Нэг тэрбумаар хэмжигдэх нийтийн дууны зах зээл

Мэдээ


Хамгийн их ашиг, орлоготой байдаг үе нь гуравдугаар сар


Олон улсын ахмадын баяр энэ өдрүүдэд тохиож, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынхан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байна. Энэхүү баяраар ахмадуудыг хүлээн авахаас гадна нийтийн дуучдын тоглолт үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд ахмадын баярт зориулсан нийтийн дуучдын “Ахмадын баяр-2017” тоглолт “Улаанбаатар палас”-т өчигдөр, өнөөдөр болж буй.

Тоглолтын тасалбарыг мэдээллийн лавлах 1900-1950 утаснаас асуухад эхний өдрийн тасалбар дууссан, харин өнөөдрийн цөөн хэдэн суудал хоосон байгаа гэв. Тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй. Эндээс харахад, нийтийн дууны зах зээл эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Тэгвэл энэ салбарт хэдий хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж буй талаар багахан судалгаа хийгээд үзье.

2017 он гарсаар “Монгол бөхийн өргөө”, “Улаанбаатар палас” болон urlag.mn сайтад тавигдсан тоглолтын хуваарийн мэдээллийг нэгтгэв. Энэ он дуучин Х.Мөнгөнцэцэгийн “Уулзахын хүслэн” тоглолтоор эхэлжээ. Нэгдүгээр сард болсон уг тоглолтын дараа үргэлжлээд “Миний ээж хөөрхөн”, хоёрдугаар сард дуучин Я.Гэрэлчулууны “Амьдрал чамд хайртай” тоглолт болсон байна. Мөн хоёрдугаар сард залуу уран бүтээлчид гэгээн хайрын өдрийг тохиолдуулан тоглолт зохион байгуулдаг бол хууччуул Сар шинийн баяраар тоглолтоо хийдэг бичигдээгүй уламжлалттай. Тэгвэл нийтийн дуучдын хамгийн их ашиг, орлоготой байдаг оргил үе бол гуравдугаар сар. Учир нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон уламжлалт Цэргийн баяр энэ сард болдог. Тиймдээ ч энэ үед тоглолт хийх газар олдохгүй байх эрсдэлтэйг дуучид хэллээ. Учир нь дээрх хоёр газрын заалны түрээсийн төлбөр бусад газартай харьцуулахад арай хямдхан байдаг аж. “Монгол бөхийн өргөө”-ний нэг өдрийн тоглолтын заалны түрээсийн төлбөр гурван сая төгрөг байдгийг тус газрын менежер ярив. Энэ нь зөвхөн заалны түрээсийн төлбөр. Тоглолт зохион байгуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хамгаалалт гээд бусад зардал ороогүй гэдгийг тэрбээр дахин сануулсан юм. Тэгвэл “Улаанбаатар палас”-ын хувьд тоглолт зохион байгуулахад хэрэгтэй бүх үйлчилгээ нь багтаад зургаан сая төгрөгийн үнэтэй гэсэн мэдээллийг мөн тус газрын зохион байгуулагч өглөө.

• “Монгол бөхийн өргөө”- ний нэг өдрийн тоглолтын заалны түрээсийн төлбөр гурван сая төгрөг байдаг.

• Тоглолтын заалны дүүргэлтийг дунжаар 2000 суудал гэж тооцвол 40 сая төгрөгийн орлого олох нь.

• Нэг тоглолт зохион байгуулахад 6-10 гаруй сая төгрөгийн зардал гарах багцаа тоо гарч байна.

