Нийслэлийн “парламент”-ын даргыг томилж чадсангүй

Мэдээ


МАН-ын бүлгийн ажил гэр бүлийн хурал шиг болсон гэв

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг огцруулсан ч, дараагийн даргыг томилж чадахгүй арав гаруй хонолоо. Өчигдөр НИТХ хуралдан, уг асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авснаар дахин хойшлов. Өмнөх долоо хоногт болсон хуралдаанд мөн л тус намын бүлгийн завсарлагаар хойшилсныг эргэн сануулъя. Хуралдаанд нийслэлийн “парламент”-чид 91.1 хувийн ирцтэй ирсэн байсан ч МАН-ын бүлгийн хуралдааныг хүлээсээр товлосон цагаасаа хожимдож эхэлсэн юм. Цаг гаруй хугацаагаар хоцорч эхэлсэн хуралдаан арав хүрэхгүй минутын дараа МАН-ын бүлгийн завсарлагаар өндөрлөсөн нь энэ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун “Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчид нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг хэлэлцэж, ажил хэвийн үргэлжилж байгаа. Энд ганц биш хоёр хүний тухай ярьж байгаа учраас дахин завсарлага авлаа” гэж хэлээд гарч одсон юм. Харин ирэх даваа гарагийн хуралдаанд НИТХ-ын даргад өрсөлдөөд буй хоёр эрхмийн санал тэнцсэн тохиолдолд нэр дэвших үйл явц шинээр эхлэх аж.

• НИТ Х-ын даргад нэр дэвшээд буй С.Амарсайхан нэрээ татахгүй гэдгээ мэдэгдлээ.

• Ирэх даваа гарагийн хуралдаанд НИТ Х-ын даргад өрсөлдөж буй хоёр эрхмийн санал тэнцвэл нэр дэвших процесс шинээр эхлэнэ.

• Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлснөөс хойш нийслэлийн ажил хариуцах эзэнгүй орхигдсоор байна.

НИТХ аравдугаар сарын 05-н гэхэд арваннэгдүгээр хуралдаанаа хаах ёстой. Харин түүнээс өмнө нийслэлд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, нийгэм эдийн засгийн ажлын төлөвлөгөөгөө гаргах учиртай юм. Энэ дагуу ирэх жилийн төсвөө ч тодорхойлдог. Гэтэл өнгөрсөн сарын 22-нд Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлснөөс хойш нийслэлийн ажил хариуцах эзэнгүй орхигдсоор байна.

Уг нь хүйтний үе эхлэхээс өмнө агаарын бохирдол, гэр хорооллын гэрэлтүүлэг, зам засвар, гурван ээлжээр хичээллэж буй сургууль гээд ундарсан их ажлын шийдэл тэднийг хүлээж буй. НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “Өнгөрсөн жилийн нийслэлийн сонгуульд МАН “Аз жаргалтай Улаанбаатар” хотыг бий болгоно гэж амласан. Гэвч хэлсэн үгнээсээ буцаж, албан тушаалыг тэргүүнд тавьж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн тэрбээр нийслэлчүүдэд зориулж тасралтгүй бодлогоор хангаж ажиллах боломжийг цөөнх болох Ардчилсан намд эрх баригчид олгохгүй байгааг дурьдсан юм.

Харин НИТХ-ын даргад нэр дэвшээд буй С.Амарсайхан “Нийслэлийн МАН-ын бүлгийн хурал гэр бүлийн хурал шиг зохион байгуулалттай болжээ. Үүнийг зохих хэмжээнд ажиллуулж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ мэт нийслэлийг өмчилж, хэн дуртай нь шийдвэр гаргаж, дургүй бол гацаадаг дүр зураг хэвшил болоод байна” гэж хэллээ. Мөн тэрбээр бүх зүйл хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа тул нэрээ татахгүй гэдгээ мэдэгдэв.

САНАЛ БОЛГОХ