Хоёр хөршийг дулаацуулах бизнес

Би үйлдвэрлэгч


21 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр барина

Дулаалгын материалын зах зээлд 12 жилийн турш чулуун хөвөн үйлдвэрлэж буй Basaltwool группийн ерөнхий захирал Л.Ариунболдтой ярилцлаа. Тэрбээр дулаалгын бизнесийн хамгийн гол үнэ цэнэ нь технологи, ноу-хау-д оршиж байгааг онцолсон юм.

-Чулууг 1600 хэмд хайлуулж, дулаалгын хөвөн үйлдвэрлэж буй технологийг танилцуулахгүй юу. Базальт болон шилэн хөвөнгийн ялгаа нь юу вэ?
-Галт уулын чулуунаас хөвөн материал гаргах туршилтыг анх 1937 онд Дани улсын хоёр инженер хийсэн юм. Энэ туршилт амжилттай болж, Дэлхийн II дайны дараа ОХУ барилгын салбартаа, европчууд автомашины дулаалгын зах зээлд ашиглаж эхэлсэн. Энэ зах зээлд чулуун болон шилэн гэсэн хоёр төрлийн хөвөн үйлдвэрлэж байна.

Ялгаа нь, шилэн хөвөнг кварцийн элс, хаягдал шилнээс гаргаж авдаг. Материалын хувьд хөвсгөр, зөөлөн учраас дулаан уур амьсгалтай оронд илүү тохиромжтой. Харин чулуун хөвөн манайх шиг хүйтэн уур амьсгалтай оронд тохирдог. Энэ хоёр хөвөнгийн ялгааг зүйрлэвэл чулуун хөвөн ноолууран цамцтай, шилэн хөвөн синтетик материалтай адилхан гэхэд болно. Гэхдээ шилэн хөвөн муу материалтай гэсэн үг биш, дулаанаа удаан барьдаггүй учраас манайд тохиромжгүй гэсэн санаа.

-Таныг үйлдвэрээ өөрөө барьсан гэж сонссон. Та ямар мэргэжилтэй вэ?
-Би ОХУ-ын Свердловскийн политехникийн дээд сургуульд цахиурын ислийн эрдэс түүхий эдийг хайлах болон дулаанаар боловсруулах хими, технологийн инженер, механик мэргэжлээр сурч, дүүргэсэн. Гуравдугаар дамжаанд байхдаа шилэн лонх, машины шил, хавтгай шилний үйлдвэр, дараа жил нь эрдэс хөвөнгийн үйлдвэр, тавдугаар дамжаандаа цементийн үйлдвэрт дадлагажиж байлаа. Сургуулиа төгсөөд эх орондоо ирээд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахаар тухайн үеийн шаазан ваарны үйлдвэр, Налайхын шилний үйлдвэрийг их сонирхсон. 1990 оны үед хөгшин, залуугүй ганзагын наймаанд явж байхад би троллейбусны депод машины шилний үйлдвэр байгуулсан юм.Троллейбус, Лада, ЗИЛ-130, Москвич, УАЗ-469 гэх мэт машины бүх шилийг үйлдвэрлэсэн.

Гэвч 1996-1997 онд машины шилийг Хятад, Солонгос улсаас импортоор оруулж ирдэг болж, бизнес маань явцгүй болсон. Тиймээс Налайхын шилний үйлдвэрийг босгох талаар судалсан ч үнэндээ их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэг болсон. Түүнчлэн 1957 онд хятадуудын байгуулсан уг үйлдвэр тоног төхөөрөмжийн хувьд хэтэрхий хуучирсан байсан юм. Ингээд бодоход, 1957 оноос эхлэн монголчууд лонх, шаазан, тараг, ундааны шилээ өөрсдөө үйлдвэрлэж чаддаг байжээ. Гэтэл өнөөдөр гаднаас шилээ зөөж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбар урагшилсан уу, ухарсан уу гэдгийг харуулна.

-Чулуун хөвөнгийн үйлдвэрээ хэдэн онд байгуулсан бэ. Хэдий хэмжээний хөрөнгө шаардагдаж байв?
-Барилгын салбар 2000 оноос эрчимтэй хөгжиж, дулаалгын зах зээлд хөөсөнцөрийн үйлдвэрийг олноор байгуулсан. Тухайн үед 60 мянган ам.доллартай байхад л дунд зэргийн хөөсөнцөрийн үйлдвэр эсвэл Налайхын үйлдвэрийг түшиглээд шилэн хөвөнгийн үйлдвэр байгуулах боломж байсан. Гэхдээ дэлхийн хөгжлийн чиг хандлага нь эрдэс, түүхий эдийн гаралтай, эко, галд шатддаггүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц руу чиглэж байсан учир богино хугацаанд мөнгө олох бус удаан хугацаанд оршин тогтнох үйлдвэр байгуулж, алс ирээдүйгээ харсан бизнес эрхлэхийг зорьсон.

