Өвлийн бэлтгэл шалгасан анхны цас
Замын халтиргаанаас болж тээврийн хэрэгслүүд “гулгаж тоглоод” эхэллээ
Өнгөрсөн бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орох замын дөрвөн замын уулзвар дээр хоёр суудлын автомашин тоормосоо гишгэсэн боловч хар мөр татуулан явсаар өөд өөдөөсөө мөргөлдөв. Суудлын тэрэгнүүдийн хамар чихэгдэж, жолоочийн талын хаалга хуу татагдсан ч азаар хүний амь эрсдээгүй юм. Тэгвэл тус амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зам, тээврийн ослоор 22 хүн гэмтэж, гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Замын цагдаагийн албанд 760 гаруй дуудлага бүртгэгдсэнээс 580 нь зам тээврийн осол байв. Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхгэрэл “Өдөрт дунджаар 300-400 орчим дуудлага бүртгэгддэг.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд цас, бороо холилдон орж, авто замын гадаргууд халтиргаа үүссэнээс зам тээврийн ослын дуудлага нэмэгдсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт цас их хэмжээгээр орж, үзэгдэх орчин харагдахгүй болсноос гурван хүний амь нас эрсэдсэн зам тээврийн осол гарсан. Тиймээс зөвхөн Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийн нийт иргэд тээврийн хэрэгслийнхээ дугуй, тос, маслоо шалгаж, аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай” гэв. Хоёрхон хоног цас хялмаа-лахад авто замын гадаргууд халтиргаа үүсэж, зам тээврийн ослын дуудлага нэмэгдэж, эрдэнэт хүний амь нас эрсдэж байна. Уг нь хүйтний эрч чангарахаас урьтаж нийслэл, орон нутгийн удирдлагууд өвлийн бэлтгэлээ хангах учиртай.
Гэвч энэ удаа төр засгийн тогтворгүй байдлаас болж бэлтгэл ажил оройтож байгаа бололтой. Нийслэл өвөлдөө бэлэн, эсэх талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад “Нийслэл хотын эрчим хүчний эх үүсвэрийн бэлтгэл 90, магистраль шугамуудын засвар 95 хувьтай байна. Мөн нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон харьяа газруудын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Харин нийслэлийн есөн дүүргийн хувьд 80 гаруй хувьтай бэлтгэлээ базаасан” гэв.
Мөн тэрбээр цас, мөсний халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх элс, давс болон тусгай зориулалтын бодисын 86 хувийг нөөцлөөд буйг дуулгасан юм. 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажилд төсөвлөгдсөн санхүүжилтийн дагуу давсны 1900, тусгай зориулалтын бодисын 1700 гаруй тоннын нөөцтэйгээр энэ өвлийг давахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын дулааны эх үүсвэр, инженерийн байгууламжийн өвөлжилтийн бэлтгэл ажилд 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 95 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Хоёр хоногт 22 хүн гэмтэж, гурван хүн амь насаа алдсан байна
Харин бэлтгэл ажлыг хангахад хэчнээн төгрөг зарцуулж байгаа талаар огт дурдсангүй. Түүний тайлбарласнаар энэ жил өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан гэж үзэж байгаа аж. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд ирсэн зам, тээврийн ослын мэдээ өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж буй, эсэхэд эргэлзэхэд хүргэв. Ганцхан удаа цас хялмаалан ороход ингэж сандарч байгаа улс өвлийн их цаснаар яах бол гэж бодохоос айдас төрнө. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг холбогдох албаныхан шалгах тул хүний нүд хуурахааргүй, бэлтгэлээ сайн хангасан гэх талархууштай мэдээ дуулгана гэж найдья.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй