Yahoo: 2013 онд гурван тэрбум хэрэглэгчийнхээ мэдээллийг хакердуулсан

Мэдээ

“Yahoo” компани 2013 онд хакердуулах үедээ бүх хэрэглэгчийнхээ буюу нийт гурван тэрбум хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсанаа мэдэгдлээ. Энэ нь тус компанийн өмнө нь өгсөн тоон мэдээллээс гурав дахин их дүн болж байна. Хэдий тийм боловч түүхэн дэх хамгийн том хакерын хэрэг гэгдэж буй энэхүү цахим халдлагын үеэр алдагдсан мэдээлэл дотор хэрэглэгчийн төлбөрийн карт болон банкны дансны мэдээлэл багтаагүй гэдгийг тус компани онцолсон байна. "Yahoo" компанийн сүлжээ халдлагад өртсөн шалтгаан нь нэвтрэхэд хялбар нууцлал ашигласан, шаардлагатай тогтмол шинэчлэлийг хийдэггүй байсантай холбоотой гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Энэ мэдээлэлтэй холбогдуулан “Yahoo”-ийн эсрэг зарга үүсгэгчдийн тоо олширч магадгүй байна.

Тус компанитай холбоотой 40 гаруй хавтаст хэргийг АНУ-ын шүүхийн байгууллагууд шалгаж байгаа ажээ. “Yahoo” компани 2013 онд хакеруудын гарт нэг тэрбум гаруй хэрэглэгчийн мэдээлэл алдсан гэж өнгөрсөн 12 дугаар сард мэдээлж байсан юм. Энэхүү хэргээс болж "Verizon" компани “Yahoo”-тай хийсэн хэлцлийнхээ үеэр интернет бизнесийг нь худалдаж авах үнийн саналаа 350 сая ам.доллараар бууруулж байжээ.




САНАЛ БОЛГОХ