Хүндрэлийг хялбарчлах цахим үйлчилгээ

Мэдээ


Энэтхэг, Солонгос, Герман зэрэг олон улсад тоон гарын үсгийг ашиглаад удаж буй. Харин Монгол Улсад энэ шинэ технологийг өнгөрсөн гуравдугаар сараас төрийн байгууллагуудад нэвтрүүлсэн. Төрийн үйлчилгээг цахим системд нэвтрүүлэх ажил өнөөдөр ямар түвшинд хэрэгжиж байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа.

-Тоон гарын үсгийг өнөөдрийн байдлаар хэчнээнг олгоод байна?
-Олон улсад маш олон төрлөөр олгодог. Харин Монголын өнөөгийн нөхцөлд USB флашаар олгож байна. Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газрын 2015 онд гаргасан журам, Засгийн газраас 2016 оны 151 дүгээр тогтоол болон цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам гарсны дараа албан байгууллага, иргэдэд олгож эхэлсэн. Тоон гарын үсгийг “Мон Пасс СА” түншлэл олгож байгаа. Одоогоор Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн төр, захиргааны байгууллага зэрэг төрийн байгууллагуудад 10 мянга орчим тоон гарын үсэг олгосон. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, төмөр зам, уул уурхайн компаниудад нэвтрүүлээд байна.

-Тоон гарын үсэгтэй болсноор ямар боломж бүрдэх вэ?
-Бүх төрлийн гэрээ хэлцэл, тайлан, албан бичиг хөтлөлт, иргэдийн санал хүсэлт болон өргөдөл гомдлыг цахимаар үйлдэх, хүлээн авах боломжтой. Ингэснээр цаасан баримт бичгийн хэрэглээг багасгаж, цаг хугацаа, зардал хэмнэх бөгөөд бүтээмж нэмэгдэж, авлигыг бууруулна. Нэг үгээр хэлбэл, цахим орчимд төрийн болон бусад албан байгууллагын үйлчилгээг авах боломжтой. Тухайлбал, банкнаас зээл авахаар очиход олон үйлдэл хийх шаардлагагүй. Учир нь тоон гарын үсэг таны тухай бүх мэдээллийг хүргэнэ. Ингэснээр олон бичиг баримт бүрдүүлж, хугацаа алдах шаардлагагүй гэсэн үг.

-Гарч болзошгүй эрсдэлийг тооцож үзсэн үү?
-Хэрвээ нийтийн түлхүүрийн дэд бүтцийг үндэслэн холбоотойгоор гэрээ хэлцэл байгуулж буй хугацаанд алдагдал хүлээвэл тоон гарын үсэг олгосон эрх бүхий этгээд хариуцлага хүлээх ёстой. Энэ нь цаанаа давхар даатгалтай байдаг. Гэхдээ одоогоор ийм тохиолдол олон улсад гараагүй байна. Харин иргэний хувьд пин код, тээгч төхөөрөмж хоёроо алдсанаас гарах үр дагаврыг өөрөө хүлээнэ.

-Хэд хэдэн төрлийн түвшинтэй байдаг юм билээ. Манайд нэвтэрсэн нь ямар түвшнийх вэ?
-Тоон гарын үсгийн таван түвшин байдаг. Тухайлбал, Энэтхэг улсад хоёрдугаар түвшнийг ашиглаж байгаа. Харин Монгол Улс шаталсан тогтолцоотой тул гуравдугаар түвшин буюу 2048 beat-ийн урттай тоон гарын үсгийг ашиглаж байна.

-Улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ. Төсвийн мөнгийг хэмнэх боломжтой юу?
-Тоон гарын үсгийн дэд бүтцийг Дата төв дээр байгуулахад өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан. Өмнө нь заавал хэвлэж гаргадаг байсан болохоор цаасанд их мөнгө зарцуулдаг байсан. Харин тоон гарын үсэг нэвтэрснээр нийт гарч буй зардлыг 30 хүртэл хувиар бууруулах боломжтой гэсэн судалгаа бий. -Заавал тоон гарын үсэг авах шаардлагатай юу? -Заавал ав гэж тулгахгүй. Харин хүсэлт гаргасан тохиолдолд тоон гарын үсэг олгоно. Эхний ээлжинд иргэдэд үнэгүй олгоно гэж хуульд заасан. Харин хаяж гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд 40 мянган төгрөгөөр авна.

-Иргэн эсвэл аж ахуйн нэгжийн мэдээллийг ямар байгууллага, хүн үзсэн эсэхийг мэдэх боломжтой юу?
-Иргэд www.service.gov.mn цахим хуудаснаас өөрийн мэдээллээ харах боломжтой.
САНАЛ БОЛГОХ