Тиймээс чулуун хөвөнгийн үйлдвэр байгуулахаар 2000 онд зориг шулуудсан юм. Орост сурч байхдаа ашиглаж байсан хуучин ном дэвтрээ сөхөж, багш нартайгаа зөвлөн, Герман болон Оросын туршлагыг судалсаар таван жилийг зарцуулсан байв. Үүний гурван жилд нь түүхий эдийн орд газраа хайж олох хайгуулийн ажил хийсэн. Сайн чанарын базальт Говь-Алтай, Өмнөговь, Булган, Сүхбаатар зэрэг аймагт олдоц ихтэй.

• Дулаалгын материалын хувьд Хятадын зах зээлд гарах бүрэн боломж байна.

• 6х7 хэмжээтэй байшин дулаалахад бүх зардал нь багтаад 3-5 сая төгрөг шаардлагатай.

• Одоогоор энэ зах зээлд 10-12 тэрбум төгрөг эргэлдэж байна. Ирээдүйд 40 тэрбумд хүргэх

Гэхдээ дэд бүтэцтэйгээ ойрхон байлгах үүднээс Багануурын орчимд маш сайн чанарын базальттай хоёр орд илрүүлсэн. Манай нэг орд гэхэд л 250 жилийн настай ба Орос, Хятадынхаас илүү чанартай. Үйлдвэр байгуулсан хөрөнгө 2005 оны ханшаар хоёр сая орчим ам.доллар болсон. Зээл хүсч, банкинд очиход надад банк итгээгүй. Арга ч үгүй биз. Хар чулуу барьчихаад тэрийгээ 1600 хэмд хайлуулж, дулааны хөвөн гаргаж авна гэхээр ямар банк итгэж, зээл олгох билээ.

-Дулаалгын материалын зах зээлд чулуун хөвөн хэр зэрэг эрэлттэй байна. Үйлдвэрийн хүчин чадал хэр вэ?
-2005 оноос хойш хөдөлмөрлөсний эцэст одоо л зах зээлд хөлөө олж эхэлж байна. Бидний хамгийн анхны төсөл “Цонжин болдог”-ийн бүтээн байгуулалт байв. Тал газарт байгаа төмөр хийц зуны улиралд халж, өвлийн цагт салхи сийгэнэ. Тиймээс аюулгүй байдал, дуу чимээний тусгаарлалт, дулаан хадгалах чадамж гээд бүх талаас нь бодолцож, дулаалга хийсэн. Дараа нь “Өргөө” кино театр, “Улаанбаатар их дэлгүүр”, “Рамада”, “Шангри-Ла” зочид буудал гэх мэт томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Нийслэлийн шугам хоолойд дулааны алдагдалгүй термобазальт хэмээх цоо шинэ технологи нэвтрүүлэхээр хоёр жилийн өмнө Оросоос ноу-хау-г худалдан авч оруулж ирсэн. Манайх үйлдвэртээ саяхан инновацийн шинэчлэл хийж, нэг цагт хоёр тонн, жилд 8000 тонн хүчин чадалтай болгосон. Бид бүтээгдэхүүндээ хамгийн багадаа 50 жилийн баталгаа өгдөг.

-Монголын зах зээлд танигдаад эхэлчихлээ. Бүтээгдэхүүнээ гадаад руу экспортлох судалгаа хийсэн үү?
-Сүүлийн гурван жилд Япон руу бүтээгдэхүүнээ экспортлохоор судалж байна. Одоогоор туршилтаар нэг контейнер бараа гаргалаа. Оны эцэст худалдааны гэрээ хийхээр эрмэлзэж байна. Манай бүтээгдэхүүн Японы чанар, стандарт, шаардлагыг бүрэн хангасан. Энэ бол бидний том даваа байсан. Түүнчлэн дулаалгын материалын хувьд Хятадын зах зээлд гарах бүрэн боломжтой гэж бодож байна. Учир нь хятадууд цэвэр базальт, экологийн чулуун хөвөнг хэрэглэх сонирхолтой болж байгаа.

-Танайхтай ижил төрлийн бизнес эрхэлж байгаа компаниуд байна уу. Энэ зах зээлд хэдий хэмжээний мөнгө эргэлддэг вэ?
-Дулаалгын материалын зах зээлд 60 тэрбум төгрөг эргэлдэж байна. Үүний 40-өөд тэрбумыг хөөсөнцөрийн зах зээл эзэлдэг. Хөөсөнцөр дулаан барих чадамж сайтай ч химийн гаралтай учраас байшингийн дулаалгад удаан насжилтгүй, галд шатамхай учир барилгын салбарынхан үүнээс татгалзаж эхэлсэн. Тухайлбал, саяхан хөөсөнцөрөөр дулаалсан байшин Лондонд юу ч үгүй шатсан хэрэг гарлаа. Мөн Орост ийм дулаалгатай ресторан шатаж, 120 хүн амь насаа алдсан. Хятадад CCTV-ийн байр шатсан учраас хөөсөнцөрийн дулаалгыг хориглох шийдвэрийг тус улс гаргачихлаа. Тиймээс Хятадад үйл ажиллагаа явуулж байсан хөөсөнцөрийн жижиг үйлдвэрүүд Монгол, Кыргызстан, Узбекистан зэрэг буурай оронд нүүгээд ирсэн. Одоогоор дотоодын зах зээлд манайх шиг үйлдвэр байхгүй. Гэхдээ Орос, Хятадаас чулуун хөвөн импортолж, зарж байгаа наймаачид бий.

-Гэр хорооллын айлууд байшингаа дулаалж чаддаггүйгээс дулаанаа алддаг. Дундаж хэмжээтэй байшин дулаалахад хэдий хэмжээний зардал шаардагдах вэ?
-Аялал жуулчлалын байгууллагад чулуун хөвөнгөөр гэр дулаалж үзсэн. Бас монгол гэрийн дээвэр, туурга дулаалах гэж туршсан. Гэхдээ чулуун хөвөнг олон дахин хэрэглэхэд жаахан түвэгтэй болчихоод байгаа юм. Гэр хорооллын айлуудын дийлэнх нь хашаандаа сайн, муу янз бүрийн байшинтай байдаг. Өвөл болохоор байшин хүйтэн болчихдог учир гэрээ барьдаг. Байшингаа сайтар дулаалчихвал гэрт амьдарч, их хэмжээний нүүрс түлэх шаардлагагүй болно. Миний тооцоолсноор 6х7 хэмжээтэй байшин дулаалахад бүх зардал нь ороод 3-5 сая төгрөг шаардлагатай.

-Танайх энэ зах зээлд ноёрхож байгаагийн хувьд хэдий хэмжээний мөнгө эргэлдүүлж байна. Цаашид хэдэн төгрөгт хүргэх боломжтой гэж харж байна вэ?
-Манай нэг метр куб бүтээгдэхүүний үнэ 145 мянган төгрөг. Харин манайхтай ижил төстэй хэмжээтэй хөөсөнцөр 155 мянган төгрөгийн ханштай. Чулуун хөвөн илүү хямд бас чанартай байхад компаниуд яагаад хөөсөнцөр сонгож байна гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Учир нь тэд хэзээ ч стандарт мөрдөггүй юм. Нэг метр кубд 35 кг түүхий эд орох стандарттай ч барилгын компаниуд 18-20 кг хөөсөнцөр шахчихдаг болохоор тэдэнд хэмнэлттэй байдаг. Бид чанар, стандартаар өрсөлдье гэхээр тэд орц, нормоо багасгачихдаг.

Гэхдээ 60 тэрбум төгрөгийн зах зээлд үндэсний үйлдвэрлэл манлайлах боломж байгаа. Манайх одоо 10-12 тэрбум төгрөгийн эргэлттэй байна. Гэхдээ дулаалгын зах зээлд 60 тэрбум төгрөгийн тухай ярьж байна шүү дээ. Манай зорилго бизнесэээ 40 тэрбумын эргэлттэй болгох. Тиймээс дөрвөн жилийн өмнөөс Итали улстай хамтран 21 мянган тоннын хүчин чадалтай бүрэн автомат шинэ үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монголд ийм хүчин чадалтай үйлдвэр байгуулвал энэ цэгээс 1800 радиусын зайнд бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Энэ нь ОХУ-ын Красноярск, БНХАУ-ын Хэбэй муж хүртэл юм.

САНАЛ БОЛГОХ