Хугацаанд захирагддаггүй хөнгөлөлт
Эрүүл мэнд
Энэ жил хөнгөлөлттэй эмийн хүртээмжид 42.8 тэрбум төгрөг зарцуулж байна
Өнөөдөр Улаанбаатар хотод 354, хөдөө орон нутагт 537 эмийн сан хөнгөлөлттэй үнээр эм худалдаж байгаа. Эдгээр эмийн сан Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр худалдааны нэршлээр 817, олон улсын нэршлээр 197 нэр төрлийн эмийн үнийг 40-80 хүртэл хувиар хөнгөлдөг. Тухайлбал, 82 мянган төгрөгийн үнэтэй эмийг 46 мянгаар, 21 мянган төгрөгийн хүүхдийн халуун буулгах лааг таван мянган төгрөгөөр худалдаалдаг. Гэвч хөнгөлөлттэй эм авахаар очиход эмийн сангийн олонх нь санхүүжилт дууссан гэж хоосон буцаах нь олон. Эхний хэдхэн хүнд л алтан боломж олдож, үлдсэн нь хөнгөлөлтийн гадна үлдэнэ. Эмийн сангийн эм зүйч нарын хэлж байгаагаар Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн сангийн зэрэглэл, хүчин чадлаас хамаарч 1-10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгодог боловч хоёр ч хонолгүй дуусчихдаг байна. Энэ асуудал хөдөө орон нутагт ч ижилхэн. Уг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас жил бүр 20-40 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг.
• Эмийн сангуудын санхүүжилт хоёр ч хонолгүй дуусчихдаг.
• Худалдааны нэршлээр 817, олон улсын нэршлээр 197 нэр төрлийн эмийн үнийг 40-80 хүртэл хувиар хөнгөлдөг байна.
• Хөнгөлөлттэй эм олгох хугацааг тухайн эмийн сан тогтооно.
Өнгөрсөн жил гэхэд 30 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ жил эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогоос 329 тэрбум, тусламж, үйлчилгээний зардалд 296 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Үүнээс 42.8 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангуудад олгож байгаа юм. Гэвч эмийн хөнгөлөлтөд хэдэн ч тэрбумыг зарцуулсан иргэд бүрэн хамрагдаж чадахгүй хэвээр байна. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн С.Сарантуяа “Манайхаас эмийн сангуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулдаг. Гэрээний дагуу сард хэдэн төгрөгийн санхүүжилт олгохоо тогтдог. Ингээд эмийн сан тухайн мөнгөндөө тааруулж эмийн хөнгөлөлт олгоно гэсэн үг. Тиймээс заавал Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт орж ирэхийг хүлээх шаардлагагүй. Манайхаас сар бүрийн тэдэнд олгох ёстой гэсэн хугацаа тогтоодоггүй болохоор тухайн эмийн сан хугацаагаа зохицуулна” гэв. Мөн тэрбээр иргэд гэр бүлийн бусад гишүүний нэр дээр, 30-аас дээш буюу олон ширхгээр хөнгөлөлттэй эм худалдан авч байгаа нь иргэдэд бүрэн хүрэлцэхгүй байгаа ийм шалтгаан гэдгийг ч дуулгасан юм.
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эм олгох журамд нэг хүнд тухайн эмийг 10-аас дээш буюу долоо хоногоос илүү хугацаагаар хэрэглэх эм олгохгүй гэж заасан байдаг юм билээ. Хэрэв хөнгөлөлттэй эмийн жор олгох эрхтэй эмч нар эмийг олон ширхгээр, аль эсвэл гэр бүлийн өөр гишүүний нэр дээр бичиж өгвөл эмзүйч болон эмч хариуцлага хүлээнэ. Тиймээс цаашид иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд хөнгөлөлттэй эм болон эмийн сангийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэж Эрүүл мэндийн даатгалын газрын мэргэжилтнүүд хэлсэн юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй