Өвлийг боломжоороо давахаас аргагүй

Мэдээ


Гуравдугаар ээлжийн хичээл 15.00 цагт орж, 20.00 цагт тардаг

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр ерөнхий боловсролын 28 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Энэ хичээлийн жилд нийт найман сургууль гурван ээлжээс гарсан бол таван сургууль шинээр нэмэгджээ. Нийслэлийн удирдлагуудын зүгээс 2020 он гэхэд сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлж, хороо бүрийг цэцэрлэгтэй болгохоор төлөвлөсөн байна. Өргөтгөл болон шинэ барилга барихад улсаас 1.6 тэрбум, нийслэлийн төсвөөс 600 сая, төсвийн тодотголоор 521 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Гурван ээлжээр хичээллэнэ гэдэг хүүхэд, эцэг, эх болон сурган хүмүүжүүлэгч нарт маш том бэрхшээл болдог нь үнэн. Ялангуяа хотын захын гэр хороолол дахь бага ангийн хүүхдүүд нар жаргасны дараа хичээлээ тараад гэр рүүгээ харих нь маш их эрсдэл дагуулдаг. Гэрэлтүүлэггүй харанхуй гудамжаар явахдаа нохойнд хазуулах, бэртэж гэмтэх, гэмт хэргийн золиос болох гээд эрүүл мэнд, амь насаараа хохирохыг үгүйсгэх аргагүй.

 Өнөөдөр нар 18.00-18.40 цаг орчимд жаргаж байна. Гэтэл гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн эхний ээлж 08.00, өдрийн ээлж 12.00, оройн ээлж 15.00 цагт хичээл нь орж 19.00-20.00 цаг орчимд тардаг аж. Нийслэлийн төв хэсэг буюу Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль, Хан-Уул дүүргийн 32, 115, Сонгинохайрхан дүүргийн 104, 107, ес болон Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа. Зүүн салаа буюу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 104 дүгээр сургуульд одоогийн байдлаар 1-12 дугаар ангийн 44 бүлэгт 1800 орчим хүүхэд суралцаж байна. Тус сургуулийн гуравдугаар ээлжийн хичээл 15.30-д орж, 20.00 цагт тардаг. Сургуулийн багш Г.Н “Манай хорооныхон ихэвчлэн хөдөө орон нутгаас шилжиж ирсэн хүмүүс байдаг.

• Нийслэлийн найман сургууль гурван ээлжээс гарсан бол таван сургууль эргээд шилжжээ.

• Гуравдугаар ээлжийн сурагчид хоёр ээлжээр хичээллэхийг хүлээж сууна.

• Одоогийн байдлаар нийт 28 сургууль гурван ээлжээр хичээллэж байна.

Өвлийн улиралд утаа униар ихтэйгээс гадна харанхуй газар хүүхдүүдээ явуулахаас эмээдэг. Ээж, аав нар нь оройтож ирнэ, заримдаа харанхуйд ганц нэгээр нь явуулахаас эмээж, өөрөө гэрт нь хүргэж өгөх тохиолдол ч бий. Тиймээс хурдхан өргөтгөлийн барилга ашиглалтад ороосой гэж хүлээж сууна. Хэрэв ашиглалтад орчихвол сурагчид маань хоёр ээлжээр хичээллэж, нэмэлт сургалтад хамрагдах боломжтой болно” гэв. Түүнчлэн Зайсангийн 115, 21 дүгээр хорооллын 62 дугаар сургуулийн бага болон дунд ангийн багш нар өвөл болохоос урьтаж хоёр ээлжээр хичээллэх арга хэмжээ авахгүй бол хүүхдүүд харанхуйд гэртээ харьж, гэрийн даалгавар хийж, хичээлдээ идэвхтэй оролцохоос илүү ядарч байгаа тухай хэллээ. Удахгүй хүйтний эрч чангарч, нар эрт жаргаж, өдөр богиносно. Өвлийн улиралд хорт утаа нэмэгдэхээр хүүхдүүд сургууль, гэрийнхээ хооронд өдөр бүр саадтай тулгарах нь. Нийслэлийн боловсролын газрын Санхүү хөрөнгө оруулалтын, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөрөөс гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудад ямар арга хэмжээ авах болон хичээлийн шинэ жилдээ багтаж ашиглалтад орж чадаагүй сургууль, цэцэрлэгийн талаар тодруулав. Тэрбээр “2017 онд сургууль, цэцэрлэгийн нийт 23 барилга ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Эдгээр барилга ашиглалтад орсноор 9440 хүүхэд хамрагдах боломжтой болж байгаа. Өнгөрсөн хичээлийн шинэ жилд 14 барилга ашиглалтад орох байсанч зарим нэг шалтгааны улмаас хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж чадаагүй. Харин энэ есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан бүх сургууль, цэцэрлэгийн өргөтгөл болон шинэ барилга ашиглалтад ороод байна” гэв. Түүнчлэн гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн тоог бууруулсан. Тиймээс цаашид энэ чиглэлд түлхүү анхаарч, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ачааллыг бууруулж, хоёр ээлжтэй болгохоор төлөвлөж буйгаа хэлсэн юм. Өмнөх жилүүдийг бодвол сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ эрс нэмэгдсэн.

Гэсэн хэдий ч гурван ээлжээр хичээллэж буй хүүхдийн тоо 10 мянгаас буухгүй, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдийн тоо мөн энэ хэмжээнд дүйцэхүйц байгаа. БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаярын ярьж буйгаар Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийслэлд сургууль, цэцэрлэгийн 22 барилга, Японы буцалтгүй тусламжаар хүн ам олонтой дүүргүүдэд 10 сургууль барьж, гурван ээлжийг хоёр болгохоор төлөвлөсөн аж. Гэвч эдгээр барилгын ажил төлөвлөгөөний дагуу 2018 онд эхэлнэ. Тэгэхээр гурван ээлжээр хичээллэж буй сургуулиуд ойрын хоёр жилдээ хоёр ээлжээр хичээллэх боломжгүй бололтой.


САНАЛ БОЛГОХ