил өмнө зүгт Түвд рүү салбарлаад зүүн тийшээ Солонгосын хойг хүрч лимитроф төгсөнө.

“Монгол-Түвдийн Холбооны улс” ирээдүйд бий болгох тухай Оросын эрдэмтэн А.Дугины санал нь нөгөөх “Эрмэлзэх 10 зүйл”-ийн орчин үеийн хувилбар гэж үзэхээр:

Монгол Түвд
Манжуур Шинжаан
Буриад Тува
Хакасс Алтай
“Байгаль нуурын Эдийн засгийн хамтын нөхөрлөл” буй болгох тухай И.Николайчукийн санал:

Монгол Улс Чита муж
Буриад улс Алтай улс
Тува улс
“Их Хятадын эгч дүүс долоон Холбооны улс” байгуулж Тайванийн хоёр эргийн харилцааг сайжруулах тухай Тайванийн Ерөнхийлөгч асан Ли Дэнхуйн үзэл санаа бол “Эрмэлзэх 10 зүйл” яг тэр чигээрээ явж байна уу гэлтэй.

Хятад Тайвань
Монгол Түвд
Манжуур Шинжаан
Өмнөд Хятад
Бүр дордоод Монголыг шууд Хятадад шилжүүлье гэсэн дээрэнгүй үзэл бодол байна. Энэ нь Гадаад Монголд газар нутаг хэрэггүй, амьдрах орон зай нь хүрэлцээтэй учир өмнө талаас хүч түрэн тулж ирж буй Хятадтай наймаалцах хэрэгтэй гэсэн санаа. Гол төлөөлөгчид нь Оросын улстөрч, эрдэмтэн Г.Каспаров, А.Венгеровский, Н.Нартов, В.Жириновский, А.Митрофанов гэх мэт. Эдний араас ийм бодолтой дахиад хэд хичнээн хүн гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг нийгэмд амны зоргоор юу гэж ч ярьж, хэлж болно.

САНАЛ БОЛГОХ