Шоколадны кафе ба органик амтны гайхамшиг
ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ
Шоколадны зах зээл энэ онд 60 тэрбум төгрөг давах төлөвтэй
Ер бусын тансаг үнэртэй шинэхэн амттаны чихэрлэг боловч зөөлөн амт хоёр араагаар дамжин тагнайд тулах нь юутай ч үл зүйрлэж зүрхлэх хосгүй амт. Хоолойгоор хэдийн давсан ч амт нь тэр даруй уусдаггүй Godiva. Чийглэг бөгөөд нарлаг Өмнөд Африк, Латин Америк, Малайз, индонезийн үржил шимт хөрсөнд бойжсон какаоны үр өрнөд Европын бөөрөнд амтат шоколад, тансаг амттан болж Монголд иржээ. Дэлхийн өнцөг булан бүрт үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй бүтик дэлгүүрийн отгон нь Шангри Ла моллд нээгдэж, дотоодын шоколадны зах зээлийн сэнтийд залрахаар айсуй. Хайр, хүндэтгэл гэх дээдийн дээд оршихуйг хамгийн тансаг амттанаар хачирлах шинэ соёлыг гараа дэлгээд угтмаар. ГЕГ-ын 2016 оны мэдээгээр манай улс нийт 708.1 мянган ам.долларын шоколад ба какао агуулсан хүнс импортолжээ.
Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар дотоодын шоколадны зах зээл 6.5 сая ам.доллар буюу 16 тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж буй аж. Жилээс жилд өргөжиж бас хэрэглээ нь өндөрсөж буй уг зах зээл үндсэндээ энэ жил 60 тэрбум төгрөг давах төлөв байна. Харин Бельгийн алдарт Godiva брэнд орж ирсэн нь уг зах зээлийн зэрэглэлийг ахиулж, шоколад хэрэглэх соёлыг түгээх бололтой. Godiva брэндийг дэлхийд өрсөлдөгчгүй гэдэг. Үндсэн болон бусад орц найрлагыг байгалийн түүхий эдээр хийсэн тансаг гэдгийг нь илтгэх нэг хэмжүүр. Хэдийгээр дэлхийн шоколадны зах зээлийн 0.5 хувийг байгалийн түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн эзэлдэг ч эрэлт өсөлттэй байгааг Олон улсын какаоны байгууллага мэдээлжээ. Энэ төлөв цаашид ч хадгалагдах аж.
Тэгвэл Godivaийн үнэлэмж нь байгалийн гаралтай түүхий эдээс гадна ширхэг бүрийг нь гар аргаар урлаж, нарийн горимын дагуу хэрэглэгчдэд шинэхэнээрээ хүрдэгт оршдог. Хүмүүс нэгэнт мөнгө төлж байгаа бол хамгийн дээд, тансаг амтыг мэдрэх ёстой гэсэн зарчим Godiva-д үйлчилдэг. “Бид гаалиас шоколадаа авахдаа элдэв хурц үнэртэй зүйлтэй очдоггүй. Мөн 12-18 хэмтэй, 50-70 хувийн чийгшилтэй орчинд тээвэрлэж, хадгалах горимыг чанд мөрддөг” хэмээн Таван богд группийн борлуулалт, маркетингийн менежер Ө.Цогзолмаа ярилаа.
Одоогоор Godivaийн дэлгүүрт граммаар борлуулдаг задгай шоколад гэхэд трюфель, какаоны найрлагатай карре гээд 40 орчим төрөл бий. Нэг ширхэг трюфель дунджаар 10-12 мянга, карре нь 3500, пранель буюу хатуу гадаргуутай нь 8-10 мянган төгрөгийн үнэтэй. Шоколадыг ийн задгайгаар борлуулж буй нь 91 жилийн түүхтэй Godivaийн шоколад хэрэглэх соёлд оруулсан хувь нэмрүүдийн нэг. Шоколадыг тусгайлан савлаж, дэлгүүрийн лангуун дээрээс борлуулдаг ойлголтыг эвдсэн хэлбэр. Нэг ёсондоо шоколадны кафе. “Энэ талаас нь харвал манай өрсөлдөгч кофе шопууд байж болох юм” хэмээн борлуулалтын менежер нь онцлов. гэхдээ одоогоор аль ч кофе шопуудад ийм тансаг зэрэглэлийн шоколадаар үйлчилдэггүй. Цэвэр шоколад кофе, цай, оргилуун болон хуурай дарстай гайхалтай зохицдог аж.
