Оргил өөд тэмүүлсэн цувралууд
Кино
Кино, телевизийн урлаг, дижитал ертөнцийн хослол эхний сорилттой нүүр тулж байна
Телевизийн олон ангит кино од төрүүлэх төдий байсан цаг ард хоцорчээ. Харин ч алдартай жүжигчид, кино компаниудын өрсөлдөөний шинэ талбар болж хувирав. Шинэ цуврал гарах бүрд Time Warner, Netflix зэрэг контент үйлчдвэрлэгчдийн хувьцааны ханшийн савлагаа идэвхжих болжээ. “Телевизийн олон ангит кино хөгжлийнхөө оргил өөд алхаж байна” хэмээх үг дэлгэцийн шинэ трэндийг тодотгож байна.
Энэ талаар 20th Century Fox кино компанийн тэргүүн “Ерөөсөө өчүүхэн жижиг баримтыг ч уран сайхнаар, мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна” гэжээ. 2016 онд дэлхийн зах зээлд 1310 олон ангит кино гарчээ. Үүний дийлэнх нь Холливудын бүтээл. 2012-2015 онд АНУ-ын телевизийн олон ангит кино бүтээлийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 181-333 болсон талаар дэлхийн телевизийн бүтээлийн тайланд дурдсан байна. Харин хамгийн том зах зээл нь Европ. Зөвхөн их Британид л гэхэд Sky, Netflix болон Amazon компани хүчтэй өрсөлдөж байна. Европ тивийг бүхэлд нь авч үзвэл дээрх гурваас гадна Hulu, Canal Plus бас YouTube зэрэг шинэ тоглогчдын зах зээлийн төлөөх давшилт ширүүсэх хандлагатай байгаа аж. Европын хамгийн шилдэг шоуг худалдаж авахын төлөө өрнөж буй уг тулаан ойрын гурван жилд эрчээ авах төлөвтэйг дэлхийн энтертайнмент контентийн зах зээлийг дэмжигч www.mipcom.com цахим хуудаст дурджээ.
Мөн Европын телевизийн томоохон компаниуд ч гол контентоороо олон ангит киног сонгох болжээ. Studiocanal энэ онд кино контентийн цагаа 100 болгохоор зорьж буй. Өдгөө дэлхий дахинд телевизийн захиалгат контент, гурвалсан үйлчилгээ орлогын цөмийг бүрдүүлдэг байна. Францын киноны Canal Plus групп гэхэд 2016 оны эхний хагас жилд 2.9 тэрбум ам.доллар, Испанийн Telefonica зургаан төрлийн цуврал киноноос нийт 27.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна. Мөн АНУ-д хамгийн олонд хүрсэн кабелийн телевизийн олон ангит кино 2015 онд 29 байсан бол 2016 онд 31 болжээ. Харин цахим платформ 57 цуврал бүтээлийг толилуулсан нь 2013 оныхоос гурав дахин өндөр тоо аж. Өөрөөр хэлбэл, кино болоод телевизийн урлаг, дижитал ертөнц гурвын хослол дээр өдгөө ид цэцэглэж буй олон ангит кино үйлдвэрлэлийн зах зээл эхний сорилт болох өрсөлдөөнтэй нүүр тулж буй. Ойрын гурван жилд энэ өрсөлдөөн эрчээ авч, зах зээлийн багтаамж тэлэх нь гарцаагүй талаар BBC-ийн шинжээч Тим дейви онцолсон байна.
Олон ангит киноны зах зээлд телевиз, кино компаниуд төдийгүй жүжигчид ч амбийцтай үзэж байна. Бүр өндөр үнэтэй, алдартай жүжигчид орж ирсний тод жишээ нь энэ жилийн “эмми” наадам.
Цуврал киноны гол зах зээл нь АНУ, Европ
Дэлхийн шилдэг цувралыг шалгаруулдаг тус наадмаас энэ жил хамгийн олон буюу таван шагнал хүртсэн Big Little Lies кинонд Николь Кидман, Риз Уидерспун, Шейли Вудли нар тоглосон. Алдартай жүжигчдийг үнээр цохиж тоглуулсны үр дүн гарч, “Эмми”-ийн хамаг шагналыг хамлаа гэх тайлбарыг шүүмжлэгчид цуурайтуулав. Зөвхөн Николь Кидманы хувьд нэг цувралд 350 мянган ам.доллараар тоглосон нь өмнөх жилүүдийн жишгээс бараг 2.5 дахин өндөр хөлс. Зэрэглэл өндөртэй жүжигчид энэ зах зээлд орж ирэхээс өмнө гол дүрийн жүжигчдэд нэг цувралд тоглуулах хөлс дунд жаар 175 мянган ам.доллар байжээ. Харамсалтай нь, кино компаниуд топ жүжигчдэд мөнгө хаяж, “нөөцийн” жүжигчдийг арын эгнээнд тоглуулах явдал нэг хэсэгтээ үргэлжлэх бололтой.
Тухайлбал, Netflix компани Gypsy цувралын гол дүрүүддээ 275 мянган ам.доллар төлж буй бол Amazon шинээр гарах Goliath кинонд Билли Бобыг 250 мянган ам.доллараар авчээ. Тэрчлэн Сара Жессика Паркер HBO-ийн Divorce хэмээх инээдмийн шинэ цувралд 300 мянган ам.доллараар тоглохоор болсон байна.
Сонирхолтой нь энтертайнмент зах зээлийн акулууд уг хандлагыг төдий л сайшаасангүй. Алдарт нуудыг үнэ цохиж тоглуулах нь шинэ жүжигчин төрүүлэх боломжийг хумьж, киноны зардлыг эрс нэмэгдүүлж буй. Олон ангит киноны үзэгчдийн тоо зардалтайгаа харьцуулахад нэмэгдэх хандлага туйлын бага байгаа нь уг амбийцийг няцаах нэг үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, олон ангит кинонд амбийц чухал бус. Олон улсын зах зээлд АНУ-ын кино болон Британийн телевизийн 4-5 цувралыг эс тооцвол бусад орны бүтээл томоохон сувгуудаар тун хангалтгүй цацагдаж байгаа аж. Тиймээс уг салбар хөгжлийнхөө дараагийн үед гарахаас өмнө зах зээлийн хөөс хагарч мэдэхийг шинжээчид анхааруулав.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй