Ямаа дээдэлсэн заяа буюу алдагдсан бүтцийн уршиг

Нийтлэлчийн булан


Нэг хонь, нэг ямаа гэсэн хамгийн тохиромжгүй харьцаанд тун ойртжээ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас жил бүр бэлчээр ашиглалтын нэгдсэн судалгааг танилцуулдаг. Энэ жилийн хувьд их л базаахгүй дүр төрх харагдаж байна. Тухайлбал, нийт газар нутгийн 20 хувьд бэлчээрийн даац хэвийн бол үлдсэн 80 хувьд нь хэтэрчээ. Ихэнх нутагт 3-5 дахин, төвийн бүсийн зарим хэсгээр бүр хэдэн зуу дахин нэмэгдсэн тухай мэдээлэл судалгааны үр дүнд тодорхой болжээ.

Бид бэлчээрийн даац гэхээр зөвхөн хавар, намар, зунд хамаатуулж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь айсуй өвлийг өнтэй давахад хамгийн их хамаатай асуудал. Ялангуяа, зундаа гандуу байж, өвс тэжээл бага ургасан энэ жилийн хувьд бүр ч их хамаатай. Хэдийгээр өвлийн цагт өвс тэжээл цасанд дарагддаг ч мал түүнийг нь ухаж, гол зогооно. Харин даац нь хэтрээд өвсгүй болчихвол, малчид нь өвлийн тэжээлээ хангалттай базааж чадаагүй бол хэдэн мал ирэх өвлийг хэцүүхэн л туулах байх.

Манай эрдэмтэд 2000 онд ХХААЯ-ны захиалгаар бэлчээрийн даацын судалгаа хийсэн. Энэхүү судалгаанаас Монгол орны газар нутаг хонин толгойд шилжүүлснээр 86 сая мал хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлт гарсан юм. Зуншлага сайхан жил энэ тоо 98 сая болж нэмэгдэх бол гантай жил 55-56 сая болж буурдаг байна. Тэгвэл өдгөө 61.5 сая мал Монголын тал нутгаар бэлчээрлэж буй. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл 95-96 сая болно. Гэтэл өнгөрсөн зун нутгийн нийт хэсэг гантай байсныг бид мэднэ. Үүнээс шалтгаалан улсын хэмжээнд ургац, хадлан тэжээл бэлтгэх ажил хангалтгүй байгаа. Монголчууд эрт дээр үеэс байгаль цаг уурынхаа нөхцөл байдалд тохируулан малынхаа тоо толгойд зохицуулалт хийдэг байв. Тухайлбал, өнтэй жил малын тоог 10-15 хувиар өсгөж, гантай жилүүдэд 20-30 хувь бууруулах жишээтэй. Гэхдээ мал сүрэг хувьд шилжсэнээс хойш энэ зохицуулалт үндсэндээ алдагдсан юм.

“Гантай жил ургацын гарц 38-40 хувь буурдаг. Энэ нь эргээд тэжээлийн хомсдолд оруулна. Өнгөрсөн зун гантай байлаа. Тиймээс өнтэй жилийн даацаар яагаад ч явж болохгүй нь ойлгомжтой. Малчид онд орж чадахааргүй, тарга тэвээрэг муутай малаа нядалж мөнгө болгох, тэр мөнгөөрөө тэжээл худалдаж авах хэрэгтэй болж буй нь үнэн. Гэвч малчид ийм энгийн юмыг хийдэггүй. 50 хонь худалдаад тэжээл авахад нийт сүргээ тэжээчихнэ шүү дээ. Гэвч хэдэн малаасаа тэжээл харамлаж байгаад тавиуланг нь хялайлгадаг малчин зөндөө байна. Энэ чигээр нь хариулж байгаад тоо толгойг нь өсгөж, хурдхан шиг баяжаад явья гэсэн бодолтой болж. Гэтэл бидэнд урьд өмнөх гашуун туршлага байна шүү дээ.

2009-2010 оны өвлийн зуднаар 10 сая толгой мал хорогдсон. Энэ бол маш том тоо. Дээхнэ үед олон янзын л зуд болсон. Харин энэ дундаас хамгийн сүйтгэлтэй нь сүүлийн арваад жилд тохиолоо. Хэрэв энэ өвөл хүндхэн болж, цас их унавал яах болж байна. Өвс тэжээлээ хангалттай бэлдэж чадсан болов уу. Залхуурах тусам газар гишгэх малгүй, ган хийх нохойгүй болдог нигуртай. Уг нь бэлтгэлээ сайн базаасан малчид ямар ч зуднаас айдаггүй. Гэвч ийм малчин тун ховордож” хэмээн Бэлчээр судлалын төвийн гүйцэтгэх захирал, доктор, профессор С.Цэрэндаш ярьсан юм. Бэлчээрийн даацын асуудал хөндөгдөхөд мал сүргийн бүтэц заавал яригддаг. 1918 оны дүн мэдээг үзвэл мал сүрэг гурван хонь, нэг ямаа гэсэн бүтэцтэй байв. Энэхүү бүтэц бүр 1990-ээд он хүртэл хадгалагдсан түүхтэй. Гэвч энэ үеэс ноолуурын үнэ өсөхтэй зэрэгцээд малчид ямаагаа өсгөх сонирхолтой болж “ноолуураар өвчилсөн”. Улмаар хоёр хонь, нэг ямаа гэсэн бүтэц рүү аажмаар шилжсэн бол өдгөө нэг хонь, нэг ямаа гэсэн хамгийн тохиромжгүй харьцаанд тун ойртжээ. Үндэсний статистикийн хорооны тоон үзүүлэлтэд анхаарлаа хандуулья. 1926-1992 оны улсын мал тооллогын 66 жилийн дүнгээс үзэхэд сүрэгт бод мал 21.7 хувь, бог мал 78.3 хувийг эзэлдэг байв. Тэгвэл 2016 оны байдлаар бод мал 13.2 хувь, бог мал 86.8 хувийг эзлэх болжээ.

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд тэмээний тоо толгой 2.2 дахин буурсан байхад ямааны тоо эсрэгээрээ 4.1 дахин нэмэгдсэн дүнтэй. Ингэснээр бог малын 25.4 хувийг эзэлж байсан ямааны тоо бараг 50 хувьд хүрсэн. Чухам энэ харьцаа бэлчээрийн хомсдолд оруулж, Монгол орны газар нутгийг цөлжилт рүү аажмаар хөтөлж буйг бид мэддэг ч ямар нэг арга хэмжээ авалгүй өдийг хүрлээ.

“Уг нь төр үүнийг бодлогоор зохицуулах ёстой юм. Бид малаа ингэж харалган өсгөж болохгүй. Ялангуяа ямааг. Ямааг хэтэрхий их өсгөснөөс болж бэлчээр авах юмгүй доройтоод байна. Зүй нь малд бэлчээр ашиглалтын татвар тогтоох хэрэгтэй. Ямаанд бусдаас өндөр татвар ногдуулах замаар асуудлыг шийдэж болно. Харин тэмээ, үхэрнээс татвар авахгүй байж болно шүү дээ” хэмээн С.Цэрэндаш доктор хэлснийг энд сануулья. Өнгөрсөн жил мал аж ахуйн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд Баянхонгорын гурван суманд бэлчээр хэрхэн зөв ашиглах туршилт явуулжээ. Энэхүү арга хэмжээнд гурван сумын нийт малчдын 80 гаруй хувь нь хамрагдсан юм. Бэлчээрээ зөв зохистой ашиглах арга нь цоо шинэ юм биш л дээ. Малын бэлчээрээ ойрын, дунд болон холын зайн гэж гурав хуваах монголчуудын уламжлалт аргыг ашигласан байна. Ерөнхийдөө, бэлчээрийнхээ хамгийн зах хэсгээс нь эхэлж малаа хариулах энэхүү туршилтын дүнд бэлчээр маш хурдан сэргэжээ. Эртнээс уламжилж ирсэн энэ аргаа сэргээхэд л бид бэлчээрийн даац хэтрэх, өвс талхлагдах зэрэг өдгөө толгойны өвчин болоод буй асуудлаа шийдэх боломжтой. Гэвч малчид залхуурч, өвөлжөөнийхөө ойр орчимд малаа бэлчээснээс болоод өнөөх газар нь дараа жил эргэн сэргэдэггүй болохыг эрдэмтэд учирлаж байна.

САНАЛ БОЛГОХ