Харин цуглуулга нь олон сонголттой. сав, баглаа боодол, нэр төрлийн хувьд хамгийн төгс сонголт нь Gold цуглуулга. 15, 25, 32 ширхэгтэй нь 126,800-267,800 төгрөгийн үнэтэй. Мөн ээждээ болон ер нь эмэгтэйчүүдэд зориулан худалдан авах гэж буй бол Carres цуглуулга хамгийн тохиромжтойг эндэхийн мэргэжилтнүүд зөвлөв. Какаоны орц нь 5085 хувийн хооронд хэлбэлзэж буй гурван төрөл бүхий Carres-ийн үнэ 139,800 төгрөгөөс эхэлнэ. Carres-ийн сонгодог хэлбэр гэж бий. Какаоны цуглуулга нь сүүтэй шоколадаар баяжиж, төгс дөрвөлийг үүсгэсэн 60 ширхэгтэй, 228,800 төгрөгийн үнэтэй. Ажил хэргийн болон эрэгтэйчүүдэд зориулсан амттанд 75,800 төгрөгөөс үнийн гараагаа эхэлж буй трюфель цуглуулгыг санал болгодог аж. “Үнийг хэрхэн тогтоосон бэ” гэсэн асуултад Ө.Цогзолмаа “Хонконг дахь төвтэй адилхан үнэтэй. Энэ үнэ Ази даяар мөрддөг жишиг үнэ” хэмээв.
Тус дэлгүүрийн хамгийн үнэтэй цуглуулга нь улаан хамба хилэн даавуугаар хайрцгийг нь бүрсэн Luxury gift цуглуулга. 549,800 төгрөгийн үнэтэй энэ цуглуулга Carres, Gold, Trufflesийн бүх төрөл багтсан аж. Үүнээс гадна энэ сардаа багтаж Gold цуглуулгын шинэчилсэн хувилбар болох Gold Discovery-ийг оруулж ирэхээр төлөвлөж буйгаа тэд дуулгасан. Цуглуулгаа цоо шинэ төрлийн шоколадуудаар баяжуулснаараа Gold Discovery шинэлэг. Үндсэн нэр төрлөөс гадна кофе, мөхөөлдөс, халуун шоколад нь шоколадны кафены хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн. Албан ёсны нээлтээсээ бараг сарын өмнө үүдээ нээсэн Godiva шоколадны кафены хамгийн борлуулалттай бүтээгдэхүүнээр мөхөөлдөс шалгарсан байна. ирсэн хүн бүр дурлаж авдаг мөхөөлдөсний гол худалдан авагчид нь охид, залуу бүсгүйчүүд. Монголд төдийгүй Ази даяар мөхөөлдөстэй сельфигээ олон нийтийн сүлжээнд тавих нь шинэхэн, органик амтны бас нэг хачир болдог аж.
Монголын органик шоколадны зах зээлийг өөдрөг төсөөлжээ
Борлуулалт сайн байвал цаашид зөвхөн монголчуудад зориулсан амт бүхий тусгай жортой шоколад үйлдвэрлэх боломжтой аж. Япон л гэхэд өөрсдийнх нь дуртай ногоон цайны амттай бүтээгдэхүүн байдаг аж. Мэдээж улс орон бүр харилцан адилгүй амт таашаадаг. Европчууд самартайг илүү их худалдаж авдаг бол азиуд жимстэйд дурладаг байна. Монголчууд ч мөн бөөрөлзгөнийн үйрмэгтэй, жүржийн зөөлөн эдтэй пранель, маття ногоон цайны нунтагт үйрүүлсэн трюфелийг илүүтэй худалдан авдаг.
Монголчууд ихэнхдээ харах мэдрэхүйгээрээ сонголт хийх нь их байдаг. Тиймээс ч кафены үйлчлэгчид хэрэглэгчдэд таашаадаг амттанаа сонгоход нь дэмжлэг үзүүлэх хүндхэн үүрэг ногддог байна. Шоколадыг зөвхөн иддэггүй аж. Godivaг харж, үнэрлэж, сонсож, амталж мэдэрдэг байна. Шинэ шоколад харахад гялалздаг байна. Мөн хэлэн доороо удаан уусгаж идэх нь шоколадны гайхалтай амтыг мэдрэх хамгийн зөв хувилбар. Нээгдсэнээс хойших хөл хөдөлгөөн одоо л тогтуун болж байгаа тус кафегаар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь Godivaг мэддэг, гадаадад үйлчлүүлдэг, зарим нь VIP карттай зочид аж. Нээгдээд удаагүй ч тус дэлгүүр хэдийн байнгын үйлчлүүлэгчтэй болжээ.
Тиймээс ч үнэнч үйлчлүүлэгчдээ урамшуулахаар 10 хувийн хөнгөлөлттэй VIP карт гаргасан байна. VIP карт авах шалгуур нь гурван сар дарааллан 650 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийх. ийм эрхтэй үйлчлүүлэгчид мөн өөрийн төрсөн сард 20 хувийн хөнгөлөлт эдлэх давуу талтай юм. Борлуулалтын талаар компанийн төлөөлөгчөөс асуухад “Төлөвлөж байсны дагуу сайн байна. Органик шоколадны зах зээлийг өөдрөгөөр харж байна. Энэ онд багтаад дэлгүүрийн хоёр дахь салбараа нээнэ” хэмээсэн юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй