Залилангийн пирамид хүрээгээ тэлжээ
Мөнгө ба бизнес
Санхүүгийн залилан үйлдэгчид Монголын нийгэмд амь бөхтэй оршсоор байна
Мөнгө “ургуулна”, байр бэлэглэнэ... Ер нь хүссэн бүхнийг биелүүлнэ. Ийм амлалт өгсөн санхүүгийн “шидтэн”-үүд чөлөөт зах зээлд санаснаараа сэлгүүцэж, дураараа дургиж явна. Эдийн засаг хүндэрч, иргэдийн хэтэвч нимгэрснийг мэдэрсэн саваа барьсан “шидтэн”-үүд тархи эргүүлсэн ажиллагаагаа эхлүүлжээ. Бас болоогүй зүсээ хувиргаж, арга нь улам нарийссан гэж болно.
Шаталсан маркетингийн систем, санхүүгийн пирамидын аргаар иргэдийг залилсан тохиолдол өнөө хэр гарсаар байна. Тэр тусмаа өнгөрсөн хэдэн сар Монголын нийгэмд шуугиан тарьсан “G Time”-ийн хэрэг намжаагүй, хохирлын хэмжээ нь бүрэн тодроогүй байхад санхүүгийн пирамидын шинэ сэдлүүд санаачилжээ. Зах зээлийн нийгмийн зах хязгааргүй орон зайд сул чөлөөтэй оршин тогтнож байгаа нь зүсээ хувиргаж, өгөөшөө өөрчлөх боломж гэлтэй. Хамгийн сүүлд олон мянган айл өрхийн хүсэл, мөрөөдлөөр “орон сууцны хавх” хийсэн байна.
Үнэгүй бяслаг хавханд бий
Ипотекийн зээлийн эрч суларч, уг хөтөлбөр эзэнгүйдэж эхэлсэн энэ ээдрээт үеийг ашиглан санхүүгийн “сахиусан тэнгэрүүд” тархи угаалт сэдсэн нь юунд хүргэхийг урьдчилан хэлэхэд эрт байна. Хүүгүй, урьдчилгаагүй орон сууцны зээл олгоно гэсэн итгэхэд бэрх зар, мэдээллүүд цахим ертөнцөөр хөвөрч, иргэдийн эмзэг газрыг онилоод байна. Хоёр сая төгрөг төлөөд хүүгүй орон сууцны зээл аваарай гэх зар өнгөрсөн зунаас эхлээд нийгмийн сүлжээгээр “ниссэн”. Уг зээлд хамрагдах хүсэлтэй иргэд эхлээд дээрх мөнгийг тушааснаар орон сууцтай болоход нэг алхам ойртоно. Эхний ээлжинд 40 орчим хүнийг бүртгэж, хүн тус бүрээс хоёр сая төгрөгийн баталгаа авч, 80 орчим сая төгрөг төвлөрүүлээд, энэ мөнгөөр эхний бүртгүүлсэн хүнд орон сууц авч өгнө хэмээн тус үйл ажиллагааг зохион байгуулагчид тайлбарлаж байв. Үүнд нь итгэсэн иргэд ч хэдийнэ бүртгүүлж, тохилог сууц төсөөлөөд эхэлчихсэн явна.
Уг нь шууд худалдаа буюу сүлжээний бизнесээр халхавч хийж, иргэдээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, санхүүгийн пирамид үүсгэх нь манайд шинэ зүйл биш. Бүр чөлөөт зах зээлээс өмнө буюу 1970-аад оны дундуур иймэрхүү ажиллагаа явуулж, гэмт хэрэг болж байсныг энэ чиглэлийн судлаачид хэлдэг. Түүнээс хойш буюу зах зээлийн эдийн засагт шилжсэнээр шил шилээ даран гарах болсон. “Жавхланг бадруулагч”, “Шинэ санаа” төв, “Холливуд”, “Глобал Ньюс” гээд олон тооны санхүүгийн пирамид үүсч, иргэдийг хохироожээ. Ялангуяа, орон сууц, автомашин амлаж, мөнгө завшсан хэд, хэдэн тохиолдол бий. Бүр байртай болгоно хэмээн их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, эргээд дампуурсан түүх ч олон жилийн өмнөх явдал. Орон сууц амласан санхүүгийн үйлчилгээ эцэстээ хүн амины хэрэг гарах үндсэн шалтгаан болсон гашуун сургамж ч бий.
