Ганхах эрхгүй Засгийн газар
Засгийн газар
“Энгийн” үйл явц нь эдийн засагт үлэмж хэмжээний эрсдэл үүсгэдэг
УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудалтай бүлэг байгуулсан МАН сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газраа 14 сарын дараа татан буулгаж, хоёр дахь засгаа эмхлэн байгуулахаар зэхэж байна. УИХ-аас 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилсон ч тус намын бүлгийн зарим гишүүн нэгдсэн байр суурьт хүрээгүй байгааг тодотгосон юм. Ингэснээр нэг нам парламентад үнэмлэхүй олонх болсноор улс төрийн тогтвортой байдал батжина гэсэн таамгийг өнгөрсөн есдүгээр сард эрх баригчид өөрсдөө эвдсэн. Улс төрийн тогтворгүй орчин бий болгож, Засгийн газраараа “тоглох” нь хэнд ашигтай хувилбар вэ. Үүний цаана эрх мэдлийн төлөөх “тулаан” өрнөж, энэ хэрээр олон улсын санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын нэр хүнд уруудаж байдаг гэдгийг бодлого тодорхойлогчид төдийгүй ард түмэн ч мэддэг болоод удаж байна.
Тухайлбал, 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах үед ам.долларын ханш ганц cap хүрэхгүй хугацаанд 100 орчим төгрөгөөр чангарч, 1900 төгрөгт дөхсөн байдаг. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарах тусам манай эдийн засаг “сульдаж” байдаг юм. Энэ үед зөвхөн ам.долларын өсөлтөөс болж 48 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн гэсэн тоо баримт бий. Харин өнгөрсөн есдүгээр сард мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын кабинетыг огцруулах үед олон улсын санхүүгийн зах зээл дээрх Монголоор овоглосон бондуудын ханшид өөрчлөлт гарсан юм. Тухайлбал, Засгийн газар огцорсны дараа олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын “Хуралдай” бондын ханш буурч, уналт нь гурван долоо хоног дараалан үргэлжлэв. Ингэснээр өнгөрсөн сарын 6-нд 114 нэгжээр илэрхийлэгдэж байсан “Хуралдай” бондын ханш уруудсаар өнгөрсөн сарын эцэст 112.46 нэгжид хүртлээ буурчээ.
Энэ хугацаанд тус бондын өгөөж 0.26 хувиар өсөж, 6.37 хувьд хүрсэн байна. Үүнээс гадна таван жилийн хугацаатай “Чингис” бондын өгөөж 2.30- 2.43 хувь болтлоо өсчээ. Харин арван жилийн хугацаатай бондын өгөөжийн түвшин 0.2 хувиар дээшилж, 5.72 хувьд хүрсэн юм. Угтаа бол олон улсын зах зээлд АНУ-ын үнэт цаасны өгөөж буурч, үүнийг даган Монгол Улсын гадаад зах зээл дэх бондын өгөөж Засгийн газрын хувьд таатай түвшинд хадгалагдаж байсан юм. Гэвч Монгол Улсын гүйцэтгэх засаглалын савлагааг дагаад бондын ханш болоод өгөөж хэлбэлзсэн нь энэ. Олон улсын шинжээчдийн таамаглаж буйгаар энэ удаад Монгол Улс 50 орчим сая ам.долларын алдагдал хүлээжээ.
Гэхдээ бодит тоогоор илэрхийлэх боломжгүй эрсдэл ч бий. Тухайлбал, намрын саруудад бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны оргил үе байдаг. Энэ оны гүйцэтгэлээ дүгнэхээр зэхэж, ирэх жилийн төлөвлөлт хийдэг. Гэвч энэ жил улс төрийн тогтворгүй орчноос үүдэн бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, харзнах төлөвт шилжив. Үүнээс үүдэн хэдий хэмжээний алдагдал хүлээж байгааг тооцох гаргах сонирхол улстөрчдөд алга. Засгийн газар огцрох нь парламентын засаглалтай улс орнуудад байдаг л зүйл хэмээн зөвтгөх хүн цөөнгүй бий. Энэ бол хэдхэн албан тушаалтныг нэгийг нь нөгөөгөөр нь солих улс төрийн үйл явц хэмээн үздэг.
Гэвч үнэн хэрэгтээ улс төрийн энэхүү “энгийн” үйл явц нь эдийн засагт үлэмж хэмжээний эрсдэл үүсгэж байгааг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлууд болоод үүний үр дагавар болох дээрх тоо баримтууд хангалттай харуулж байгаа юм. Эдийн засгийг дэмжинэ, эх орноо хөгжүүлнэ хэмээн амлалт өгдөг улстөрчид ийнхүү хөгжлийг чөдөрлөгч, басхүү эдийн засгийн “алуурчин” болж хувираад байна. Нөгөөтэйгүүр, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтвортой орчин амласан эрх баригчдын барьцгүй тоглолт мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулснаар дуусгавар болно гэж найдъя.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй