Мөнгөөр дутсан үйлдвэрлэгчид гацаанд оржээ

Мөнгө ба бизнес


ЖДҮ-ийн 38.8 хувь нь барьцаа хөрөнгөгүй бол 15.1 хувь нь тогтмол орлогогүй

Монголд жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил удаан явцтай байна. Баялаг бүтээгчид бойжих, өргөжих, зах зээлд бэхжиж, цаашид өрсөлдөхөд санхүүжилтийн хүртээмж юу юунаас илүү чухал байгааг Монгол банкнаас явуулсан зургаан жилийн судалгааны үр дүн харуулжээ. Эргэлтийн хөрөнгөөр дутагдсаны улмаас бизнесийн идэвх нь муудсаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, салбартаа өсөн дэвжих бололцоо нь хумигдахад хүрдэг гэсэн дүгнэлтэд хүрэв. Идэвхтэй үйл ажиллагаатай 1970 гаруй аж ахуй нэгжид явуулсан уг судалгаагаар манай ЖДҮ-үүд үндсэндээ гацчихсан дүр зураг бууж байна. Тухайлбал, 2011 онд ЖДҮ-ийнхэн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр тулгамддаг гэдгээ учирлаж байжээ. Хэдийгээр 2007 онд ЖДҮ-ийн хууль баталж, түүнээс хойш жил бүрийг энэ салбарыг дэмжихэд зориулж, олон ажил хийдэг ч баялаг бүтээгчид өнөөг хүртэл эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрээр дутагдсаар байгаа юм. Судалгаанд оролцсон нийт аж ахуйн нэгжийн 84 хувь нь 1-9 ажилчинтай, 97 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай аж.

Мөн байгууллагуудын 57.2 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймаг бүрийн аж ахуйн нэгжүүд дунджаар 2-3 хувийг нь төлөөлж буй юм. Аж ахуй нэгжүүдийн 53.7 хувь нь санхүүгийн дэмжлэгийн гол эх үүсвэрээр арилжааны банкийг нэрлэсэн байна. Учир нь тэдний 81 хувь нь үйл ажиллагаагаа банкны зээлийн эх үүсвэрээр тэтгэдэг бол хөнгөлөлттэй зээлд зургаан хувь нь л хамрагджээ. Тиймээс цаашид татварын орчныг таатай болгох, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгож, авлига, хүнд суртлыг бууруулах зайлшгүй шаардлагатай байгааг илэрхийлсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр судалгааны үр дүнг бодлогын хэрэгсэл болгоход анхаарч ажиллахыг эдийн засагч, судлаачид Монгол банкны Судалгаа, статистикийн газарт уламжлав. АХБ, арилжааны банкнуудын төлөөлөл болон эдийн засагчид судалгааны үр дүнг энэ төрлийн бусад судалгааныхтай адилхан, олон жил нэг л зүйлээ ярьж байгаа нь үндсэндээ энэ чиглэлд ахиц дэвшил гараагүйн илрэл гэдгийг хэлсэн юм.

Тиймээс ч Монголбанкны Судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир хэлэлцүүлэгт оролцогчдыг санал, шүүмжлэлээ маш тодорхой бичиж өгвөл бодлогын зөвлөмжийг нарийвчлан гаргаж, хэрэгжилтийг оновчтой төлөвлөхөд тун тустай гэдгийг нээлттэй илэрхийллээ.


САНАЛ БОЛГОХ