Орлогын “луужин” уналт зааж байна

Түүхий эд

Бодит таамгаар сангийн бодлогоо тодорхойлох нь чухал

Энэ оныг өсөлттэй угтсан уул уурхайн түүхий эдүүд жилийн эцсийг уналттай үдэж магадгүй байна. Монгол Улсад хамаатай тавааруудын ханш гуравдугаар улирлаас эхлэн уруудлаа. Хэдхэн сарын өмнө 7000 ам.долларт дөхөж байсан зэсийн ханш л гэхэд бараг 500 ам.доллараар буурчээ. Лондоны металлын биржид пүрэв гарагт тонн зэсийн ханш 6521 ам.доллартай тэнцэж байна. Зэсээс гадна нүүрс, алт гээд олон улсын зах зээлийг өнгөлж байсан таваарын ханш уналаа. Арав гаруй сарын дээд цэгт хүрч байсан алтны ханш өдгөө зургаан долоо хоногт доод цэгт хэлбэлзэж явна. Угаас таваарын ханшид өсөлт, уналт ээлжилдэг нь зах зээлийн хууль. Уг нь өнгөрсөн онд ёроолын цэгт хүрч байсан зэс, нүүрс, газрын тос зэрэг түүхий эдийн ханш энэ онд эргэн өссөн. Үнэ болон экспорт дээшилснээс үүдэн уул уурхайн компаниудын санхүүгийн чадавх тэр хэрээр сайжирч, олон салбарыг өсөлтөөр тэтгэсэн юм.

Гэвч энэ оны эхэн болон дунд үеийг эерэгээр үдсэн таваарын ханшийн муруй өдгөө уруудах чиглэлд шилжчихээд байна. Тэгвэл энэ оны эцэс болон ирэх онд хаашаа чиглэх бол. Олон улсын байгууллага болон шинжээчдийн таамгийг тандъя. 2017 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсын нийт экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй кoксжих нүүрсний ханш энэ онд үнийн мөчлөгөөр гурван удаа өндөр өссөн. Энэ онд тус металлын ханшид байгалийн гамшиг, дэлхийн геополитикийн нөхцөл байдал нөлөөлж, үнийн өсөлтийг өдөөсөн юм. Харин ирэх онд нүүрсний үнийг өсгөх үндсэн нөхцөлүүд тун бүүдгэр байна. Энэ зах зээлийн гол худалдан авагч болох Хятад улс нүүрснээс татгалзаж, нүүр бууруулах бодлого хэрэгжүүлж буй нь ханшийн төлөвт сүүдэр дагуулж байгаа. Тиймээс шинжээчид урт хугацаанд нүүрсний үнийн төлөвийг сөргөөр үнэлж буй. Энэ онд дунджаар 150 ам.долларт хэлбэлзэж буй коксжих нүүрсний ханш ирэх жилд буурч, 100 ам.долларт хүрнэ гэж CITI групп тооцоолсон. Тэгвэл “FocusEconomics”- ийн шинжээчид ханшийг энэ оны төгсгөл гэхэд тогтворжиж, ирэх онд 133 ам.долларт хэлбэлзэх таамаг дэвшүүлжээ.

Энэ оныг өсөлттэй угтсан түүхий эдүүд жилийн эцсийг уналттай үдэж магадгүй
Ингэснээр хориг, хар салхи зэрэг гэнэтийн хүчин зүйлийн нөлөөгөөр дээшилсэн нүүрсний ханшийн “хөөс” хагарч, өсөлтийн мөчлөг төгсөж магадгүй нь. Хэрэв энэ таамаг ёсоор дэлхийн нүүрсний зах зээлийн “луужин” уналтын зүг заавал Монгол Улс ч энэ онд олсон их хэмжээний орлогоо ирэх онд хүртэхэд амаргүй болно гэсэн үг. Нүүрснээс гадна Монголын эдийн засагт үлэмж нөлөөтэй зэсийн ханшийг анхаарах нь зүйтэй. Учир нь есдүгээр сарын эхээр 6970 ам.доллар хүртлээ чангарсан зэсийн ханш суларч эхэллээ. Гэхдээ энэ нь гэнэтийн уналт гэхээсээ илүү шинжээчдийн таамагласан үр дүн. 2017 болон 2018 онд зэсийн ханш 6000 ам.доллараас доош хадгалагдана гэж олон улсын шинжээчдийн олонх таамагласан. Дэлхийн банкны шинжээчид гэхэд 2018 онд зэсийн ханш 5838 ам.долларт хэлбэлзэнэ гэж өнгөрсөн долдугаар сарын тоймдоо дурджээ. Зэсийн зах зээлийг жолоодогч БНХАУ-аас сайнгүй мэдээ ирж байгаа.

Тус улсын эрэлт алгуур атлаа тогтвортой буурч буй нь ханш хадгалагдахад хүргэж байна. Өнгөрсөн саруудад зэсийн ханшийг өдөөсөн Хятадын зарим салбарын эерэг байдал удаан үргэлжлэхгүй. Улмаар ирэх саруудад зэсийн ханш суларна гэж “Macquarie”-ийн шинжээчид дүгнэсэн бол “Barclays” ч үүнтэй адил таамаг дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, зэсийн ханш өнгөрсөн саруудынх шиг өндөр өсөхгүйг шинжээчдийн таамаг баталж байгаа юм. Монголын эдийн засаг болон төсвийн өнгийг тодорхойлдог зэсийн зах зээлээс сайнгүй дохио ирж байна. Тэрчлэн үнэт металлын зах зээлд эргэлзээ үүсээд байна.

Улс хоорондын харилцаа, АНУ-ын мөнгөний бодлогын нөлөөгөөр алтны ханш савлаж байгаа. Олон улсын хэмжээнд геополитикийн эрсдэл хурцадсаар байгаа энэ үед алтны ханшийг таамаглахад улам түвэгтэй болж буйг шинжээчид сануулж байна. Олон улсад өрнөж буй үйл явдалтай зэрэгцээд алтны ханшид үлэмж нөлөөтэй АНУ- ын мөнгөний бодлого тойрсон тодорхойгүй байдал эргэлзээ дагууллаа. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ-ын санхүү сэргэж, суурь үзүүлэлтүүд зорилтот түвшиндээ хүрээд буй.

• Олон улсад бодлогын жанжин шугам болдог гол шинжээчдийн таамгийг ажвал манай экспортын үндсэн түүхий эдүүдийн ханш лав л өндөр өсөлтөөр бэлэг барихгүй байх нь.

• Энэ онд зэсийн уналтыг нөхөж байсан түүхий эдүүдийн дийлэнх нь эргээд унах бүүдгэр таамаг давамгайлж байна.

• Олон улсын шинжээчид бүүдгэр төлөв танилцуулсаар байхад Монгол Улс төсвийн бодлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, өрийн дарамтаа өсгөж байсан.

Үүнээс үүдэн Холбооны нөөцийн банкны бодлого тодорхойлогчид хямралын эдийн засагт зориулсан мөнгөний бодлогоо эцэслэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. Иймд мөнгөний бодлогын хүүгээ алгуур нэмж, ам.долларын урсгалыг татна гэдгээ мэдэгдээд байна. Долларын урсгал саарахын хэрээр үнэ нь өснө. Ингэснээр ам.доллартай урвуу хамааралтай алтны ханш сулрах эрсдэл бийг санах хэрэгтэй. Алтны ханш тойрсон эргэлзээнээс үүдээд шинжээчдийн таамаг ч зөрүүтэй байна. Нэг хэсэг нь унци алт 1200 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байхад нөгөө нь 1400 ам.доллараар үнэлж байх жишээтэй. Тухайлбал, “Bank of America Merrill Lynch”-ийн шинжээчид алтны ханш 2018 оны эхэн үед 1400 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. Харин Дэлхийн банк үүнээс бага буюу 1200 ам.доллараар үнэлсэн байна.

Эдгээр гол таваараас гадна Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх орлого нь нэмэгдэж буй газрын тос, төмрийн хүдэр, цайрыг мартаж болохгүй. Дэлхийн банкны таамгаар газрын тосноос бусад түүхий эдийн ханш буурахаар байна. Газрын тосны ханш ирэх онд 60 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй. Харин энэ онд өссөн цайрын ханш ирэх онд уруудаж, 2750 ам.доллараас 2600-д хүрнэ. Төмрийн хүдэр ч энэ оны дундаж ханшаас 10 ам.доллараар суларч, 55 ам.долларт хүрэхээр байна. Цайр, төмрийн хүдэр зэрэг зарим түүхий эдийн ханш өссөн нь зэсийн үнийн уналтыг нөхсөн гэдгийг Сангийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл энэ онд зэсийн уналтыг нөхөж байсан түүхий эдүүдийн дийлэнх нь эргээд унах бүүдгэр таамаг давамгайлж байна. Эцэст нь, олон улсад бодлогын жанжин шугам болдог гол шинжээчдийн таамгийг ажвал манай экспортын гол түүхий эдүүдийн ханш өндөр өсөлтөөр бэлэг барихгүй байх нь. Харин ч ханш унаж, төсөв, санхүүд харанга дэгдээж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, манай орлогын “луужин” уналт зааж байна.

Тиймээс бодлого тодорхойлогчид ч энэ онд гарсан шиг үнэ болон орлогын өсөлтийг ирэх оноос хүлээх хэрэггүй гэдгийг санхүүгийн шинжээчдийн таамаг сануулж байна. Ялангуяа, улсын төсвийг дахин өргөн барьж, хэлэлцэхээр хүлээгдэж буй энэ үед хөрсөнд буусан, бодит таамгаар ирэх оны сангийн бодлогоо тодорхойлох нь чухал. Өмнөх жилүүдэд олон улсын шинжээчид бүүдгэр төлөв танилцуулсаар байхад Монгол Улс төсөв, сангийн бодлогоо хэт өөдрөг, гэгээн төсөөллөөр боловсруулж, төсвийн алдагдал, өрийн дарамтаа өсгөж байсан бараан түүх бий. Иймд ханшийн уналтыг тооцоолж, хөрсөнд буусан төсвийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байна.


САНАЛ БОЛГОХ