Бид тэднийг хөөгөөгүй-1

Судлаачийн үг


“Хайран сайхан зөвлөлт ах нар” хэмээн уянгалуулан дуу алдагсдад зориулсан түүхэн үнэн. Зөвлөлтийн цэргийг Монголоос хөөж гаргасан буруутнаар ардчилсан хүчнийхнийг тодруулан, тэр арга барилаараа МАН-ыг сонгуульд ялуулr ирсэн түүх рүү хариу тайлбар өгч энэхүү нийтлэлийг бичлээ. 1970-аад онд Хятадын маоистууд тэр үеийн СССР-ийн эсрэг хийрхэл дэгдээхдээ, “Гурван ертөнцийн онол” гэгчийн бүдүүвчлэл зохиомжилсон. Үүнд СССР-ийн социал-империализм бол нэгдүгээр ертөнцийн “Хоёр хэт их гүрний” хамгийн аюултай заналт дайсан нь хэмээн гүтгэснээс энэ түүх эхэлдэг. Стратегийн хүчний тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд Хятад- АНУ-ЗСБНХУ-ын гурвалжин дотор Хятад улс тэр хоёрын алинтай нь ч холбоотон болохгүй хэмээн Дэн Сяопин байнга мэдэгдэж байв. Улмаар Зөвлөлттэй харилцаагаа хэвийн болгох үйл явцын гараа зөвхөн жанжлалын эсрэг тэмцлийн байр сууринаас эхэлнэ гэж хатуу тогтсон юм. Өөрөөр хэлбэл, Хятад эргэн тойрондоо таатай орчин бүрдүүлсэн тохиолдолд харилцаа хэвийн болно. Тэгж хэвийн болгоогүй цагт хөдлөхгүй гэсэн санаа байв.

Тэр үеийн БНМАУ- аас Зөвлөлтийн цэргийг гаргах шаардлагыг Хятадын дээд удирдагчдаас 1978 онд ХКН-ын Төв Хорооны дарга, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Хуа Гофэн анх илээр тавьж, Төв хорооны Бүгд хурлын илтгэлдээ дурдаж байв. Дэн Сяопиний энэ хатуу заалт ХКН-ын XII Их хурлаар (1982 он) сайшаагдаж, 1980-аад оны турш олон үе шаттай явагдсан Зөвлөлт- Хятадын улс төрийн зөвлөлдөх уулзалтын явцад “Гурван харш саад” хэмээх болзлыг хятадууд улиг болтол мөрдөнө чинээ тэр үедээ хэн ч төсөөлөөгүй.

Тэрхүү харш саад нь нэгдүгээрт, Хятадтай залгаа хилийн дагуу Зөвлөлтийн цэргийг 1964 оны өмнөх түвшинд хүртэл хорогдуулах байв. Харин хоёрдугаарт, Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах, эцэст нь Камбожаас Вьетнамын цэргийг гаргуулах зэрэг хөндүүр сэдвүүд байсан. Гэхдээ үүн дээр дөрөв дэх харш саад нэмэгдэж Афганистанаас Зөвлөлтийн цэргийг гаргах болов. Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны төвийн захирал Хуань Сян 1984 онд Бээжин дэх Зөвлөлтийн ЭСЯ- ны Элчин зөвлөхтэй уулзахдаа, “Гурван харш саад” гэдэг нь Хятадыг гурван талаас нь бүсэлсэн байдлыг хэлж буй тухай Зөвлөлтийн талд ягштал ойлгуулсан юм. Ийм зогсонги үед М.С.Горбачевоос Владивостокт (1986 он), Красноряарскт (1988 он) дэвшүүлсэн энх тайвны цогцолбор санаачилгын үзэл санаа Азид “Хүйтэн дайн”-ыг эцэслүүлэх шинэ уриа дуудлага болон цууриатжээ.

Тэрээр “Өөрчлөн байгуулалт ба шинэ сэтгэлгээ: Манай оронд болон дэлхий дахинд” номдоо Хятадын “Дөрвөн шинэчлэл”-ийг анх удаа өөдрөгөөр үнэлэн дүгнэсэн байлаа. Тухайлбал, аугаа их социалист Хятадтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг сэргээж “Дөрвөн шинэчлэл”-ийн үр шимийг түүндээ ашиглахыг уриалсан нь БНХАУ-ын эрх баригчдын анхаарлыг зүй ёсоор татсан юм. Тухайлбал, 1987 онд Дэн Сяопин Японы Социалист намын Төв гүйцэтгэх хорооны дарга хатагтай Т.Доитой уулзахдаа, нас өндөр болсон учраас хилийн чанадад ямар нэг айлчлал хийх гэж төлөвлөөгүй байв.

