Ч.Даваасүрэн: Амжилттай бизнесийн санаа судалгаанаас гардаг
Мөнгө ба бизнес
Судалгаа бол зардал биш хөрөнгө оруулалт
Бизнесийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахад шаардлагатай мэдээ мэдээллээр хангадаг зах зээлийн судалгааны талаар Монголын маркетингийн судалгааны ассоциацийн тэргүүн, MMCG компанийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Бизнесийн байгууллагад судалгаа ямар ач холбогдолтой вэ?
-Бизнес эрхлэгчдийн тархи толгойд олон асуулт эргэлддэг. Ямар бизнес ашигтай, хүмүүс аль бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхдог, өрсөлдөгчид яагаад илүү байна гэх мэт дуусахгүй урт жагсаалтад шийдэл эрэлхийлдэг. Асуулт бүрд хариулт, хариулт болгонд шийдэл байдаг. Харвардын их сургуулийн бизнесийн сургуулийн судлаачид бизнес эрхлэгчдийг шийдвэр гаргалтын зан төлөвөөр нь таван бүлэгт хувааж үздэг. Үүнээс хамгийн зөв зан төлөвтэй нь судалгаатай шийдвэр гаргагчид юм. Өөрөөр хэлбэл, туршлага, азын тоо, лам багшийн сургаалд итгэдэг болон эргэлзэж байж шийддэг хүмүүс бус “долоо хэмжиж, нэг огтолдог” бизнес эрхлэгчид юм.
Тэгэхээр судалгаа нь бизнес эрхлэгчдэд тулгарах эрсдэл, даван туулах боломжийг тодорхойлж, оновчтой шийдвэр гаргахад тусалдаг. Бизнес эрхлэгчид судалгаа мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргасан бол итгэлтэй байж, ядаж бүтэн нойртой хононо шүү дээ.
-Та зах зээлийн судалгаа хийдэг хүний хувьд судалгаанд яагаад мөнгө төлөх ёстойг хэлж өгнө үү?
-Судалгаанд үндэслэсэн бизнесийн шийдвэр, түүний гүйцэтгэлийн үр дүнд борлуулалт, орлого, ашиг нэмэгддэг гээд мөнгөөр хэмжиж болох үр ашиг өгдөг. Нөгөө талаар, хэрэглэгчид танайхыг мэддэг болж, брэнд тань олонд танигдаж, ажилтнуудын мэдлэг хандлага өөрчлөгдөх гээд мөнгөн бус үр дүнг авчирдаг. Гэтэл судалгаанд төлсөн мөнгө энэ бүх үр ашигтай харьцуулахад маш бага шүү дээ. Ер нь судалгаа хөгжүүлэлтэд зориулсан зардлыг зардал бус хөрөнгө оруулалт гэж үздэг.
Судалгааны үр дүн бизнест учрах эрсдэлийг илрүүлж, бас ямар боломж байгааг харуулна. Тэгэхээр “шатаж” болзошгүй байсан хөрөнгийг тань хамгаалж, шинэ зах зээл, борлуулалтыг нээж өгнө гэсэн үг. Энэ л судалгаанд яагаад мөнгө төлөх ёстой гэсэн асуултын гол хариулт.
-Хувийн хэвшил ер нь ямар төрлийн судалгааны гол хэрэглэгчид вэ. Өөрөөр хэлбэл, тэд ямар мэдээллээр илүү дутагдаж байна вэ?
-Бизнес эрхлэгчдийн мэдээлэл, судалгааны эрэлт хэрэгцээ нь тухайн компани, салбарын хөгжлийн түвшин, удирдлагын чадавхтай холбоотой байх нь элбэг. Зарим нь зах зээлийн багтаамж, эргэлддэг мөнгөний хэмжээг мэдэхгүй явж байдаг. Мөн хэрэглэгчдийн хэрэглээ хандлага, зан төлөвийн судалгааны мэдээлэл хэрэгтэй.
