Шинэ зах зээлд нэвтрэх боломж

ТОМИЛОЛТ


Чөлөөт бүс байгуулах ТЭЗҮ- ийн хамтарсан судалгааг удахгүй эхлүүлнэ


Монгол, Хятадын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхагийн хүрээнд хоёр улсын үзэсгэлэн худалдаа, форумыг ӨМӨЗО-ы Хөх хотод энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Хоёр дахь удаагаа болж буй энэхүү экспод монголоос 1600 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд үүнд 383 аж ахуйн нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгч багтаж байгаа юм.

“Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье” сэдвийн дор зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд 40 гаруй орны 6000 орчим төр засгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид оролцож байгааг зохион байгуулагч орон болох ӨМӨЗО онцолж байна. БНХАУ-ын Худалдааны яам, монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон ӨМӨЗО-ы ардын Засгийн газар хамтран энэхүү экспог зохион байгуулж байгаа юм.

Анх буюу 2015 онд болсон экспогийн худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтаар 166 хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 140 тэрбум гаруй юаньд хүрсэн байдаг. Экспог зорьсон үзэгчдийн тоо 800 мянгад хүрч, шууд худалдан авалтын хэмжээ, хэлэлцээрийн үнийн дүн зургаан тэрбум юаньд хүрсэн гэх тооцоо ч бий. Тэгвэл энэ удаагийн экспо өмнөх ажилтаа ахиулна гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Товчхондоо, Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн түншлэлийг шинэ шатанд гаргах алхам хэмээн томъёолж болох аж.

Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулалт татахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчид шинэ зах зээлд нэвтрэх боломжийг энэхүү экспогоос эрэлхийлэх боломжтой. Экспо, үзэсгэлэнгээс гадна энэ үеэр хөрөнгө оруулалт, чөлөөт худалдаа болон эдийн засгийн коридор тойрсон хэлэлцүүлэг, форум зохион байгуулсан нь анхаарал татаж байлаа. Тухайлбал, Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны дээд түвшний форум болов. Энэ үеэр БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин “Монгол, Хятад хоёр улс уул усаар зэрэгцэн орших найрсаг хөршүүд. Хоёр орон эдийн засгийн хувьд харилцан бие биеэ нөхөх чадвар сайтай, хамтын ажиллагааны нөөц ихтэй. Ойрын жилүүдэд хоёр орны харилцаа харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх үндсэн дээр эрчимтэй хөгжиж байгаа нь хоёр орон болон ард түмэнд бодит үр өгөөжийг авчирч байна.

БНХАУ 10 гаруй жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд 2016 онд хоёр талын худалдаа эргэлтийн хэмжээ 4.16 тэрбум ам.долларт хүрч, Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 60 хувийг эзэлж байна. Ялангуяа энэ оны эхний хагас жилээс хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 3.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.2 хувиар өссөн дүн байна. БНХАУ-аас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт тогтвортой өссөөр байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар Хятадаас Монгол Улсад оруулж буй санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 4.61 тэрбум ам.долларт хүрсэн.

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 30 хувийг эзэлж байгаа нь манай улс Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын хоёрдогч том улс болж байна. Талуудын хамтын ажиллагааны механизм тасралтгүй шинэчлэгдэж байгаа. Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтарсан комиссын үүргийг идэвхтэй гүйцэтгэж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа, томоохон төслүүдийг зохицуулахад түлхэц үзүүлэхийн зэрэгцээ Эрээн-Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр зорьж байна” гэлээ. Тэрбээр Монгол, Хятадын худалдааны чөлөөт бүс байгуулах ТЭЗҮ-ийн хамтарсан судалгааг удахгүй эхлүүлэхээр төлөвлөснийг дуулгав.

2020 он гэхэд хоёр орны худалдаа эргэлтийн хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэнэ
Харин УИХ-ын дэд дарга Я.Санжмятав энэ оны эхний найман сарын байдлаар хоёр улсын худалдаа эргэлтийн хэмжээ 4.4 тэрбум ам.долларт хүрснийг тэмдэглэв. Монгол Улсын гадаад худалдааны нийт хэмжээний 64.4 хувийг эзэлж байгаа аж. Тэрбээр “ӨМӨЗО нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. 2020 он гэхэд хоёр орны худалдаа эргэлтийн хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн тулд тулгарч буй саад бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэх шаардлагатай байгаа” гэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга өнөөдрийн орлогоос илүүтэйгээр ирээдүйд олох орлого чухал гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Хоёр дахь удаагийн экспод ХХААХҮ-ийн салбар, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг маш өргөн хүрээнд харилцан ярилцаж, энэ чиглэлд хамтран ажиллахад тулгамдаж байгаа асуудал, цаашид юуг анхаарч ажиллах зэрэг шийдэл гарцыг хайх, судалгааны ажлуудаа танилцуулж байгаагаараа онцлог болж байна. Арга хэмжээний дараа үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ вэбсайтаар дамжуулан олон улсад борлуулах боломж бүрдэнэ. Ерөнхийдөө урт хугацааны худалдааны чиглэл үүсгэхээр ажиллаж байна” хэмээн онцлов.



САНАЛ БОЛГОХ