Тэгэхээр нэг тоглолт зохион байгуулахад 6-10 гаруй сая төгрөгийн зардал гарах багцаа тоо гарч байна. Харин одоо нэг тоглолтоос олох ашгийг хамгийн бага зардлаар тооцож гаргая. “Монгол бөхийн өргөө” 2300 хүний суудалтай. Нэг тасалбарын үнэ хамгийн багадаа 20 мянган төгрөг. Нэг өдрийн тоглолтын заалны дүүргэлтийг дунжаар 2000 суудал гэж тооцвол 40 сая төгрөгийн орлого олох нь. Ихэнх тоглолт хоёр өдөр үргэлжилдэг. Тэгвэл хоёр өдрийн 80 сая төгрөгийн нийт орлогоос тоглолт зохион байгуулахад гарах зардал нь 20-30 сая төгрөг гэж тооцооод хасвал цэвэр ашиг нь 50-60 сая төгрөг болж байна. Нийтийн дууны зах зээлд нэгтгэсэн дүнгээр хэчнээн төгрөг эргэлдэж байгааг тооцож үзье. Он гарсаар аравдугаар сар хүртэл “Монгол бөхийн өргөө” болон “Улаанбаатар палас”- т 14 удаа тоглолт болжээ. Энэ хоёр газрын суудлын тоог нэгтгээд нэг өдрийн тоглолтыг дунжаар 3000 орчим хүн үздэг гэж тооцож, тасалбарыг нь 20 мянгаар бодвол нийт орлого 60 сая төгрөгт хүрнэ. Эндээс нэг тоглолт зохион байгуулахад гарах зардлыг хасвал 30-40 сая төгрөгийн цэвэр ашиг олж байна. Харин жилд болсон 14 тоглолтоор тооцвол нийтийн дууны зах зээлд хамгийн багадаа нэг тэрбум төгрөг эргэлдэж байгаа юм. Нэг хэсэг нийтийн дууны салбар уналтад орж, тоглолт үзэх үзэгчдийн тоо буурч байсан.

Тэгвэл дээрх үзүүлэлтээс харахад нийтийн дууны эрэлт хэрэгцээ эргээд сэргэж байгаа нь ажиглагдаж байна. Энэ салбарын галыг алдахгүй авч явах нь тэдний маркетингийн бодлого ямар байхаас шууд шалтгаална. “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”-г 2015 оноос соёлын тэргүүний ажилтан Г.Чинболор тэргүүлж байгаа. Гэсэн ч холбоог удирдаж эхэлснээс хойш дорвитой өөрчлөлт хийгээгүйг тус салбарын дуучид дуулгаж байна. Ялангуяа, нийтийн дууны тоглолтын маркетинг сүүлийн үед нэг л явцгүй байгааг урлаг шүүмжлэгчид хэлдэг. Тоглолт үзвэл нэг өрөө байр, автомашины хонжвортой эсвэл гадаад руу аялуулна гэх мэт хөшүүрэг хэрэглэж байгаа нь хуучны арга барилаасаа салаагүйг нь харуулж буй. Тэрчлэн нийтийн дууны тоглолтын тасалбарыг мэдээллийн лавлахууд борлуулж, гэрт нь үнэгүй хүргэдэг үйлчилгээ өнөөг хүртэл огт өөрчлөгдсөнгүй.

Уг нь дэлхийн хөгжмийн зах зээлд төдийгүй Монголд онлайн тасалбарын шинэ түгээлт нэвтэрч эхлээд байгаа. Ихэнх тоглолтын тасалбарыг онлайнаар захиалдаг болсон нь маркетингийн шинэ соёл. Харамсалтай нь, нийтийн дууны салбарынхан соёлын шинэ чиг хандлагаас бас л хоцорчээ. Энэ ч цаанаа учиртай. Онлайн билет борлуулалт нь заавал НӨАТ-ын баримт хэвлэдэг учраас нийтийн дуучид тасалбараа түүгээр борлуулах сонирхолгүй байдаг талаар ticket.mn цахим сайтын менежер хэллээ. Тиймээс тасалбар борлуултын “хар зах” зээл үүссэн байгааг ч дурдсан юм. Үүнээс харахад, Монголын хөгжмийн салбарын салшгүй хэсэг болсон нийтийн дууны салбарынхан маркетинг, менежментээ сайжруулах цаг нэгэнт болжээ.

САНАЛ БОЛГОХ