Гэвч Зөвлөлтийн ямар ч газар, тэр ч байтугай Москва орж М.С.Горбачевтой дуртайяа уулзахад бэлэн байна гэж мэдэгдсэн юм. Харин энэ нь дэлхий нийтийг гайхашруулж байлаа. ХКН-ын XIII Их хуралд бэлтгэх асуудлаар Бэйдайхэд зөвлөлдөх үед “Хонконгийг Хятадад нэгдэхийг хүлээе гэсэн ч нас дээр гарчээ. Харин Хятад-Зөвлөлтийн харилцаа хэвийн болох үйл явцыг гэрчлэгч, оролцогч байхыг хүсч буй” тухай түүний яриа гадаадын хэвлэлүүдэд цухалзав. Эдгээр ярианаас гадныхан элдэв таамаглал дэвшүүлж, Хятад-Зөвлөлт дээд хэмжээнд уулзах боломжтой төдийгүй шаардлагатай гэдэг асуудлыг Дэн Сяопин гаргаж тавих нь гэж урьдчилан дүгнэж байлаа. ЗСБНХУ-тай харилцаагаа сайжруулах боломжийг эрэлхийлж Хятадын талаас гуравдагч этгээдээр Москва руу аман мэндчилгээ уламжлах зэргээр нөгөө талаас санаачилга гаргаж байжээ. Тухайлбал, Румыны Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСРУ-ын Ерөнхийлөгч Н.Чаушеску ийм зуучийн үүргийг идэвхтэй (1982 он, 1985 он) гүйцэтгэжээ.

Зөвлөлтийн энх тайванч санаачилгын тусгал Монголыг мөн тойрч гараагүй
1985 онд Дэн Сяопин, Чаушеску нарын уулзалтаар, хэрэв Камбожаас Вьетнамын цэргийг гаргуулвал өтөл 80 насыг үл харгалзан Москвад очиж М.С.Горбачевтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэгэхдээ ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан мөн ийм илгээлтийг Москва руу уламжилсан. “Элчин сайдын зочин” нэрээр ГХЯ-ны чиглэлийн газрын дарга нар М.С.Капица, Юй Хунлян нарыг харилцан томилж, яриа хэлэлцээ эхлүүлэх асуудлаар тандалт хийж байсан нь шат ахиж, дэд сайд Л.Ф.Ильичев, Ван Юпин нарын хооронд тасарсан хэлэлцээ сэргэж, 1982-1988 он дуустал үргэлжилжээ. 1988 оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дугаар чуулганы индрээс М.С.Горбачев энх тайванч шинэ санаачилга дэвшүүлэхдээ зэвсэгт хүчнийг үлэмж хорогдуулна гэж зарлажээ.

Түүний дотор Монголоос цэргээ гаргана гэдгээ анх удаа ил зарласан юм. М.С.Горбачев ийнхүү гүйлгээ ухаанаар буулт хийхдээ Монголыг орхиж (Монголоор “шатрын хүү” хийх сонирхолгүй гэсэн санаа) Бээжин рүү хандсан ба юуны өмнө Хятадын талаас удаа дараа тулган шаардсан “Гурван харш саад” гэгч болзлыг хүлээн авсан юм. Тэрбээр 1989 оны хавар түүхэн айлчлалаа хийхээсээ өмнө сайн санааны урьдчилгаа алхам болгож Бээжингээс мянгаадхан километр (Дорноговь аймгийг хэлж байна- Зох) зайд байрлах Зөвлөлтийн их цэргийг гэдрэг татаж гаргасан байх явдал гэж хатуу үзсэн байв. Зөвлөлтийн удирдагч НҮБ-д үг хэлэхээс өмнөхөн БНХАУ-ын Гадаад явдлын сайд Цянь Цичэнь 1988 оны арваннэгдүгээр сард Москвад айлчлах үедээ “Гурван харш саад” гэгч болзлоо яриа хэлэлцээнээс татаж авснаа нотолсон юм.

Харин Зөвлөлт-Хятадын хэлэлцээний 12 дахь уулзалтаар зөвхөн Камбожийн асуудлыг хэлэлцэв. Зөвлөлт-Хятадын дээд хэмжээний уулзалт 1989 оны эхний хагаст болно гэдгийг Цянь Цичэнийн айлчлалын өмнөхөн БНХАУ-ын Ерөнхий сайд Жао Зыян нийтэд зарлав. 1989 онд ЗСБНХУ-ын Гадаад явдлын сайд Э.Шевардназе Хятадад айлчилж, С.М.Горбачевын айлчлалын тов, дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрийг нарийвчлан тохиролцов. Зөвлөлтийн тал нутаг дэвсгэрийнхээ дорнод хэсэгт цэргээ 200 мянгаар өмнөд хэсэгт (тэр үеийн Дундад Ази) 60 мянгаар хорогдуулж, БНМАУ-д түр байрлаж буй цэргийнхээ дөрөвний гурван хувийг хоёр жилийн дотор гаргахаа зарлав.

БНХАУ нь 1985-1987 онд зэвсэгт хүчнээ нэг сая хүнээр хорогдуулсан ба мөн хагас сая цэргийг албанаас нь халахаар зарласан зэрэг урьдчилгаа харилцан буулт Зөвлөлтийн Гадаад хэргийн сайдын айлчлалын өмнө хийгдсэн байлаа. Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж, Хятадын удирдагч Дэн Сяопин: Хятад-Зөвлөлтийн харилцааг сайжруулахад саад болох учир шалтгаан байхгүй гэж мэдэгдэв. Э.Шевардназег дагалдан Бээжинд айлчилсан, уг айлчлалын халуун мөрөөр явсан Зөвлөлтийн ГЯЯ-ны орлогч сайд И.Рогачев (хожим Бээжинд ОХУ-ын Элчин сайдаар удтал ажилласан) Монголд ажлын айлчлал хийсэн. Тэгэхдээ НҮБ-ын индрээс М.С.Горбачевын дэвшүүлсэн тэрхүү энх тайванч санаачилгыг Монголын удирдлагад мэдээлжээ. Тэрбээр Ц.Гомбосүрэн, Д.Ёндон зэрэг БНМАУ-ын ГЯЯ-ны удирдлагатай хэлэлцээ хийхдээ Зөвлөлтийн цэрэг гаргах асуудлыг нухацтай ярилцсан юм.

Энэ тухайгаа ч “Ази, Номхон далайн бүс нутгийн асуудлаар хоёр талын Гадаад явдлын яамдын харилцан ажиллах тухай төлөвлөгөө”- нд тусгав. Зөвлөлтийн дипломатч ноён И.Рогачев Монголын сэтгүүлчдэд “Бусдын нутаг дэвсгэрт гадаадын цэрэг байхтай холбогдсон Зөвлөлт Холбоот Улсын зарчмын байр суурь нь аливаа цэрэг гагцхүү үндэснийхээ хил хязгаарын дотор байх ёстой гэдэгт оршиж байна. Бидний ам ажил зөрдөггүй хэмээн тов тодорхой мэдэгдээд, зарим тоо баримтыг дурдсан. Үүнд Зөвлөлтийн цэргийн ихээхэн хэсгийг буюу 75 хувийг гаргаж, Монгол дахь нисэх хүчний бүх нэгтгэл ангиудаа татан буулгана хэмээн ярив. Ингэхдээ БНМАУ-ын Засгийн газартай хамгийн нягт зохицон хэрэгжүүлнэ гэж ярьж байхад би тэр түүхэн хуралд сууж байсан амьд гэрч болсон юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дугаар чуулганы индрээс М.С.Горбачевын дэвшүүлсэн энхийн уриа дуудлага нь Варшавын гэрээний холбоотон орнууд ба Монгол Улсад шууд тусгалаа олж улс бүр зэвсэгт хүчин, зэвсэглэлээ хорогдуулах алхмуудыг уралдан хийж эхэлсэн билээ. ЗСБНХУ тэр үед Афганистанаас цэргээ бүрмөсөн гаргаж дууссан, зэвсэгт хүчнээ 12 хувиар буюу хагас сая хүнээр багасгаж эхэлсэн байв. Үүнд Европт 240 мянга, Азид 200, Төв Азид 60 мянгааар хорогдуулж, ингэснээр батлан хамгаалах төсвөө 14.2 хувь, цэргийн үйлдвэрлэлээ 19.5 хувиар хэмнэхээр шийдсэн юм. Социалист орнууд энх тайванч энэ санаачилгад нэгдэхдээ Польш, Унгар, Ардчилсан Герман, Болгар, Чехословак, Румын нь бие бүрэлдэхүүнийх цэрэг, дивиз, анги нэтгэлийг татан буулгаж, цэргийн зардлаа улсын төсөвт багасгаж, зэвсэглэл танк, их буу, флотоос төдөн хөлөг онгоцуудаа хасав гэхчлэн олон алхам хийжээ. Варшавын гэрээний холбоотон орнуудын дээрх нааштай алхам, Зөвлөлтийн энх тайванч санаачилгын тусгал Монголыг мөн тойрч гараагүй.

Монголчууд бид зөвхөн Зөвлөлтийн цэргийг үдэж мордуулчихаад зүгээр сууж байсан гэвэл эндүүрэл болох тул тэр үеийн Батлан хамгаалахын сайд Ж.Ёндонгийн хэлснээс эшлэх нь зүйтэй байх. 1989 оны гуравдугаар сард сайд Ж.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл хийхэд би байлцсан тул баримтаасаа дэлгэе. Тэрбээр “БНМАУ зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг 1989-1990 онд багтаан 13 мянгаар цөөрүүлэх, байлдааны авто машин 1000, гинжит болон хуягт машин 90, байлдааны 18 нисэх онгоцыг зэвсэглэлээс хасахаа зарлажээ. Ингэснээр манай улсын цэргийн зардал 11 хувиар багасаж, Монголын арми дахь Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүдийг нэлээд цөөрүүлэх болсон юм. Нэгэнтээ манай бүс нутагт энх тайван, аюулгүй байдал бэхжих алхам хийгдэж, хоёр хөрш харилцаагаа сайжруулах нь гарцаагүй болж, гаднаа дайсангүй болсон тул, нөгөө талаас Варшавын гэрээний цэргийн хориглон хамгаалах шинэ номлолтой нийцүүлэн, Монголын Ардын армийг ийнхүү хоргодуулснаа хурандаа генерал Ж.Ёндон тайлбарлаж байв. 1988 онд ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчид “Зөвлөлтийн зэвсэгт хүчнийг болон батлан хамгаалах зардлыг 1989-1990 онд хорогдуулах тухай” том тогтоол баталж, тогтоолын дагуу цэргийн бие бүрэлдэхүүнээ хагас сая хүнээр цөөлөх, улсын төсвөөс батлан хамгаалах зардлыг үлэмж хэмжээгээр хорогдуулахаар заасан юм.

М.С.Горбачев Британид айлчилж байхдаа хэлсэн үгэндээ, тухайн цагт Зөвлөлтийн зэвсэгт хүчин, тэнгисийн цэргийн флотод дөрвөн сая 258 мянган цэргийн албан хаагч байжээ. Энэ тоо Хятадынхаас нэг саяар илүү, АНУ-ынхаас хоёр дахин их байв. Эрүүл ухаанаар төсөөлөөд үзэхэд олон улсын харилцааны уур амьсгал нь цэргийн хэт давуу нүсэр байдлаа орхихыг СССР-т тулгасан юм.

Тэгэхээс ч өөр аргагүй болсон, хэрэв эсрэгээр явбал олон улсын харилцаа сайжрахгүй, цэрэг зэвсэглэлд СССР-ийн улсын төсөв тэр чигтээ хөвсөөр байх, үүнээс улбаалан Зөвлөлтийн ард түмний аж байдал сайжрахгүй. Харин хохирогч нь өөрсдөө болно гэдгийг сайтар ухаарч цэргээ хорогдуулъя гэдэг дээр Москва эргэлт буцалтгүй болсон байв. 1955 онд цэргээ 640 мянгаар, 1956 онд 1.8 саяар, 1960 онд 1.2 саяар хорогдуулж байсан туршлага ч байлаа. Азийн хэсэг, Алс Дорнодод хорогдуулах 200 мянган цэргийн 120 мянга нь БНМАУ, Зөвлөлт-Хятадын хил орчимд цөөрүүлэх бие бүрэлдэхүүнийг хорогдуулна гэсэн төлөвлөгөөг ЗСБНХУ-ын БХЯ хэрэгжүүлжээ. Үүнд 12 дивиз, нисэх хүчний 11 дивиз, зэвсэглэлээс хасах 16 хөлөг онгоц, 436 дунд болон ойр тусгалтай пуужинг 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хорогдуулж устгасан юм.

Энэ лут төлөвлөгөөний хүрээнд Монгол дахь цэргийн бүрэлдэхүүнийг татах асуудал тусгагдсан юм билээ. ТАСС-ын тэр үеийн “Согласно графику” гэсэн нэгэн мэдээг орчуулж буулгая. Зөвлөлт Засгийн газраас шийдвэрлэсэн болон Варшавын гэрээний Байгууллагын гишүүн улсууд, мөн БНМАУ-ын Засгийн газартай тохиролцсоны дагуу БНМАУ дахь Зөвлөлтийн цэргийн бүлгээс 1989 онд гаргахаар төлөвлөсөн анги нэгтгэлүүдийг гаргаж дуусав. БНМАУ-д байрлаж буй цэргийн бүлгийн бие бүрэлдэхүүний тоо 50320 хүнээр хасагдав. Мөн 3118 танк, 768 их буу, 351 байлдааны нисэх онгоцыг гаргав. Түүнчлэн БНМАУ-аас цэргийн анги нэгтгэлүүдийг гаргах ажил 1990 онд үргэлжилнэ гэсэн байв. Эндээс ганцхан дүгнэлт хийе. Монголчууд, ялангуяа ардчилсан хүчнийхэн тус улсын цэргийг өдөр шөнөгүй хөөж туугаад, тэр үеийн МАХН ганцаараа тэднийг өмгөөлж хамгаалаад байж уу. Эрүүлээр логиктой сэтгээд үзээрэй!


САНАЛ БОЛГОХ