Монголын нийгэмд арилшгүй хар толбо болон үлдсэн энэ төрлийн бараан хэргийн дуулиан шуугиан өнөө хэр тасраагүй байхад байртай болгох амлалтууд идэвхжээд эхэллээ. Тэр тусмаа, “G Time”- аас хохирсон иргэд өнөөг хүртэл цагдаагийн байгууллагын үүдийг сахиж буй ийм сэрэмжлэхээр үед шуналын пирамидаар иргэдийг төөрөгдүүлсээр байна. Монголчууд ч “хулхидуулаад” хаширч байгаа юм алга. Байртай болох сургаар байгаа бүхнээ өгсөөр. Нийслэлийн цагдаагийн газрын мэдээллээр тус байгууллага одоогоор энэ төрлийн залилангийн дөрвөн тохиолдлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаагийн байгууллага иргэдийг элсүүлж мөнгө авдаг 22 байгууллагыг шалгасан.
Үүнээс долоон сэжигтэй тохиолдол илрүүлж, дөрвийг нь хэдийнэ шалгаад эхэлжээ. Эдгээрийн нэг нь дээр өгүүлсэн хоёр сая төгрөгийн хураамж авч байртай болгохоо амалсан Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан. Одоогоор энэ сангийн үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ер нь хүүгүй орон сууцны зээл амласан байгууллага үүгээр зогсохгүй. Одоогоор хууль, хяналтын байгууллага энэ компанийн үйл ажиллагааг хянаж, эцэслэн тогтоогоогүй учир нэрийг нь нууцалж, “А”- гаар төлөөлүүлье. “А” компани орон сууцны урьдчилгаагүй, хүүгүй зээлийн үйлчилгээг санал болгож байна. Энэ ховор үйлчилгээг авахын тулд та эхлээд 2-3 сая төгрөг төлж, өөрөөсөө гадна арваад хүн элсүүлэх шаардлагатай.
• Зах зээлийн нийгмийн зах хязгааргүй орон зайд сул чөлөөтэй оршин тогтнож байгаа нь зүсээ хувиргаж, өгөөшөө өөрчлөх боломж гэлтэй.
• Хамгийн сүүлд олон мянган айл өрхийн хүсэл, мөрөөдлөөр “орон сууцны хавх” хийсэн байна.
• Нийслэлийн цагдаагийн газрын мэдээллээр тус байгууллага одоогоор энэ төрлийн залилангийн дөрвөн тохиолдлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Ингэсэн тохиолдолд зургаан сарын дотор таныг байранд оруулна хэмээн амлаж байгаа юм. Хотын хөл хөдөлгөөнтэй бүсэд байрлах тус компанийн албан байранд очиход залуу бүсгүйчүүд танилцуулга хийх аж. “Орон сууцтай болох тун амархан” хэмээн хэдэнтээ хэлээд, ашгийн бус байгууллага болохоо тайлбарлав. Гэхдээ тэд одоогоор ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн компанитай гэрээ байгуулаагүй, санал болгочих бэлэн байргүй сууж байв. Гол нь араасаа дагуулах 10 хүнээ зургаан сарын дотор олж чадахгүй бол баталгаа болгон өгсөн 2-3 сая төгрөгийн тодорхой хувийг шимтгэл хэлбэрээр авч, үлдсэнийг нь буцааж өгнө. Энэ мэт тэдний шаардлага хөвөрч байгаа юм. Тэдний тавьсан саналын дагуу тоо бодъё. “А” компани нэг хүнээс хоёр сая төгрөг авч, 10 иргэнийг элсүүлэхэд нийт 20 сая төгрөг хуримтлуулна. Гэтэл байрны ам метрийн хамгийн хямд үнэ 1.3 сая төгрөг гэж тооцвол дундаж нэг өрөө байрыг 40 орчим сая төгрөгөөр худалдаж авна. Иргэний өгсөн хоёр сая дээр, элсүүлсэн хүмүүсийнх нь 20 сая төгрөгийг нэмбэл 22 сая төгрөг болно. Тэгэхээр байр худалдаж авах шаардлагатай зөрүү мөнгийг нь “А” компани өөрөөсөө гаргана гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, тус компани хүүгүй зээлнэ. Монгол Улсын Засгийн газрын иргэдээ орон сууцжуулахаар хэрэгжүүлж буй ипотекийн зээл хүртэл найман хувийн хүүтэй. Гэтэл бизнесийн байгууллага иргэнд хүүгүй ийм олон сая төгрөг зээлэх үү. Ийм буяны байгууллага байхгүй нь ойлгомжтой. Иргэдийг орон сууцжуулах Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна хэмээн тайлбарлаж буй энэ байгууллагыг шүүн, дэнслэх эрх хуулийн байгууллагад бий тул ингээд орхиё. Харин анхаарал татмаар нэг зүйл байгаа нь энд Монгол төрийн нэр дурдагдаж байна. Ер нь сүүлийн үед иймэрхүү ажиллагаанд албаны хүний нэр холбогдох болсон. Энэ төрлийн залилагчид илүү зохион байгуулалттай болж, улам итгэл үнэмшил төрүүлэхийн тулд олон нарийн арга сэддэг нь аюултай. Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатын нэр барин залилан хийж, мөнгө завшсан тохиолдол саяхан гарсан. Тэгвэл сүүлийн үеийн энэ төрлийн залилагчид төрийн нэрийг барьж, “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ”... хэмээн танилцуулгынхаа дээд хэсэгт бичээд, иргэдэд тарааж байна.
