Нүүрсний экспортоос эдийн засгийн өсөлт хамаарна
Түүхий эд
Монголын эдийн засаг 2017 онд дөрвөн хувиар өсөх боломжтой
Монголын эдийн засгийн энэ оны өсөлтийн төлөвийг Азийн хөгжлийн банкнаас шинэчлэн танилцууллаа. Тус банкнаас жил бүр нийтлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн гол тайланд манай улсын эдийн засаг улам сэргэх боломжтойг дурджээ. Энэ оны эхний хагаст гарсан эерэг үзүүлэлт оны турш хэвээр байх төдийгүй ирэх онд ч өсөлт ойрхон байгааг сонордуулав. Нүүрсний экспорт нэмэгдэж, бизнесийн орчин сайжирсан нь ДНБ-ий өсөлт тогтвортой байхад нөлөөлж байгааг энэхүү тайланд дурджээ.
Тайлангийн шинэ дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлт оны эцэст дөрөв, ирэх жил гурван хувь байна гэж төсөөлсөн байна. Энэ нь хоёрдугаар улиралд гаргасан 2.5 болон хоёр хувийн таамаглалтай харьцуулахад өссөн дүн. Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд хүлээгдэж байснаас илүү өндөр байлаа” гэж онцолсон юм. “Ирээдүйн эдийн засгийн өсөлтийг хангахад нэн чухал уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх Засгийн газрын эрмэлзэл нь төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг баталгаажуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ” хэмээн тэрбээр нэмж өгүүллээ. Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 1.2 хувийн өсөлттэй байсан бол ирэх оны эхний хагаст 5.3 хувиар өсөж хүчтэй сэргэсэн.
Үүнийг Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Деклан Магий нүүрсний экспорттой холбон тайлбарлалаа. Нүүрсний экспорт цаашид ч өндөр хэвээр байх магадлал бий. Тэрчлэн ОУВС- гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа нь төсөөлж буй өсөлт биеллээ олоход туслах нь. “Монголын ашигт малтмалын нөөц баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь улс орны ирээдүйн хөгжилд чухал. Хэдий ийм боловч уул уурхайн салбарт тулгуурласан өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах, эдийн засгийн илүү өндөр бүтээмжийг бий болгохын тулд бүр ч их зүйл хийх хэрэгтэй болно” гэж Ёланда Фернандез Ломмен учирласан юм.
Манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, орлогын олон эх үүсвэртэй болох хэрэгцээ, шаардлага байсаар. Монголбанк ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ инфляцийг жилийн найман хувиар зурагласан. Тэгвэл Азийн хөгжлийн банк инфляцын таамгийг ирэх онд бууруулж тогтоолоо. Оны хоёрдугаар хагаст импортын хэмжээ үргэлжлэн өсөх хандлага гарчээ. Үүнээс шалтгаалан урсгал дансны алдагдал энэ жил болон ирэх жил нэмэгдэх төлөвтэй байна. Эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг Азийн хөгжлийн банк онцолсон юм. Тухайлбал, оны эхний хагаст төсвийн орлого 41.1 хувиар өссөн бол алдагдал 34.1 хувиар буурчээ.
Ингэснээр төсвийн алдагдал ДНБ-ий 5.8 хувьтай тэнцсэн байна. Тэрчлэн нүүрсний экспорт нэмэгдэж, гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг л 70 хувиар өсчээ. Эдийн засгийн өсөлт буурахад нөлөөлөх эрсдэлийг “Азийн хөгжлийн төлөв” тайланд дурдсан байна. Үүнд, түүхий эдийн үнэ буурах, газар нутгийн дийлэнх хэсэгт гантай байгаагаас газар тариалан, мал аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж магадгүй гэжээ. Эдийн засгийн өсөлт нэмэгдэхэд БНХАУ-ын өсөлт үргэлжлэх, тус улсын нүүрсний дотоодын нийлүүлэлтэд шок үүсэх зэрэг нь дээрх таамаг дээшээ цойлоход нөлөөлөх юм. Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд ДНБ энэ онд 5.9 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь 2016 онд 5.8 хувь байсантай харьцуулахад бага зэрэг өссөн дүн. Дэлхийн худалдаа идэвхжиж, голлох үйлдвэрлэгч орнуудын эдийн засаг сэргэж байна. Бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн төдийгүй БНХАУ-ын өсөлт хүлээлтээс давсан эерэг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Шинэхэн тайланд бүс нутаг дахь 2017 оны инфляцын дунд хэмжээг 2.4 хувь болгон бууруулжээ. Газрын тосны үнэ тогтвортой байгаа нь дотоодын түлшний үнийг чөдөрлөхөд нэмэр болох аж.
Мөн хүнсний үнэ дэлхийн хэмжээнд тогтвортой байгаа нь инфляц тогтворжих, улмаар эдийн засаг өсөх хөшүүрэг болох нь. Бүс нутгийн хэмжээнд өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг тогтворжсон тул ерөнхий төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэл харьцангуй бага байна. Шинэчилсэн тайланд эдийн засгийн төлөвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлийн тусгай бүлэг нэмж оруулжээ. Ази, Номхон далайн дэд бүтцийн эрэлт хэрэгцээний үнэлгээний тайланд бүс нутгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд 2030 он хүртэл жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага бий. Манай улсын хувьд төмөр зам болон авто замын төслөө үргэлжлүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтөө дэмжих талаар ярьж эхэлсэн. Гэвч хөрөнгө оруулалтын нөөц боломж хомс байгаа нь экспортын хэмжээг ч хязгаарласан хэвээр байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй