ГХЯ: Евразийн Эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар судална

Мэдээ

Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцож байна. Евразийн Эдийн засгийн холбоонд ОХУ, Казахстан, Беларусь, Кыргыз, Армен зэрэг таван улс багтдаг. Эдгээр улс руу Монголоос хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн экспортлоход 15-25 хувийн гаалийн татвар, 12-20 хувийн нэмүү өртгийн татвар төлдөг байна. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбооны хамтарсан бизнес форум энэ асуудалд анхаарлаа хандууллаа. Монголын бизнес эрхлэгчид Евразийн холбоо руу бараа, бүтээгдэхүүн гаргахад учирч байгаа тарифын бус хязгаарлалтуудыг хөнгөлөх сонирхолтой байгаа юм.

Тарифын бус хязгаарлалт гэдэгт гаалийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, гаалийн үзлэгийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг асуудал багтаж байна. Тухайлбал, Монголд хийсэн гаалийн үзлэгийг ОХУ-ын тал давтан хийхгүй байх зэрэг боломжууд байна гэж чуулганы үеэр талууд хэлэлцлээ. Түүнчлэн дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техникийн зохицуулалт, эрүүл ахуйн зэрэг салбаруудтай хамтран ажиллах боломжтой гэж үзэв. Ингэснээр Евразийн Эдийн засгийн холбооны зах зээлд гаргах экспортыг нэмэгдүүлэх боломжтой юм байна. Монгол Улс одоогоор зөвхөн Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад байгаа юм. Мөн БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал яриа хэлэлцээний түвшинд явагдаж байна.




САНАЛ БОЛГОХ