У.Хүрэлсүх итгэл даана

Засгийн газар


Сүүлийн 10 жилд ЗГ-ын тэргүүнд гаднаас томилогдсон хоёр дахь хүн болж байна

Арав хоногийн өмнө Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох эрхээ намынхаа Бага хурлаас авсан У.Хүрэлсүхийг өчигдөр парламентаар албан ёсоор баталгаажуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар гэдгийг энд тодотгоё.  Монгол Улсын Ерөнхий сайдуудаас 2007 оноос хойших үеийг тооцвол нэг ч эрхэм 100 хувийн дэмжлэгийг парламентаас авч байсангүй. Тодруулбал, 2007 онд С.Баяр  Монгол Улсын Ерөнхий сайд болохдоо хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувийн санал авч байжээ.

Харин Сү.Батболд 93.9, Н.Алтанхуяг 72.4, Ч.Сайханбилэг 95.5, Ж.Эрдэнэбат 97.1 хувийн дэмжлэгийг УИХ-аас авч байв. Мөн тэрбээр С.Баяраас хойших Ерөнхий сайдуудаас анх удаа парламентын гаднаас томилогдож байгаа нь сүүлийн 10 жилийн бас нэгэн шинэ үзүүлэлт болж байна. Гэхдээ УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд нийт 47 гишүүн оролцсон бөгөөд өмнөх Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүдийн дийлэнх нь танхимд орж ирээгүй юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэгдсэн чуулганаас өмнө болсон манын бүлгийн хуралдааны үеэр шинэ Засгийн газрын сайд нарын томилгоон дээр санал нэгдээгүйтэй холбоотой аж. Эндээс харахад, хуралдаанд оролцсон ардчилсан намын найман гишүүн болон хоёр бие даагчийн кноп У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход том дэмжлэг боллоо.


Яг өнөөдрийн тухайд тэр өөрөө нийгмийн захиалга

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлаарх танилцуулгыг хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийсэн бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийг Н.Энхболд уншсан юм. Шинэ Ерөнхий сайд тодрох бүрт монголчууд зоригтой, шийдэмгий, хурдтай ажиллаасай гэж хүсдэг. Тэгвэл У.Хүрэлсүх дээрх хүлээлттэй нийцүүлэхийн зэрэгцээ нэмээд хатуу гараар “үзнэ” гэдгээ илэрхийлж байв. Түүнийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, О.Баасанхүү багш нарын цалинг нэмэх, бондын өрийг хэрхэн дарах, валютын нөөцийг яаж нэмэгдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэхийг нь асуусан юм. Харин У.Хүрэлсүх “Би багш хүний зовлонг сайн мэднэ. Миний эхнэр цэцэрлэгийн багшаас ажлын гараагаа эхэлсэн. Манай гэр бүл цэцэрлэгийн багшийн цалингаар амьдарч байсан. Би өмнө нь хэлсэн. Ирэх онд багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй.

Харагддаг шигээ хатуу чанга гараар шударга ёсыг тогтоохыг хүлээж байна
Харин 2019 оноос цалин нэмэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн ОУВС-тай цалин нэмэхгүй гэж тохиролцсон. Бид цаашид багш, эмч нарын цалинг нэмэх чиглэлээр судлах хэрэгтэй. Мөн тэтгэврийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах ёстой” гэлээ.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болохоос нь өмнө захиас хэлэх гишүүн ч цөөнгүй байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хувийн хэвшлээ айлгахгүй, дарамтлахгүй Засгийн газар байхыг хүссэн юм. Харин З.Нарантуяагийн хувьд төмөр замын тээвэрлэлт, хил гаалийн нэвтрүүлэх чадвар болон бусад асуудалд санаа тавиарай хэмээв. Тэгвэл Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Гаднаас томилогдож байгаа тул ерөнхий чиг үүргийн яамдын сайдаа парламентаас сонгоорой” гэсэн юм. У.Хүрэлсүхийн улс төрийн түүх 1990 оноос эхтэй. Гэхдээ улс төрийн нэгдүгээр эгнээнд гарч ирсэн цаг үе нь 2000 оноос гэж хэлж болох юм. Харин энэ хугацаанд хэд хэдэн Засгийн газарт салбарын сайд хийсэн туршлагатай. Түүний тэргүүлэх шинэ Засгийн газарт өөрчилж, шинэчлэх зүйл чамгүй олон ч хамгийн түрүүнд харагддаг шигээ хатуу чанга гараар шударга ёсыг тогтоох гэсэн хүлээлт.

Мөн Ерөнхий сайдын танхимаа хэнээр, хэрхэн бүрдүүлэхийг анхааралтай ажиглаж байна. Товчхондоо түүнд “шилмэл бригад” хэрэгтэй юм. Харин ирдэг буцдаг ээлжит нэгэн Засгийн газар бус ирээдүйд улс төр цэвэрших, улсаараа сайхан явах суурийг цутгах, замыг цэвэрлэх тийм Засгийн газар байгуулах зориг У.Хүрэлсүхээс л гарах магадлалтай. У.Хүрэлсүх бол армийн хүн. Тиймдээ ч төрд бугшсан идээ бээр, болж бүтэхгүй бүхнийг цэргийн хүний ёсоор таслан хаяж, сахилга бат тогтоож чадах болов уу гэсэн олон нийтийн хүлээлт байна. Товчхондоо, яг өнөөдрийн тухайд тэр өөрөө нийгмийн захиалга болоод буй. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа тэрбээр УИХ-ын чуулганы индэр дээрээс үг хэлэхдээ “надад айдас алга”, “манай багаас хууль бус зүйл битгий хүсээрэй”, “би шударга цомхон төртэй байхыг илүүд үзнэ” гэх мэт огцом хатуу үгнүүд хэлсэн нь намын шахаа, мөнгөний нөлөөнд автахгүй ажиллаж чадах найдвар төрүүлж байна.


САНАЛ БОЛГОХ