“Хулхидуулж” хаширдаггүй монгол
Үнэндээ сүлжээний бизнес бүрийг санхүүгийн пирамид гэж ойлгох нь өрөөсгөл. Бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд гишүүнчлэл үүсгэж, худалдаа үйлчилгээ хийдэг нэг төрөл бий. Бидний мэдэх “Oriflame”-ийн бизнес загвар бол үүний сонгодог жишээ. Гэвч энэ аргыг ашиглан бүр тодруулбал халхавч хийн, гишүүнчлэл үүсгэх нэрийдлээр санхүүгийн пирамид босгож байгаа нь харин хууль зөрчсөн үйлдэл. Товчхондоо, санхүүгийн пирамид нь “зангууны үлгэр, залилангийн хүүдий”. Гэвч өнөө хэр зарим иргэн “хулхидуулж” хашрахгүй явна. Зах зээлийн хуулиас гажсан, зөрчсөн хуудуутай бизнесийн саналд автаж амар хялбар аргаар ашиг олох гэсэн, шуналтай иргэдийн буруу энд бий. Гэхдээ ажилгүйдэл, ядуурал их, хөдөлмөрийн үнэлэмж бага, засаг төрийн тогтворгүй байдлыг ашиглан зохион байгуулалттайгаар үгсэн хуйвалдаж, бүлэглэн үйлддэг болохыг судлаачид тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн нөлөө бий. Нөгөө талд нь сайн санаатны дүр эсгэсэн залилагчид өнөө хэр үйл ажиллагаа явуулах орон зай бий болоод байна.
Манай улсад аль хэдийнэ цэцэглэн хөгжиж, иргэдийг хохироогоод байхад хяналт тавих үүрэгтэй газар даан ч алга. Ниргэсний дараа хашхирав гэгчээр иргэд хохирч, нус нулимс болсны дараа хууль, хяналтынхан хөдөлж эхэлдэг. Угтаа энэ төрлийн бизнест цагдаа, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, татвар гээд хэд хэдэн байгууллага хяналт тавих учиртай. Гэхдээ эдгээр байгууллагын хараа хяналт хэр байгаа нь тасралтгүй араасаа цуварсан гэмт хэргүүдээс харагдаж байна. Хяналт тавих үүрэгтэй байгууллагууд нь хэрэг гарсан даруйд өөр өөрсдийн байр суурь илэрхийлдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд өөрсдийгөө өмгөөлсөн, өөрсдөөсөө холдуулсан байдлаар тайлбарладаг нь нууц биш. Бас эдгээр байгууллагыг буруутгах аргагүй, эрхзүй, зохицуулалтын цоорхой бугшсан нь үнэн. Энэ мэт тогтолцооны гажгийг ашиглан санхүүгийн залилан үйлдэгчид Монголын нийгэмд амь бөхтэй оршсоор байна. Гэлээ гээд хохирч буй иргэдээ харсаар суух уу. Иймд хяналт, зохицуулалт хийх байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг чиглэлийг тодорхой болгох шаардлагатайг албаныхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Эс бөгөөс санхүүгийн пирамидын золиос болох монгол иргэдийн тоо тасрахгүй нь.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй