Жижиглэн худалдаа өрсөлдөөний өмнө
Мөнгө ба бизнес
Энэ зах зээлд борлуулалтын өсөлт ч, өрсөлдөөн ч тэр улам идэвхжиж байна
Жижиглэнгийн гэх тодотголтой худалдааны өрсөлдөөн ширүүсэж байна. Өнгөрсөн баасан гарагт энэ зах зээлийн нэг тоглогч шинэ салбараа өлгийдөн авлаа. БНСУ- ын хайпермаркетын сүлжээ болох “Имарт”-ыг “Алтай Холдинг” компанийн 90 хувийн хөрөнгө оруулалттай “Скай Хайпермаркет” франчайзаар Монголд оруулж ирээд жил гаруйг үдэж буй. 2016 оны долдугаар сард Монголд үүдээ нээж байсан “Имарт” өрхөө татсанаасаа жил гаруйн дараа хоёр дахь салбараа нээсэн нь энэ. Өнгөрсөн долоо хоногт болсон “Имарт хороолол” салбарын нээлтийн дараа III, IV орчимд автозамын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсчээ. Одоогоос жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны долдугаар сард “Имарт Чингис” салбарын нээлт сүр дуулиантай болж, худалдан авагчдын хөлд дарагдаж байсан юм. Ер нь сүүлийн жилүүдэд жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрийн өрсөлдөөн улам нэмэгдэх боллоо. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дотоодын тоглогчид ноёрхож байсан энэ зах зээлд олон улсын чанар, соёлыг нутагшуулж эхэлсэн нь өрсөлдөөнийг улам ч өдөөсөн юм.
Одоогоор “Имарт”-аас гадна “Номин”, “Сансар”, “Боса”, “Миний дэлгүүр”, "Макс" “Оргил” зэрэг сүлжээ дэлгүүрүүд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Орчин цагийн өөртөө үйлчлэх супермаркетын сүлжээний анхдагчдын нэг болох “Номин Холдинг” компани гэхэд одоогийн байдлаар Улаанбаатар хотод гурван их дэлгүүр, найман хайпермаркет, долоон супермаркет, 30 сүлжээ дэлгүүр, бөөний худалдааны 10 төвтэй болтлоо өргөжиж, өрсөлдөж буй. Энэ зах зээлийн гол тоглогчдын нэг болох “Оргил” худалдааны төв найман сүлжээ супермаркет, түгээлтийн багаараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бол “Миний” сүлжээ хайпармаркет, зах, супермаркет, хөрш форматын 20 гаруй салбартай. Сүлжээ дэлгүүрүүд ийн өргөжсөөр жижиглэн худалдааны зах зээлд багагүй жин дарж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр жижиглэн худалдааны салбарын борлуулалт 2016 онд 8.9 их наяд төгрөгт хүрчээ. 2016 оныг эс тооцвол сүүлийн жилүүдэд энэ зах зээл тогтвортой тэлсэн.
Харин өнгөрсөн онд салбарын борлуулалт уруудаж, 2015 оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 их наяд төгрөгөөр буурсныг статистикийн байгууллагаас уламжилсан юм. Гэхдээ энэ жилээс өсөлт ажиглагдсан. Оны эхний улиралд жижиглэн худалдааны орлого 2016 оны мөн үетэй xарьцуулахад 28 хувиар өсчээ. Ингээд зогсохгүй жижиглэн худалдааны орлогын өсөлт бөөний үзүүлэлтээс бараг 5-6 дахин илүү хурдтай байна. Үүнээс үзэхэд, энэ зах зээлд борлуулалтын өсөлт ч, өрсөлдөөн ч тэр улам идэвхжиж байна. Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд давхардсан тоогоор өдөрт дунджаар 30 мянган хүн үйлчлүүлдэг гэсэн мэдээлэл бий. Тухайлбал “Миний” сүлжээгийн 20 салбараар гэхэд өдөрт 30 мянга орчим, сардаа давхардсан тоогоор нэг сая орчим худалдан авагч үйлчлүүлдэг хэмээн цахим хуудсандаа тэмдэглэжээ.
Тэгвэл “Номин”-гийн сүлжээ дэлгүүрээр гэхэд өдөрт дунджаар 33 мянга, сард нэг сая гаруй иргэн худалдан авалт хийдэг байна. Өөрөөр хэлбэл, энэ зах зээлийн худалдан авагчдын тоо сард саяар хэмжигдэж байна. Тиймээс өдгөө өсөж буй энэ зах зээлийг шинэ тоглогчид ч сонирхож буй. Ингэснээр өдгөө идэвхжиж буй өрсөлдөөн улам ч ширүүсэх нь. Одоогоор хоёрыг Монголд нээгээд буй “Имарт”-ын сүлжээ ирэх жилүүдэд 30 салбар нээхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцээд “Макс” групп Нидерландын “Spar International” компанитай хамтран “SPAR” жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрийн салбарыг 2017 онд Монголд нээхээр болсноо мэдээлж байна. Түүнчлэн “Макс” групп нь сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг нь сүлжээ дэлгүүрийн өрсөлдөөнд давуу тал болох боломжтой аж.
Үүнээс гадна АНУ-ын “Circle K” сүлжээ дэлгүүр Монголд шинэ салбаруудаа нээхээр зэхэж байна. Энэхүү сүлжээ дэлгүүр нь дэлхийн 24 улсад жижиглэн худалдаа эрхэлдэг 12 мянга гаруй салбартай. “Circle K” сүлжээ дэлгүүрээс монголчууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна шинэхэн бэлтгэсэн хоол, кофе, өдөр тутмын сонин, автобусны билет, АТМ-ээс авах боломжтой бүхий л төрлийн үйлчилгээг нэгэн зэрэг авах юм.
Өдгөө өсөж буй энэ зах зээлийг шинэ тоглогчид ч сонирхож байна
Ийнхүү олон улсын сүлжээ дэлгүүрийн жишиг Монголд нутагшиж буйтай зэрэгцээд дотоодын тоглогчид ч гадаад зах зээлд салбараа нээлээ. Тухайлбал “Номин Холдинг” компани АНУ-ын Лос-Анжелес хотод шинэ салбараа нээгээд байгаа юм. Шил шилээ даран мэндлэх шинэ салбар, сүлжээ дэлгүүрүүд энэ зах зээлийн өнөөгийн өрсөлдөөнийг ширүүн болгох нь. Энэ хэрээр иргэд, худалдан авагчдад сонголт хийх боломж улам нэмэгдэхээр байна. Дэлхийн сүлжээ дэлгүүрийн зах зээлийн хандлагыг харвал хэд хэдэн нийтлэг шинж ажиглагдаж байгаа. Тухайлбал, томоохон дэлгүүрүүдээ олон улсад франчайз хэлбэрээр байгуулах хандлагатай байгаа.
Түүнчлэн үйл ажиллагааны стратегиа өөрчлөн, хамгийн хямд үнийг санал болгох онлайн худалдаа болон жижиг хэмжээний дэлгүүрүүдээ өргөжүүлэх бодлого баримталж байгаа юм. Үүнээс гадна жижиглэн худалдаатай зэрэгцээд газар тариалан болоод тахианы аж ахуй эрхэлж байна. Мөн үйл ажиллагаагаа илүү үр ашигтай зохион байгуулах замаар үнийг бууруулах, одоогийнхоос илүү ойр давтамжтайгаар хямдрал урамшуулал зарлах зэргээр худалдан авалтыг дэмжиж байгаа юм. Бас үйл ажиллагаагаа илүү нарийвчлан, хэсэгчлэх болов. Тодруулбал, зөвхөн органик бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүр нээх зэргээр ажиллаж байна. Мөн төлбөр тооцооны системийг хялбарчлахад ч анхаарах болжээ. МУИС-ийн Бизнесийн сургуулийн Худалдаа хөтөлбөрийн ахлах багш Ц.Цолмон “Үйлчилгээний чанар хамгийн чухал. Сонголт олон болно. Энэ хэрээр худалдан авагчид хооронд нь харьцуулна. Чөлөөлт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн түншлэл гүнзгийрэхийн хэрээр дахиад л сүлжээ дэлгүүрүүд нээгдэнэ. Өнөөгийн өрсөлдөөн улам ширүүснэ” хэмээн ярьж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй