Төсөөлөл өөрчлөгдөж, төлөв сэргэлээ

Хөрөнгө оруулалт


Дэлхийн банк: Монголын эдийн засаг сайжрах төлөвтэй байна

Дэлхийн банк жилд хоёр удаа Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм гаргадаг. Вашингтонд төвтэй тус банк энэ оны хоёр дахь тоймоо танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийг энэ онд 2.8, ирэх жил 3.1 хувиар өснө гэж таамагласнаа ээлжит тайландаа тэмдэглэжээ. Хагас жилийн өмнө танилцуулсан ДНБ-ий төсөөлөл өөрчлөгдөж, эдийн засаг сайжрах төлөвтэй байна. Энэ нь ОУВС- гийн дэвшүүлсэн таамгаас 0.8 нэгжээр илүү байв. Дэлхийн банкны энэхүү мэдэгдлээс 10 гаруй хоногийн өмнө Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийн төсөөллийг мөн танилцуулсан юм.

“Азийн хөгжлийн төлөв” тайланд манай улсын эдийн засгийг 2017 онд дөрвөн хувиар өснө гэж таамагласан билээ. Экспортын 88 хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэх хүлээлт өндөр байна. Тэрчлэн тээврийн салбарт өсөлт гарахаар байгааг Дэлхийн банк ээлжит тоймдоо дурджээ. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь өсөлтийн гол шалтгааны нэг болж байна. Үүнээс гадна нүүрсний экспортын орлого нэмэгдсэн нь нөхцөл байдлыг улам дээрдүүлжээ. Азийн хөгжлийн банк эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт үргэлжлэх боломжтойг мэдэгдсэн. Тэгвэл Дэлхийн банк урт хугацааны хүндрэлийг даван туулах боломж гарч байгааг тодотгосон юм.

Төсвийн өндөр алдагдлаа хумих шаардлагатайг санууллаа
Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт өмнө нь төсөөлж байсантай харьцуулахад энэ удаад өндөр гарчээ. БНХАУ-ын ДНБ-ий өсөлт ч ялгаагүй таамагласнаас хавьгүй илүү буюу 6.7 хувьтай байна. Энэ нь бүс нутгийн ерөнхий төлөвийг нааштай болгож буй үзүүлэлт юм. Манай улсын гадаад худалдааны 65 хувийг эзлэх Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны түвшинд хэвээр байх нь. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёр дахь том эдийн засагт хүчтэй өөрчлөлт энэ жил ажиглагдахгүй аж.

Харин 2018 онд эдийн засгийн өсөлт нь ялимгүй удааширч, 6.4 хувь болж буурах төлөвтэй байна. Өмнөд хөршид хөрөнгө оруулалтаас дотоодын хэрэглээ рүү чиглэсэн шилжилт үргэлжилж буй. Энэ нь дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлт тогтворжих, бодит өсөлт бий болоход нөлөөлөх аж. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв сайжирч, бүс нутгийн эдийн засгуудын дотоод эрэлт нэмэгдэж байна. Ялангуяа, хөгжиж буй орнуудын эдийн засгийн төлөв байдал эерэг байна хэмээн Дэлхийн банк бүс нутгийн шинэ тайландаа онцолжээ. Мөн хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, түүхий эдийн үнэ сэргэж байгаа нь бүс нутгийн хэмжээнд 6.7 хувийн өсөлт гарах угтал болж байна.

Гэвч зарим хөгжингүй орнуудын эдийн засгийн бодлого тодорхойгүй хэвээр байгаа нь эрсдэл болж мэдэхээр байгааг Дэлхийн банк анхаарууллаа. АНУ болон евро бүс мөнгөний бодлогоо төсөөлж байснаас илүү хурдан чангаруулах магадлалтайг Дэлхийн банкны тоймд өгүүлжээ. Бүс нутгийн улс орнуудад төсвийн алдагдал өндөр төдийгүй хувийн хэвшлийн өр их хэвээр. Уг ангилалд Монгол Улс багтаж буй. Манай улсын Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл энэ оны наймдугаар сарын байдлаар 19.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 73.8 хувьтай тэнцэж байна. Дэлхийн банкны зүгээс төсвийн өндөр алдагдлаа хумих шаардлагатайг байнга сануулж буй. Гадаад худалдаа идэвхжиж, бүс нутагт өсөлт үргэлжлэх боловч өрийн хямрал зарим улсад нүүрлэсэн хэвээр байна.

САНАЛ БОЛГОХ