Шинэ Засгийн газрын бүтэц ба хүлээж буй сорилтууд

Засгийн газар


Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй, одоогийнхоор эмхлэн байгуулах магадлалтай

Ман-ын IX Бага хурлаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад 63.9 хувийн саналаар нэр дэвшүүллээ. Хуулийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлэх юм. УИХ-ын намрын чуулган ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж, батлах, банк, санхүүгийн байгууллагатай холбоотой хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэхийн зэрэгцээ шинэ Ерөнхий сайдыг албан ёсоор томилох нь.

Тэгвэл шинээр томилогдох Ерөнхий сайдыг ямар сорилтууд хүлээж байна вэ, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн асуулт олон нийтийн, ялангуяа гадна, дотнын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Хамгийн гол нь, мэргэжлийн гэх тодотголтой Ж.эрдэнэбатын Засгийн газрын алдаа, оноог давтахгүйгээр дараагийн Засгийн газрыг хэрхэн байгуулах бол гээд шинэ Засгийн газартай холбоотой улс төрийн нөхцөл байдал энэ намрын халуун сэдэв боллоо.

Шинээр байгуулагдах Засгийн газар ирэх оны төсөвт 2018 оны нэгдүгээр сард төлөх хуваарьтай “Чингис” бондын эхний эргэн төлөлт болох 500 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийн эх үүсвэрийг төсөвлөх ёстой. Мөн Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, эхний ээлжийн 37.8 сая ам.долларын санхүүжилтээ авсан. Гэсэн ч Засгийн газар огцорсонтой холбоотойгоор хөтөлбөрийн удаах санхүүжилт зогссон энэ цаг үед У.Хүрэлсүхийн байгуулах Засгийн газар хөтөлбөрийг цааш хэрхэн үргэлжлүүлэх, ОУВС-тай дахин зөвшилцөлд хүрч чадах, эсэх нь шинэ засгийн эхний сорилт байх нь. Үүнээс гадна БНХАУ-тай нүүрсний борлуулалтын тал дээр зөвшилцөх, мөн томоохон төслүүдээ хөдөлгөх гээд эдийн засгийн салбарт олон сорилт хүлээж байна.

Түүнчлэн багш нарын цалинг нэмэх нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Багш нар цалингаа нэмүүлэхээр мягмар гарагт хоёр дахь удаагаа ажил хаялт зарласан. Хэрэв цалин нэмэхгүй бол ирэх сарын 10-наас хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэдний араас эмч нарын асуудал мөн яригдана. Тэд ч мөн адил цалингаа нэмүүлэх хүсэлт тавьсан. Энэ мэтчилэн шинэ Засгийн газарт зайлшгүй шийдэх ёстой олон асуудал байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухайд У.Хүрэлсүхийг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй, одоогийн эмхлэн байгуулагдсан яам, тамгын газрын бүтцээрээ явах болов уу гэсэн таамгийг улстөрчид болон судлаачид дэвшүүлээд байна. Учир нь, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед шинээр яам, тамгын газар байгуулж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдахгүй, ажлаа шуурхайлна гэсэн бодлого баримталж буй бололтой.


Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарын нэр яригдаж байна

Одоогийн байдлаар шинэ Засгийн газрын сайд нарын нэр урьдчилсан байдлаар тодорч эхлээд байна. Тухайлбал, Ж.Эрдэнбатын Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурах ажлыг манлайлсан Т.Аюурсайханы нэр Шадар сайдад яригдаж байгаа бол УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ч мөн энэ албан тушаалыг сонирхож байгаагаа илэрхийлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Харин яамдын сайд нарын тухайд Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг, Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайдад одоогийн Эрчим хүчний дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Гантулга нарыг сонгох магадлалтай байна. Харин огцорсон Засгийн газарт хамгийн сайн ажилласан гэх тодотголтой Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, томилогдоод удаагүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар нарыг хэвээр үлдээж магадгүй гэсэн “бороо шувуу” нисэж байна.

Одоогоор Батлан хамгаалах, Барилга хот байгуулалт, Зам, тээврийн хөгжил зэрэг бусад салбарын сайдын нэр тодорхойгүй байна. Ямартай ч УИХ-аас бүх сайд нарыг бүрдүүлэхгүй, тал хувь нь гаднаас дэвших нь тодорхой байгаа гэнэ.

Харин шинэ Засгийн газар дэд сайдгүй байхаар төлөвлөсөн гэдгийг эх сурвалж мэдээлж буй.Гэхдээ Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн биш учраас Засгийн газраа бүрдүүлэхдээ парламентаас хэр зэрэг дэмжлэг авах вэ гэдэг нь бас нэг анхаарал татсан асуудал болоод буй. Улс төр судлаач Д.Уламбаяр “Одоогийн парламентад УИХ-ын дарга М.Энхболдыг дэмжигчид олон байгаа. М.Энхболд болон У.Хүрэлсүх нар хоёр талд хуваагдсан байдалтай байна. Тэгэхээр шинэ Засгийн газарт аль алиных нь эрх ашиг яригдана. У.Хүрэлсүхийг парламентад суудалтай 30 гаруй хүн дэмжсэн. Тэдэнд мөн “бялуу” хуваах хэрэгтэй болно. Энэ бүх сорилтыг У.Хүрэлсүх хэрхэн давж гарах нь түүний хэлэлцээ хийх, харилцан тохиролцох, буулт хийх зэрэг чадвараас шалтгаална” гэв.

МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт “Аймаг, орон нутгийн удирдлагад өөрчлөлт оруулахгүй, эсрэгээрээ төрийн хэт төвлөрсөн удирдлагыг орон нутагт шилжүүлж, хөдөөг хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллана” гэжээ. Тэрбээр МАН -ын Бага хурлын үеэр Засгийн газрын өр 24 их наяд төгрөгт хүрч, ДНБ-тэйгээ бараг тэнцүү болсон гэдгийг онцлоод, 2018 онд их хэмжээний бондын өрүүд төлөгдөх гэж байна, үүний бэлтгэлийг хэдэн сарын өмнөөс хангана. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн салбарыг тэргүүлэх чиглэл болгож, “Атрын III” аяныг үргэлжлүүлж, тодорхой үр дүнд хүргэнэ. Хоёр хөршийн харилцааг эрхэмлэж ажиллана гэдгээ Бага хурлын үеэр онцолжээ. МАН-ын Бага хурлын гишүүдэд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хийх ажлын зорилго, хэлсэн үг таалагдсан учраас 63.9 хувийн санал авсан гэж эх сурвалж хэллээ. МАН-ын бүлгээс Бага хурлын үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


САНАЛ БОЛГОХ