Бизнесийн амжилтын 50 хувь судалгааны үр дүнгээс шалтгаалдаг
Харин бүтээгдэхүүн, үйлчилгээг нь хэр олон хүн мэддэг, хэрхэн үнэлдгийг мэдэхийг хүсвэл брэндийн судалгаа хийлгэж болно. Бизнес эрхлэгч өөрийгөө нэг янзаар дүгнэдэг, хэрэглэгч өөрөөр ханддаг байж болно шүү дээ.
Мөн хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнд тань сэтгэл ханамжтай байгаа эсэхийг судлах нь чухал. Сэтгэл ханамжтай хэрэглэгч л дахин худалдан авалт хийнэ, үнэнч байна, танайхыг сурталчилж өгнө, бусдад санал болгоно. Үйлчилгээний чанар стандартын хэрэгжилтийг хөндлөнгөөс үнэлдэг “Мистери шоппинг” буюу нууцлаг худалдан авалтын судалгаа гэж байдаг.
Танай бизнес аль шатанд яваа, тулгамдаж буй ямар асуудал байна, ямар шийдвэр гаргах гэж байгаагаас шалтгаалж хэрэгцээтэй мэдээлэл нь өөр өөр байна. Үнэнийг хэлэхэд бизнес эрхлэгч өөрөө яг ямар судалгаа мэдээлэл хэрэгтэй байгаагаа мэдэх албагүй. Харин судлаач, зөвлөхөд асуудлаа дэлгэснээр шаардлагатай мэдээлэл, судалгаа хийж өгнө. Судалгааны үр дүн гарахад зөвлөгөө өгнө гэсэн үг. Энэ үйл явцыг эмнэлгээр үйлчлүүлж буйтай зүйрлэж болно.
-Судалгаагүйн улмаас бизнест ямар эрсдэл учрах вэ?
-Маш олныг хэлж болно. Барилгын салбарт саяхныг хүртэл орон сууцны эрэлт өндөр байлаа. Бараг л барьсан орон сууц болгон зарагдаж байсан. Тэгтэл одоо баригдчихаад зарагдаагүй маш олон орон сууц бий. Мэдээж хөрөнгө санхүүгийн хямрал нөлөөлж буй ч нөгөө талаар, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг судлаагүйгээс байр нь зарагдахгүй, банкны зээл нэхэгдээд, хүндхэн асуудалд орж байгаа барилгын компаниуд нэлээдгүй байна. Шинэ орон сууцны 2-3 дахь худалдан авалтаа хийж байгаа иргэд байна. Өөрөөр хэлбэл, тэд орон сууцанд тавигдах шаардлага, юу хүсэж байгаагаа сайн мэддэг болжээ гэсэн үг. Тэгэхээр барилгын компани орон сууцаа барьчихаад зарах бус зураг төслийг нь хийхээс өмнө ямар байх, юу төлөвлөж өгөх ёстойг хэрэглэгчдээсээ асууж баривал зарагдах магадлал маш өндөр. Нэг орон сууцны хороолол олон тэрбум төгрөгөөр босдог. Харин ийм төрлийн судалгааг хэдхэн сая төгрөгөөр хийгээд зураг төслөө хэдэн ч удаа сайжруулж болно шүү дээ.
-Компанийн аюулгүй байдалд ямар сөрөг нөлөөтэй юм бэ?
-Санхүүгийн алдагдал хүлээх нь маш том аюулын нэг. Тухайлбал, компанийн орлого жил бүр өсөж, хэрэглэгчийн тоо нь нэмэгдэж байгаа хэдий ч салбарын хэмжээнд аваад үзэхэд хэрэглэгчдээ алдаж байж болно. Өөрөөр хэлбэл, зах зээлийн нийт өсөлт 15 хувь байхад тухайн компанийн өсөлт таван хувь байна гэж үзье. Тэгэхээр бусад өрсөлдөгч илүү өсөлттэй, танайх зах зээлд эзлэх хувиа алдаж байна. Ингэхээр ойрын хугацаандаа компанийн аюулгүй байдалд эрсдэл учирч байгаа юм.
-Судалгаагүйн улмаас гаднын бизнесүүдэд цохигдож байна гэж ярьж байна. Энэ хэр зэрэг үндэслэлтэй вэ?
-Олон улсын түвшинд Англи, Франц, Голланд, АНУ, Япон, Солонгос гээд өндөр хөгжилтэй орнуудын судалгааны компаниуд тэргүүлж байна. Европын хувьд анх Германд 1934 онд маркетингийн судалгааны GfK компани байгуулагдсан түүхтэй. Масс үйлдвэрлэл явцгүй болж, маркетинг хэрэгтэй гэдгийг энэ үед ойлгож мэдэрсэн хэрэг. Маркетингийн судалгаа бол бизнесийн, тэр дотроо маркетингийн салшгүй хэсэг болж байгаа юм. Үүнийг ойлгосон компанийн брэнд хүчтэй, бизнесийн загвар нь төгс байдаг. Судалгаанд үндэслэн төгс боловсруулсан загвараа тухайн орны зах зээлд нэвтрүүлэхдээ зах зээл, хэрэглэгчдийнх онцлогийг нь бас дахин судалж, нэвтрүүлнэ. Ингэхээр үүний эсрэг өрсөлдөхөд хүнд байх болно. Таны асуултад би “тийм” гэж хариулах байна. Гэхдээ Монгол хүн Монгол хүнээ л ойлгоно, бид өөрсдөө сайн судалгаатай байж чадвал илүү давуу талтай. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж уриалах нэг хэрэг. Үндэсний онцлог давуу тал, бизнесийн загвараа судалгаатай боловсруулсан цагт гаднын бизнест зах зээлээ алдахгүй байж чадна.
-Зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай байршуулах, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхэд ер нь хэр зэрэг их судалгаа хэрэгтэй вэ. Манайхан судалгаагаа гүйцэт хийж чаддаг уу?
-Шинэ бүтээгдэхүүн гаргахад судалгаа маш чухал. Дэлхийд жилд шинээр гарж буй бүтээгдэхүүний 70-80 хувь нь амжилтгүй болдог гэсэн судалгаа бий. Амжилтгүй болдог гол шалтгаан нь хэрэглэгч, зах зээлээ сайн судлаагүйд л байдаг. Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шат бүрд маркетингийн өөр өөр судалгаанууд хийгддэг. Үүнийг бид сүүлийн үед “Co-Creation Model” гэж нэрлэдэг. Хэрэглэгчидтэйгээ хамтарч брэнд бүтээнэ гэж ойлгож болно. Үүний давуу тал нь хэрэглэгч өөртөө зориулж бүтээж байгаа тул сэтгэлээсээ хандаж, дуртайяа худалдан авна. MMCG компанийн хувьд энэ загварыг захиалагчдадаа санал болгодог. “Өлзий” брэнд энэ загвараар хийгдсэн. Хэр амжилттай явж байгааг та бүхэн харж байгаа байх. Гэхдээ цогцоор нь авч хэрэгжүүлж байгаа тохиолдол ховор байна.
-Судалгааны нэг ач холбогдол нь тухайн байгууллагын эргэлтэд орохгүй байгаа нөөц боломжийг гаргаж ирэх гэж ойлгодог. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бүрэн санал нийлж байна. Юу хийх, бизнесээ яаж өргөжүүлэх вэ гэдэг асуултыг бизнес эрхлэгчид байнга тавьдаг. Судалж олж харж чадвал “нуугдсан” боломж олон байгаа. Нэг ч өрөөгүй байж дэлхийн даяар буудлын өрөө түрээсэлдэг сүлжээ, өөрийн гэсэн нэг ч машингүй таксины сүлжээ гэх мэт бизнесийн шинэ санаа эндээс л гарсан байдаг.
-Манайд судалгааны хөгжил ямар шатанд байна гэж та хардаг вэ?
-Маркетингийн судалгааны салбарын үүслийг маркетингийн судалгааны мэргэжлийн анхны байгууллага байгуулагдсан 2002 оноос эхлэлтэй гэж бид үздэг. Тухайн үед манай бизнесийнхэн маркетинг хийх гэдгийг телевизээр сурталчилгаа хийх л гэж үздэг байлаа. Энэ үед зах зээлийн багтаамж, хэмжээг тодорхойлох судалгаанууд л хийгддэг байсан. Энэ бол судалгааны анхан шатны түвшин.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2007 оноос эрчимжиж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон. Тэд Монгол Улсад хөрөнгө оруулахдаа зах зээлийн судалгаа шаардах болсон. Энэ үеэс судалгааны хөгжил эхэлсэн гэж үздэг. 2010 оноос гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, зах зээлийн өрсөлдөөн ч ширүүссэн. Энэ үед хэрэглэгчдийн зан төлөвийн болон сэтгэл ханамжийн судалгаа хийгдэх болсон нь нэг шат ахисныг харуулж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид маань судалгааны ач холбогдлыг ойлгож, өөрсдөө ч илүү сайн боловсорч, судалгааны байгууллагуудаас илүү их гүнзгий мэдлэг, боловсронгуй загвар, даацтай дүгнэлт шаардах боллоо. Үүнийг дагаад судалгааны байгууллагууд нь шинэ дэвшилтэт загвар, арга техник, технологийг нэвтрүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Судалгааны салбар эрчимтэй хөгжиж байна гэж дүгнэж болохоор байна. Гэхдээ анхаарах асуудлууд байгаа. Мэргэжлийн ёс зүй, стандарт, захиалагчдын боловсрол, судалгааны шинэ арга технологи гээд суралцах зүйлс олон байна.
-Сайн судалгаатай байх нь бизнесийн амжилтын хэчнээн хувийг эзлэх вэ?
-Судлаач хүний хувьд бизнесийн амжилт судалгаа сайн байхаас 100 хувь хамаарна гэж хэлнэ. Гэхдээ нөгөө талаас, захиалагчаас судалгааг ашиглаж шийдвэр гаргаж байгаа, хэрэгжүүлж байгаа хүмүүс судалгааны үр дүнг хэр сайн ойлгож, үйл ажиллагаандаа тусгаж чадсанаас хамаарна. Тэгэхээр 50 хувь нь судалгааны үр дүнгээс, үлдсэн нь гүйцэтгэлээс шалтгаална.
• Үндэсний бизнесийн загвараа судалгаатай боловсруулсан цагт гаднын бизнест зах зээлээ алдахгүй байж чадна
• Тэгэхээр судалгаа нь бизнес эрхлэгчдэд тулгарах эрсдэл, даван туулах боломжийг тодорхойлж, оновчтой шийдвэр гаргахад тусалдаг
• Шинэ орон сууцны 2-3 дахь худалдан авалтаа хийж байгаа иргэд сууцанд тавигдах шаардлага, юу хүсэж байгаагаа сайн мэддэг болжээ
-Ази, номхон далайн судалгааны байгууллагуудын чуулган энэ сарын 28-30-нд болох юм байна. Судалгааны ач холбогдлыг ийм хэмжээнд авч үзэж буйн шалтгаан юу вэ?
-Судалгаа мэдээллийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Түүнийг дагаад бизнес эрхлэгчид, судалгааны байгууллагууд маань олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах, шинэ загвар арга техникт суралцах шаардлага байна. Судалгаатай хөгжье гэж их ярьдаг ч яг ямар судалгааг яаж хийх, хэрхэн ашиглах талаар мэдлэг ойлголт хангалтгүй байна. Тэгэхээр тэр загвараар судалгаатай хөгжөөд ирсэн улс орнууд, экспертүүдээс суралцах боломжийг байнга эрэлхийлж байх хэрэгтэй.
MMCG компани Монголын маркетингийн судалгааны ассоциаци гэсэн мэргэжлийн холбоо байгуулж, Ази, Номхон далайн орнуудын судалгааны холбоо (APRC)-нд 2013 онд гишүүнээр элссэн. Энэ чуулганыг эх орондоо зохион байгуулах эрхийг хоёр жилийн өмнө APRC-аас авсан юм. Энэ удаагийн чуулганд 15 орны 30 гаруй компанийн төлөөлөгч, эксперт ирж, манай бизнесийн байгууллагуудад бизнесийн өсөлтийг бий болгох стратеги, арга техник, туршлагаасаа хуваалцах боломж олгоно.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй