Агшиж буй киноны зах зээл

Кино


“Зүрхний хилэн” киног бүтээхэд тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

1867 оны гал туулай жил. Есөн эрүү, гав дөнгөнөөс мултарсан зургаан шилийн сайн эр монголчуудад зарахаар авчирсан их хэмжээний хар тамхийг устгаснаар манж амбаны хамгийн заналт дайсан болно. Тэдний олонх нь амь үрэгдсэн ч эцсийн дүндээ энэ нь монголчууд эрх чөлөөнийхөө төлөө нэгдэх эхлэл болсныг “Фантастик” продакшны “Зүрхний хилэн” кинонд харуулдаг. Тухайн үеийн Хүрээ хот, монголчуудын аж амьдралыг тун бодитоор дүрсэлсэн уг киног бүтээхэд тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Түүхэн орчныг цогцоор нь бүтээхэд бусад төрлийнхөөс 4-5 дахин их зардал шаарддаг аж. Манай уран бүтээлчид нэг кино бүтээхэд дунджаар 100 сая төгрөг зарцуулдаг гэсэн мэдээлэл бий.

Харин орлогын хувьд янз бүр. 2013-2015 оны хооронд дэлгэцнээ гарч буй дотоодын кинонуудын ашиг орлогыг олон нийтэд мэдээлдэг байв. Тухайн үед “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 731 сая төгрөгийн орлогоор тэргүүлж байлаа. Гэвч сүүлийн үед урлагийн энэ салбар бага багаар агшиж байна. Өнгөрсөн жил манайд 40 гаруй дотоодын кино нээлтээ хийсэн. 2016 оны есдүгээр сард “Өргөө” кино театрт 13 кино үзэгчдэд анх удаа хүрсний дөнгөж тав нь монгол уран бүтээлчдийнх байв. Харин өнгөрсөн сард дөрвөн монгол кино нээлтээ хийжээ. Ийнхүү дотоодын кино болон түүнийг бүтээгчдийн тоо аажмаар буурсаар. Өдгөө манайд кино бүтээж буй продакшнууд гарын арван хуруунд багтахаар болсон нь цөөнгүй шалтгаантай. Зарим кино хэдийгээр хэдэн зуун саяар хэмжигдэх орлого олдог ч бүтээгчид нь түүнээс чамлахаар хувь авдаг.

Тухайн киног дэлгэцэнд гаргасны төлбөрт кино театруудад орлогынхоо 50 хувийг өгдөг. 100 сая төгрөгийн тасалбар борлууллаа гэхэд 50 сая нь кино театрын ашиг болно. Мөн нэмүү өртгийн албан татварын 10 хувь төлнө. “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир “Кино театрууд орлогын тал хувийг авдаг байлаа гэхэд ядаж киноны зохиогчийн эрхийг хамгаалдаг болмоор байна. Манайх жижиг зах зээлтэй учраас НӨАТ зэрэг олон татварыг бууруулахгүй бол уран бүтээлчид хөдөлмөрийнхөө үр дүнд маш бага ашиг хүртэж байна. Хэрэв үүнийг өөрчилбөл уран бүтээлчид дараагийн кинондоо илүү их хөрөнгө зарцуулж, улам сайн кино хийхийг хичээнэ. Гэвч үүнийг зохицуулах хууль байхгүй учраас эцэггүй хүүхдүүд шиг хайхрах хүнгүй болчихоод байна” гэв. “Содура”, “Барьцаа 007” киноны найруулагч Б.Жаргалсайхан “Ихэнх уран бүтээлчид киногоо хийхийн тулд зээл авдаг.

Тиймээс зээлийнхээ хугацаанд баригдаад өдөр, хоногтой уралдан байж богино хугацаанд дуусгах нь бий” хэмээн учирлав. Мөн кино театрууд танхимын суудлын тал нь дүүрээгүй, эсвэл тасалбар хямдарсан өдрүүдэд үзэгчид суудлын 30 хувьд хүрэхгүй бол татан буулгадаг аж. Кино салбарын хөгжлийг доош нь чангааж буй бас нэгэн хүчин зүйл бол зохиогчийн эрхийн хулгай. Кино театр эсвэл Iptv-ээр гарсан киног бичиж, хямд диск дээр хуулж тараах явдал буурахгүй байна.

• Кино театрууд танхимын суудлын тал нь дүүрээгүй, эсвэл тасалбар хямдарсан өдрүүдэд үзэгчид суудлын 30 хувьд хүрэхгүй бол татан буулгадаг.

• Киног хууль бусаар олшруулан зарахад Зөрчлийн тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон торгохоос өөр арга хэмжээ авдаггүй.

• “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 731 сая төгрөгийн орлогоор тэргүүлж байв.

Тухайлбал, 2014 оноос хойш 10 гаруй кино бүтээсэн “Фантастик” продакшны бүтээл бүрт зохиогчийн эрхтэй холбоотой зөрчил 50-100 удаа гарч байсан гэхэд итгэхэд бэрх. Киног хууль бусаар олшруулан зарахад Зөрчлийн тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон торгохоос өөр арга хэмжээ авдаггүй байна. Кино урлагийг бодлогоор дэмжсэнээр улс орноо бусдад эерэгээр сурталчилж буй олон орон бий.

Тухайлбал, урд хөршийн кино урлагийн салбар сүүлийн гурван жилд эрчимтэй өсөж, дэлхийн кино урлагийн томоохон тоглогчдын нэг боллоо. Тус улсын хамгийн том кино компани “Алибаба Пикчер” 8.77 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Хятадууд жилд бүтээдэг киноныхоо тоогоор гуравдугаарт, тасалбарын борлуулалтын тоогоор хоёрдугаарт жагсаж буй. Тус улсад гаднын бүтээлүүдэд хязгаар тавьснаар дотоодын кино нь зах зээлийн 55 хувийг эзэлж байгаа юм. Харин Өмнөд Солонгост үндэсний киног тухайн кино театр жилд хамгийн багадаа 73 удаа гаргах шаардлага тавьдаг байна.

Мөн ОХУ-д кино урлагт хөрөнгө оруулсан компаниудыг татвараас тодорхой хувиар чөлөөлдөг аж. Эдгээр орнууд кино урлагийн салбарыг хуульчилж, зохицуулалттай болгосноор ашиг шимийг нь хүртэж, эдийн засгаа тэтгэж байна. Харин манайд ашиг олох эсэх нь баталгаагүй энэ салбарт татвар, татаас улам дарамт болж буйг уран бүтээлчид хэлж байна. Нэг удаа эрсдэл гаргаад кино хийсэн бүтээлчид орлогынхоо талаас дээш хувийг бусдад өгдөг тул дахин кино хийх урам нь хугардаг. Тиймээс Монголын кино урлагт залуу уран бүтээлчид хөл тавихад эдийн засгийн хөшүүрэг, хуулийн зохицуулалт үгүйлэгдэж байна.


САНАЛ БОЛГОХ