Монголд 850 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Мэдээ


Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага Монгол Улсад анхны сайн дурын гишүүн илгээсний 25 жилийн ой өнгөрсөн баасан гарагт тохиолоо. “Жайка” нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор техник, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн тусламж үзүүлдэг олон улсын байгууллага. 1992 оны дөрөвдүгээр сард анхны сайн дурын хоёр гишүүн томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл нийт 652 сайн дурын гишүүн илгээгджээ. Өдгөө Монгол Улсад техник, боловсрол, хөгжлийн сургалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг Жайка-гийн Токио дахь төвийн Зүүн болон Төв Азийн газрын дарга Като Тошинобу хэлэв. Мөн тэрбээр Монгол Улсад инженер техникийн сайн мэргэжилтэн бэлтгэх нь чухал.

Тиймээс энэ тал дээр цаашид илүү анхаарч хамтарч ажиллахаа дуулгасан юм. Энэ үеэр анхны сайн дурын хоёр гишүүн болон Монгол, Японы төлөөлөгчид хүрэлцэн ирж, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө талаар хэлэлцээ. “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми “Монгол Улстай 10 жилийн өмнөөс агаарын бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлж, хамтарч ажилласан. Ирэх оны нэгдүгээр сард төслийн гурав дахь үе шат буюу судалгаа, шинжилгээний ажил эхэлнэ” гэв. Мөн шинэ онгоцны буудлыг ашиглалтад оруулах болон мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх аж. Үүнээс гадна хоёр улсын их, дээд сургуулийн харилцаа холбоо болон хүний нөөцийг чадавхжуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тус байгууллагаас Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг дуулгав.

Өдгөө дэлхийн 80 улсад үйл ажиллагаа явуулж буй “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас өнгөрсөн 25 жилийн хугацаанд 660 сайн дурын гишүүн Монголд ажиллажээ. Одоогийн байдлаар “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллага Улаанбаатар хот болон орон нутгийн 16 аймагт эрүүл мэнд, боловсрол, спортын салбарт хамтран ажиллаж байна.


САНАЛ БОЛГОХ